Ц.Нямдорж: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийх ажил биш

С.Бүжин


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тодруулга ажлын хэсгийнхнээс авсныг хүргэе.

Ц.Нямдорж: Засгийн газраас оруулж ирсэн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гэж байна. Цаг хугацааны хувьд амжих уу. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт  оруулна гэж баахан ярьсан. Бүтээгүй. Энэ жил дахиад ярьж байна. Нэг алдаж болно. Хоёр алдах харамсалтай. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлаар Засгийн газар судалгаа хийх ажил зохион байгуулаад хуулийн хугацааг дахин 25 хоног багасгаад явж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуулиа л биелүүл. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хаана ч байхгүй жишиг.

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлаар Засгийн газар судалгаа хийх ажил зохион байгуулаад хуулийн хугацааг дахин 25 хоног багасгаад явж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Хуулийн заалтын дагуу явж байгаа. Төсөв санхүү хүнд байгаа учир ард нийтийн санал асуулга явуулах 30 тэрбум төгрөгийг хэмнэх зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулахаар оруулж ирсэн. Түүнээс биш энэ Засгийн газар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн юм биш. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал 2020 оноос хэрэгжүүлэх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал ард нийтээс асууна гэж хуульчилсан. Ер нь олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьсан. Ард түмний яриад байдаг дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах  төсөл ч оруулж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирсэн юм.

О.Баасанхүү: Парламентад гурван намын төлөөлөл байгаа. Гэтэл манай намын саналыг аваагүй. Манайх Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулаад ард нийтээс асуугаад яваад байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм санал асуулга явуулж байгаа нь гурван ач холбогдолтой. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээ бүрдүүлэх, хоёр асуулттай байна. “Зөвшөөрөх үү, Үгүй юу гэсэн асуулт. Тэгээд нэг номерыг дугуйлаарай гэнэ. №1 нь эрх баригч хүчин өөрөө. Тиймээс ямар санаа оноогоор яваад байна вэ. Өөрсдийнхөө эрх мэдлийн талаар өөрсдөө ярихаа больё.  Ц.Нямдорж гишүүний хэлдэг үнэн. 30 тэрбумыг хэмнэж байгаад баярлалаа. Ийм утгагүй зүйл орж ирж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн тодорхой хэсгийг өөрчилье гэдэг судалгаа, яг энэ хэсэг нь болохгүй байгаа гэдэг үндэслэл нь хаана байна вэ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танай намаас, тэр дундаа та байгаа нь үнэн. Та прокурорын асуудлаар саналаа хэлсэн. Бид 30 тэрбум төгрөгийг хэмнэх үүднээс хамтатгаж явуулахаар болсон юм. Энэ мөнгөөр 30 хүүхдийн цэцэрлэг барина. Танай Орхон аймагт хүүхдийн цэцэрлэг барих мөнгө, О.Баасанхүү гишүүн ээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан энэ мэтээр асуулт тодруулга авсны дараа уг төслийг дэмжсэн, дэмжээгүй гэдгээр саналаа хэллээ. Үүний дараа санал хураалт явуулахад Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэхийг олонх нь дэмжлээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)