Д.Нямдаш: Миний хөгжимчид хамгийн үнэ цэнэтэй нь

Б.Болор-Эрдэнэ


Улсын филармонийн удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаштай ярилцлаа.

-Удирдаачийн үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү. Удирдаачийн урлаг хэзээнээс үүссэн бэ?

-Оркестр гэдэг нэг том баг байна шүү дээ. 70-80 гаруй хүнтэй. Зарим нь 100 бүр 1000 хүнтэй ч тоглодог үе байна. Ойлгомжтойгоор тайлбарлавал, багийн спорт шиг. Түүнд дасгалжуулагч хашгираад, зангаад, тийшээ дамжуул, ийшээ дамжуул гээд л хэлдэг. Харин хөгжим дээр би тэдэн шиг хашгираад байж болохгүй. Тэгэхээр удирдаач дохиураараа бүх юмаа илэрхийлдэг. Бүх зүйлсийг нь сануулж, хөтөлж явуулна гэсэн үг. Ерөнхийдөө ансамблийг зангидахын тулд удирдаач заавал хэрэгтэй байдаг. Хөгжимчин бүрийн урд нот байгаа, тэр нь өөр өөрсдийнх нь тоглох нот. Нот бүр нь өөр өөр. Тэр хөгжимчдийг нэгтгэхийн тулд удирдаач байгаа юм. Өөрөөр хэлбэл, багийн спортоор бол дасгалжуулагч гэсэн үг. Удирдаачдын анхан шатны суурь зүйл нь хөдөлгөөн байдаг. Хамгийн эхний шаардлага нь гэж ойлгож болно. Хөгжимчдөд ойлгомжтой байх ёстой. Ойлгомжгүй хөдөлгөөн хийвэл ансамблиа эвдэж орхино шүү дээ. Замын цагдаа нар хөдөлгөөнд зохицуулалт хийгээд гараа өргөөд, буулгаад л байдаг. Түүнийг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс, жолооч нар хараад ойлгодог. Удирдаач бас яг тэдэн шиг хөгжимчиддөө ойлгомжтой байх ёстой. Эгшиглэж буй хөгжмийн хэмжээ, хэмнэл зэргийг илэрхийлэх хөдөлгөөнүүд байдаг. Удирдаачийн урлаг хөгжөөд 200 гаруй жил болсон. Анхандаа удирдаач байхгүй, концертмейстр нь дохиж эхлүүлдэг байсан гэдэг. Гэтэл хөгжмийн бүрэлдэхүүн нь жил ирэх тусам томроод, өргөссөн. 20 хүн байхад учраа олоод тоглодог байсан бол 30, 40 болоод ирэхээр яалт ч үгүй нэг нь тэнд зогсоод удирдаж явуулах шаардлага бий болж таарна биз дээ. Тэгээд л удирдаачийн урлаг үүссэн түүхтэй юм билээ. Харин манай Улсын филармонийн оркестр 60 жил боллоо. Нэгэн жарныг элээлээ шүү дээ. Тэгэхээр энэ олон жил хамтарч ажилласан хөгжимчид бие биеэ мэдрэхгүй гээд яах юм бэ. Бас өөрийн гэсэн өнгө төрх, үнэт зүйлстэй болсон. 

-Удирдаач Н.Туулайхүү “Залуу удирдаач байдаггүй. Нас тогтож, туршлагажиж байж л удирдаач болдог” хэмээн ярьж байсан. Нээрэн бодоход бас тийм байдаг. Харин та хэзээнээс удирдаач болсон юм бэ?

-Би арав гаруй жил болж байна. Удирдаач угаасаа туршлагаар олж авдаг мэргэжил. Ер нь бүх мэргэжилд л туршлага хэрэгтэй байдаг байх. Гэхдээ удирдаач олон жил болох тусмаа л туршлага өөртөө хуримтлуулж, эзэмшдэг мэргэжил. Яван чангардаг гэх үү дээ. Спортод залуу насандаа хамаг хүч чадал бүх зүйлээ дайчилж, амжилт үзүүлдэг. Харин нас тогтоод ирэхээрээ зодог тайлах шаардлагатай болдог бол удирдаач яг түүний эсрэг. Нас тогтож ирээд илүү их амжилт үзүүлэх нь элбэг. Эрдэмтэд ч гэсэн залуу насандаа хамаг судалгаа шинжилгээгээ хийж дуусгах шаардлагатай шүү дээ. Харин бидний мэргэжил  дадлагажиж, туршлагаар чанарждаг.

-Удирдаач болохоосоо өмнө та хаана ажиллаж байсан юм бэ?

-Урлагийн сургуулиудад багшилдаг байлаа. Хөгжмийн онолын хичээл заадаг байсан юм. Анх Улсын филармонид 2006 онд орсон. Дундуур нь Дуурийн театрт гурван жил ажилласан. Тэгээд буцаад ирсэн дээ. 

-Дуурь, симфони найрал хөгжим удирдах нь ялгаатай байх. Тийм үү?

-Их өөр. Энэ хоёр асар ялгаатай урлаг. Симфони бол дан хөгжим. Заримдаа хоортой симфониуд байдаг. Тэдгээрийг нэгтгэх ажлыг  бид хийдэг. Театрын хөгжим болохоор дуучид, хоорыг дагалдаж явдаг. Театрт симфони оркестр, хоор, найрал дуу, гоцлол дуучдыг удирдана. Тэр тайзан дээр болж буй үйл явдал, хөгжим, гоцлол, хоор дуучдыг нэгтгэж удирддаг. 

-Та багаасаа л улирдаач болно гэж мөрөөддөг байсан уу?

-Үгүй ээ. Би арай л өөр мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Хөгжим энэ тэр гэж айхтар мөрөөдөж явсангүй. Аав, ээж ч намайг ингэ тэг гэж байгаагүй. Тооны талын мэргэжлүүд л яригддаг байсан даа.

-Тэгээд та яаж яваад урлагийн хүн болов оо?

-Хөгжим бүжигт шалгуулаад лимбэ хөгжмийн ангид орсон. Сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Цэргээс ирээд  СУИС-д  хөгжмийн онолын анги шинээр нээгдэж суралцаж төгссөн. Тэгээд л шууд хөгжмийн хичээл заадаг багш болсон юм. Харин удирдаач болсон тухайд, нэг өдөр аав “Яаман дээр конкурс болж байна.  Чи очоод үз” гэсэн. Зүгээр байхаар гэж бодоод л би оччихсон юм. Багаасаа хөгжимчин болно гэж мөрөөдсөн энэ тэр гэж худлаа хэлээд яахав. Тийм мөрөөдөл ч надад байгаагүй. Би Казахстан улсын  Курмангазын нэрэмжит хөгжмийн дээд  сургууль төгссөн юм.

-Аав тань таныг урлагийн хүн болгох хүсэлтэй  байсан бололтой? 

-Манай аав, ээж урлагийн хүмүүс байсан. Миний ээж Улсын филармонийн анхны концертмейстр хүн. Аав харин Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүрээ хөгжмийн багш байсан. Өөрсдөө хөгжмийн хүмүүс. Тэд юу гэж боддог байсныг би мэдэхгүй юм. Ямартай ч болох ёстой байсан болохоороо л энэ зам руу амьдралын жолоо минь залагдсан байх гэж боддог. Бага насандаа бол юм юм л мөрөөддөг байлаа. Сансрын нисгэгч, тагнуулч гээд л. 

-Хамгийн анх удирдсан тоглолтынхоо талаар эргээд дурсаач?

-Анх удирдахдаа диплом хамгаалж байсан. Нэг зохиол сонгож аваад түүнийгээ удирдаж шалгалтад ордог юм. Манай багш Казахстаны филармонийн удирдаач хүн. Тэгээд төгсөхдөө тэр филармони дээр шалгалтаа өгч байв. Тэр яахав дөнгөж сургууль төгсөж байгаа хүүхэд, дипломоо хамгаалж байгаа юм. Оркестр гэдгээ ч сайн мэдэхгүй, яг одоогийнх шигээ туршлага байхгүй л байсан. Тэнд оркестрийг хэр сайн мэдэж байна энэ тэр гэж үнэлэхээсээ илүү, юу сурсан бэ гэдгийг нь шалгадаг байсан. Тэгэхэд бол анхан шатны тавилт л тавьж байсан байх. Манай багш маш олон жил ажилласан туршлагатай удирдаач байсан. 

-Байнга хөгжимтэй харьцаж, хөгжим сонсоод байхаар хааяа залхах, уйдах, чимээгүй газар очмоор санагдах үе байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Байнга хөгжим сонсоод байна гэж юу байхав. Галзуурах шахна шүү дээ. Тогооч хүн ажил дээрээ өдөржингөө хоол хийчихээд гэртээ ирээд хоол хийгээд байхгүй биз дээ. Ихэнх тогооч нар гэртээ хоол хийх дургүй байдаг. Түүнтэй адил бид ч гэсэн ажлын бус цагаар хөгжмөөс хол, юу ч сонсохгүй амрахыг хүсдэг. Хүн биеийн хүчний ажил хийхэд физиологи ядардаг бол байнга хөгжим сонсоод байхаар тархи ядардаг. Чөлөөт цаг гарвал кино үзэх ч юм уу, ер нь жаахан амардаг. Гэхдээ ер нь унтах л зүгээр дээ. /инээв/

-Удирдаачдыг харахад хөдөлгөөнгүй зогсоод байгаа юм шиг хэрнээ асар их хүч зарцуулж байгаа нь харагддаг. Дохиураа хойш нь хаялахад,  дагаад хөлс нь дуслаад л...

-Биеийн болон оюуны асар их хүч гардаг. Тухайн зохиолыг тэр олон хүнээр тоглуулна гэдэг их том үүрэг хүлээж байгаа хэрэг шүү дээ. Нэг хөгжимчин бол яахав ансамбль дунд суугаад өөрийнхөө тоглолтдоо анхаарна. Бас бусдыгаа сонсоно. Харин удирдаачид бүх зүйлийг хяналтдаа байлгана. Удирдаачид сэтгэлийн хөөрөлд хэт автахгүй байх хэрэгтэй. Түүнийгээ үргэлж хянаж байх шаардлагатай болдог. Бид хөгжимдөө ороод, хөөрөөд явбал хөгжимчид маань дагаад хөөрөөд явчихна. Үүн дээр өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Өөрийгөө хянахгүй хөгжимдөө уярдаг удирдаачид байдаг. Гэхдээ голдуу залуу хүмүүст гардаг алдаа. 

-Хөгжимчид удирдаачдын дунд нарийн холбоо, жирийн хүмүүсийн төсөөлөшгүй сайхан мэдрэмжүүд байдаг юм шиг санагддаг.

-Нэг хөгжимчин ядарсан, эсвэл ар гэрт нь ямар нэгэн зүйл тохиолдсон нь тоглолтоос нь анзаарагддаг. Хүн бүрийг удирдаач  анхаарна. Яагаад гэвэл тухайн хүний сэтгэл зүйн байдал хөгжмийн тоглолтоор нь илэрдэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүнийг яаж эвтэйхэн, зөв тоглуулах вэ. Энэ болгоныг их олон жил ажиллаж байж мэдэрдэг. Ер нь их төвөгтэй мэргэжил. Мөн хөгжимчидтэйгээ  олон жил хамтран ажилласан болохоор “Тэр ингэдэг шүү”  гээд мэддэг болсон байдаг юм. Залуу удирдаачид тэр болгоныг сайн мэдэхгүй учраас өндөр шаардлагууд тавиад байдаг. Гэвч тэдний сэтгэл санаа, ахуй амьдралд нь юу болсныг мэддэггүй. Тэд чинь ямар роботууд биш хүн шүү дээ. Бас хөгжимчид маань олон жил ажиллаад бие биеэ мэдэрдэг болно. Хөгжимчдийн хувьд хамгийн чухал нь мэдрэмж. Тэр мэдрэмжийг зүгээр нэг онолоор олж авдаг ч зүйл биш. Гоцлол дуучин, хөгжимчид бол өөрсдийн дураар явчиж болно. Харин ансамбль дотор сууж байгаа хөгжимчид тэр уур амьсгалд орно гэдэг хэцүү. Мөн оркестрантууд  их үнэтэй хөгжимчид байдаг. Нийгмийн маань ухамсар жаахан доогуур. Оркестрийн ур чадвар, үнэ цэнийн талаар мэддэггүй.  Хэдэн хөгжимчид бөөнөөрөө суугаад тоглоод байна гэж ойлгодог. Уг нь бол хамгийн үнэтэй хүмүүс чинь хөгжимчид байхгүй юу. Жишээ нь ямар ч удирдаач нэг соло тоглодог хүнийг оркестртоо оруулаад дөвийлгөхгүй шүү дээ. Бүр арын суудлаас эхэлнэ. Тэгээд сайн туршлагатай байвал аажим аажмаар урагшилна. Хамгийн туршлагатай хөгжимчид нь урдаа суудаг. Ансамблийн суулт хүртэл ийм учиртай байдаг. Тэгэхгүй зүгээр хэдэн хүн авч ирээд суулгачихвал бие биенийгээ мэдэхгүй, мэдрэхгүй хүмүүс чинь хонь хурга нийлсэн юм шиг л болно. Удирдаачийн аливаа хөгжмийн утгыг гаргах нэгж нь хөгжимчид. Би удирдаж байлаа гэхэд миний удирдаж буй зохиолын нэг хэсэг нь тэд. 

-Манай улсад удирдаачдыг бэлддэг сургууль, хувь хүн байдаг юм уу?

-Гадны улсуудад симфони болон дуурийн удирдаачдыг бэлтгэдэг сургууль гэж бий. Дөрвөн жил сураад төгсөх бол яахав дээ номын  дуу сонсоод гарч ирж байна гэсэн үг. Харин практик шал өөр. Симфони оркестртой харьцана, хамтарч ажиллана гэдэг бол цэвэр туршлага. Манай улсад харин тэр талаар би дуулаагүй юм байна. 

-Та шавь бэлдэх үү?

-Шавь бэлдэхэд би дор хаяж 20 жил удирдаад туршлага суугаад, өөрөө ямар нэгэн юм хуримтлуулсан байх хэрэгтэй.  Би өөрийгөө тэр төвшинд очсон гэж үнэлэхгүй байна. Одоогийн би оюутан байсан үеэсээ нэг их гавьсан юм байхгүй байх. Би өөрийгөө тэгж голдог учраас шавь энэ тэр бэлддэггүй. Надад цуглуулж хуримтлуулах зүйл зөндөө байна. Хүн нэг ханадаг даа “За одоо л би болсон. Үүнээс нэг их цаашаа явахгүй юм байна” гээд. Тэгэхээр өөрийн мэддэг чаддаг зүйлээ бусдад сургая гэж бодох байх. Удирдаач мэдлэгийн биш, туршлагын урлаг байх. Туршлагыг өөртөө их хуримтлуулсан хүн л өөрийгөө багшлах эрхтэй гэж үнэлэх хэрэгтэй. 

-Он гарснаас хойш та тоглолтууудаа удирдах нь цөөн болсон шиг санагдаад байгаа. Тэгэхээр таныг “Залуу халаадаа боломж олгоод байна уу” гэж ойлгосон.

-Улсын филармони бол дэлхийн сор болсон бүтээлүүдийг хүмүүст хүргэдэг. Дэлхийн соёл иргэншилтэй хамт алхаж байгаа нийгмийн нэг гишүүний хувьд энэ хөгжмийг тэр хүн мэддэг байх хэрэгтэй гэдэг үүднээс бүтээлүүдээ сонгодог. Анх 1957 онд тухайн үеийн Соёлын сайд байсан Л.Ванган гуайн санаачилгаар энэ оркестрийг байгуулсан. Дэлхий нийтийн урлагийг монголчуудад түгээх, соён гэгээрүүлэх зорилготой байгууллага юм. Хүчирхэг эдийн засагтай улсын хот бүрт филармони байдаг. Энэ ямар үүрэгтэй байгууллага вэ гэхээр тэр чухал хөгжмүүдийг ард түмэнд хүртээж байх ёстой. Бүр байнга шүү. Зарим улсад том банк, бизнес эрхлэгчид, үйлдвэрийн эзэд филармонийг ивээн тэтгэж байдаг. Тэгэхгүй бол энэ 60,70 хүнийг нэг хувийн хэвшил цалинжуулаад явна гэвэл яагаад ч бүтэхгүй. Харин манайхан тэгдэг бил үү. Энэ нийгэм ухамсарын төвшинд ямархуу байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Болж өгвөл “Зах дээр зогсоод хэдэн төгрөг авъя” гэх мэт голдуу мөнгө төгрөг, ашиг сонирхлын санаа явдаг. Харин энэ байгууллагыг улс яагаад мөнгө төлөөд, аваад яваад байна вэ гэхээр цаанаа нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн ганц зорилго л байдаг. Хүмүүсийн оюуны төвшинг хэмжээнд нь барьж байхын тулд  гэж ойлгож бас болно. Одоогийн байдлаар манай дээгүүр суудаг, төр засгийн эрх мэдэлтнүүд урлагийн талаар  чамлалттай мэдлэгтэй байдаг. Тийм тохиолдолд би өөрөө санаачилга гаргахаас өөр аргагүй байгаа юм. Тиймээс “Үүнийг ингэе”, “Энэ зохиолуудыг сонгоё” гэдэг санаанууд болон “Ямар арга замаар хүргэх вэ” гэдгээ би өөрөө шийдэхээс өөр аргагүй болж байгаа юм. Хуучин манай Соёлын яам их хүчтэй бодлого явуулдаг байсан. Хөдөө гадаа бригадаар явуулна. Орон нутгийн хүмүүст соёлыг түгээж байгаа хэрэг. Энэ чинь том бодлого биз дээ. Одоо харин алдагдсан байна. Гэхдээ яахав УДБЭТ, Драмын театр, Филармони, галерейгаа төсөвжүүлж дэлхий дахины урлагаар дамжуулж соёлыг хүртээж байна. Нийт ард түмнийхээ соёлын боловсролыг унагалгүй, өндөр төвшинд биш юм гэхэд зохих хэмжээнд нь баръя гэсэн бодлого явуулж л байна. Цаашаа хөгжүүлэх гэхээр төрд гарч байгаа  улсууд маань голдуу адуу, мал ярьсан хүмүүс л байх юм байна шүү дээ. Морь энэ тэр уралдуулдаг ч гэнэ үү, яадаг гэнэ үү мэдэхгүй. Яг үнэндээ миний бодлоор үндэсний сэхээтнүүд байхгүй болсон юм шиг санагддаг. Оюутнууд нь ч  гэсэн яг тийм. Бүгдээрээ компьютер ширтсэн хүмүүс. Ном уншиж байгаа ч юм байхгүй. Ерөнхийдөө 1990-ээд оноос хойш уначихаад байгаа юм л даа. Гэхдээ яахав буцаад бага багаар сэргэж л байна. Энэ нь зөв эмчилгээ байх гэж би боддог. Нэг үеэ бодвол манай үзэгчид ч гэсэн хэдэн хүнээр нэмэгдсэн харагддаг. Би үүнд бас баяртай явдаг. 

-Филармонийн үзэгчид ангилагдсан мэт харагддаг. Зарим тоглолтод танхимыг залуучууд дүүргэсэн байхад нөгөөд нь ахмадууд ирсэн байдаг. Тэгэхээр нас насныханд зориулж тоглоод байна уу?

 -Тийм зүйлс ажиглагддаг. Энэ нь сурталчилгаагаа ямар хүмүүст илүү зориулж хийж байгаагаас болно. Уг нь бол урлагийг тэгж ангилж хэн нэгэнд зориулж болохгүй. “Шелкунчик” гээд балетыг “3өвхөн хүүхдүүдэд зориулсан. Тиймээс хүүхэд л үзнэ”  гэсэн ойлголттой байж болохгүй. Тэртээ тэргүй сонгодог балет, түүнийг хэн ч үзэж өөрийн өөрийнхөөрөө ойлгож болно. Яахав шампунийг хүүхдийнх, том хүнийх гэж ангилж болно л доо. Мэдээж хүүхдийн нүдийг хорсгохгүй, харшил өгөхгүй  байх зэргээрээ ялгаатай. Харин урлагт эрэгтэй, эмэгтэй, том хүн, хүүхэд, гэр бүлд, залууст зорилусан гэж болохгүй. Урлаг бол чөлөөтэй байх хэрэгтэй. Сонсголын бэрхшээлтэй хүн орж ирж хөгжим сонсохгүй нь ойлгомжтой шүү дээ. Хүн бүрийн гоо  сайхны таашаалд нь нийцээд явж байвал л болох нь тэр. Тэгж нийцүүлж гаргатал нь тоглох нь харин бидний үүрэг. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монголд Бөхийн өргөөний Соёл урлаг, хөдөө нутгийн малчдын сайн дурын уран сайханчдын Эрин үе явж байхад юууун Симпоон/Симфони/, найрал хөгжим манатай. Ороок Поп нь шалан доор байхад Тэрний дээрхи Симфони оркестр ёстой Лөөлөө байна дөө. Ерөөсөө төр засаг ч биш 76 бүр ч биш. Ард түмний тархи оюун бодол ямар байна тийм төр засаг, тийм соёл урлаг л байдын байна. Shit. . .

    0 0 Хариу бичих