“Тархи цэнэглэгч”-ийнхэн буюу номоор нөхөрлөгчид

Б.Оюу


“Тархи цэнэглэгч” хэмээх нэртэй номын клубын 47 дахь уулзалт өнгөрсөн бямба гаригт болж өнгөрлөө. Энэ удаад тэд ардын уран зохиолч, төрийн соёрхолт С.Эрдэнийн “Хойт насандаа учирна” романыг сонгож ярилцсан юм.  Залуучууд олноороо цуглаж, номоо эргүүлэн харцгааж, зохиолын дүр, хэл найруулга, үйл явдал, болон өөрт төрсөн сэтгэгдлээ ээлжлэн ярьцгаана. Үнэхээр гайхмаар ертөнц. Өсвөр насныхан болон оюутнууд ихэвчлэн цуглан амралтын өдрөөрөө романы тухай хэлэлцэж ам уралдах нь бахдалтай. Хотын төвөөс холхон байрлах тэр дэлгүүрт тийм олноороо цуглаад ийн ярилцдаг нь тэднийг номонд дурлагсад гэдгийг илтгэнэ. 

Амралтын өдрүүдэд тус номын клубээс өгүүллэг болон номын тухай хэлэлцэх уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай аж. Номын талаар бодитой хэлэлцүүлэг хийж, үзэл бодлоо солилцох, хамтдаа хөгжих, номоор дамжуулан нөхөрлөлийн холбоо үүсгэх зорилгоор Ч.Идэрболд уг клубыг үүсгэн байгуулсан байна. Клубын үйл ажиллагааг тогтвортой чанартай байлгахын тулд олон төрлийн уулзалтуудыг зохион байгуулж өөрсдийн туршлагаа нэмэгдүүлж, хамтдаа суралцсаар өдгөө 70000 гишүүнтэй өнөр өтгөн гэр бүл болж өргөжжээ. Олон нийтийг хамарсан бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулахад олон хүний идэвхи, оролцоо шаардагддаг учир шинээр олон админуудыг нэгтгэсээр одоогоор ерөнхий админ гурав, идэвхтэй чиглүүлэгч админ 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг сайн дурын байгууллага аж. Уулзалтуудад  тогтмол 70-100 хүн ирдэг байна.

“Тархи цэнэглэгч” гэхээр хүмүүс биднийг тархи цэнэглэгчид гэж ойлгодог. Тархийг бид нар цэнэглэхгүй. Харин тархи цэнэглэх орчин нөхцөл болоод, сэдлийг нь төрүүлж өгдөг хамт олон юм. Бид ч гэсэн адилхан тархиа цэнэглээд явж байгаа.  

“Залуучуудыг урьж оролцуулаад илүү идэвхижүүлэх, сэдэлжүүлэх ажлыг хийдэг. Залуучууд өөрсдийгөө голсон, хойшлуулсан эсвэл “уулзалтад нь таних хүнгүй ганцаараа очвол яах бол оо” гэсэн айдастай байдаг шүү дээ. Тэгэхээр уулзалтдаа ирэх, номын клубуудэд элсэх анхны алхамаа хийх боломжийг нь нээж өгдөг. Нөгөө талаасаа ямар нэгэн зочин, зохиолч зэрэг алдартай хүмүүсийг урьж оролцуулахгүй, яг оролцогч хүмүүсээ илүү их онцолдог. Нэг ёсондоо оролцогчид руугаа чиглэсэн уур амьсгалыг бүрдүүлэхийг эрмэлздэг нь манай клубын онцлог” гэж “Тархи цэнэглэгч” номын клубын дэд зохицуулагч У.Ганбаяр ярьлаа. 
Оффис аялал, ууланд алхангаа ном унших, өгүүллэгтэй уулзалт гээд олон төрлийн уулзалт хийхээс гадна жилдээ хоёр удаа сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлдэг байна. Цагаан сарын үеэр “Бууз” хэмээх хүмүүнлэгийн аян өрнүүлж, сар шинээр тавгаа засч чадахгүй, амьдралын боломжгүй айлуудыг судалж, сонгоод түлээ нүүрс, бууз зэрэг ахуйн амьдралд нь хэрэглэгдэх зүйлсийг бэлэглэж байсан бол одоо “Ирээдүйг өөрчлөх нэг ном” аяныг эхлүүлжээ. Үүнд залуучууд уншаад дууссан нэг номоо хандивлах юм байна.


“Одоогоор ном өгөх зорилтот бүлгээ тодорхойлоогүй байгаа. Асрамжийн газрын хүүхдүүдийг хамруулах гэхээр тэдэнд хүүхдийн баяраар харьцангуй тусламж их очдог. Харин ном худалдан авах боломжгүй, нэн тэргүүнд номоор хангагдах шаардлагатай хүүхдүүдэд түгээх сонирхолтой байгаа. Бид судлаад л явж байна. Удахгүй зорилтот бүлэг маань тодорхой болох байх. Албан байгууллагууд биднийг бас дэмждэг. “Аз хур” номын дэлгүүр бидэнд ном хандивласан. “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас биднийг дэмжинэ гэдэг санал бас ирүүлсэн байгаа. Цахим орчинд залуучууд их хандивлаж байна. Нэг ном нэг хүүхдийн ирээдүйг өөрчлөнө гэдэг санаан дээр энэ аянаа эхлүүлсэн. Цаашид улам өргөжүүлж жилдээ нэг удаа уламжлалт байдлаар зохион байгуулна гэж төлөвлөсөн. Үүнээс гадна өөрсдийнхөө гишүүдэд зориулсан сан үүсгэх санаатай байгаа. Номын кафе  гээд байдаг даа түүнийг өргөжүүлэн байгуулах бодолтой байна” гэж тэрээр нэмж хэллээ. 
Тус клуб жилдээ 20 уулзалт төлөвлөсөн байдаг бөгөөд монгол, орчуулгын зохиол гээд ээлжлээд явдаг аж. Өгүүллэгтэй уулзалт нь яг ном уншиж эхэлмээр байгаа ч хаанаас эхэлж уншихаа мэддэггүй залуучуудад боломжийг олгож, чиглүүлэх зорилготой. Мөн өгүүллэг нь уншихад амар, цахим орчинд нийтлэхээр хүмүүс хэзээ ч унших боложтой байдаг тул тэр төрлийн уулзалтад залуучууд их ирдэг байна. Харин уламжлалт уулзалтад яг номонд дурласан , шимтэгчид оролцдог гэнэ. 

-“Тархи цэнэглэгч” гээд клубын нэр нь их сайхан санагдлаа. Нэрнийхээ талаар танилцуулаач? 
-Манай клубын санаачлагч Д.Идэрболд нэрийг нь өгсөн юм. “Тархи цэнэглэгч” гэхээр хүмүүс биднийг тархи цэнэглэгчид гэж ойлгодог. Тархийг бид нар цэнэглэхгүй. Харин тархи цэнэглэх орчин нөхцөл болоод, тэгэх сэдлийг нь төрүүлж өгдөг хамт олон юм. Бид ч гэсэн адилхан тархиа цэнэглээд явж байгаа. Манай найзууд “За, ямар ном уншаад, хэчнээн хүний тархийг цэнэглээд яваад байна” гээд л асуудаг. Жаахан  буруу ойлголттой байдаг юм билээ. 

-Таныхаар хүн “Тархиа цэнэглэнэ” гэж яахыг хэлэх вэ?
-Хүн ном уншаад, кино үзээд өөр өөрийн оюундаа ямар нэгэн байдлаар ухаарал болон мэдрэмж, сэхээрлийг авч байгаа нь тархиа цэнэглэж байгаа гэсэн үг.  Утасныхаа зайг цэнэглэдэгтэй адилхан. Үүнээс гадна хүний сэтгэл ч гэсэн цэнэглэгдэх ёстой. Харин номоор хоёуланг нь цэнэглэж болдог нь хамгийн сайхан. 

-Анх номтой нөхөрлөж тархи, сэтгэлээ цэнэглэж эхэлсэн талаараа яриач?
-Номтой би хожуу нөхөрлөсөн. Бага ангидаа бүрэг, дуу цөөтэй хүүхэд байсан. Тэгээд есдүгээр ангиасаа эхлээд ном уншсан. Үеийнхэнтэйгээ биш номын санчтайгаа найзалдаг байлаа. Уншсан номынхоо тухай ярьж өгнө. Буцаагаад номын санч намайг эргэцүүлсэн олон асуултаар булдаг байсан. Арван жилээ төгсөхдөө  “Нацагдорж тэмдэгтэн” болсон. Тэгж л номонд дуртай болсон. Харин номыг ялгаж, шигшиж уншиж, номын соёлт ертөнцтэй танилцсан минь сүүлд л дээ. Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн номууд намайг өөрчилсөн. Илүү их дотогшоо чиглэсэн номууд хүнийг номонд дурлуулдаг юм билээ. Цаашид клубынхээ үйл ажиллагааг улам идэвхижүүлж залуучуудыгаа өргөн хүрээнд хамруулж он удаан жил оршин тогтнож, энэ үйл ажиллагааныхаа үр дүнд түүхэнд үлдэхийг Д.Идэрболд бид хоёр хүсдэг. Номонд хайртай залуус олон байгаасай. Мөн тэдгээр залуус маань тархи, сэтгэлээ аль болох сайхан мэдрэмжээр цэнэглэж байгаасаa.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих