Х.Нямбаатар: Хэрэгтнүүд ял завшиж болохоор хууль батлагдчихлаа

С.Бүжин


Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар төсвөө тодотгож, зарим төрлийн татварыг нэмсэн. Энэ хүрэээнд монголчуудын хамгийн их унадаг приус машины албан татварыг насжилтаас нь хамаарч 30 хүртэл хувиар нэмээд байгаа. Тэгвэл татварын хувь хэмжээг эргэж харахаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар болоод өчигдөр УИХ-ын чуулганаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Приус машины татварыг бууруулах төсөл санаачилж, Засгийн газраас санал авсан гэсэн. УИХ-аар хэзээ хэлэлцэгдэх вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Уг хуулийн төслийн агуулгад онцгой албан татварын хувь хэмжээг өөрчлөхтэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газраас санал авч, ердийн журмаар өргөн мэдүүлэх хууль эрхзүйн боломж бүрдсэн. Энэ утгаараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн, дэмжигдсэн. Энэ долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа нефтийн албан татварын хувь хэмжээг Засгийн газар тохируулдаг зохицуулалтыг тусгана. Мөн хос хөдөлгүүртэй автомашины онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх, хасах, тэглэх хэмжээг Засгийн газар үлдээх агуулгатай хуулийн төсөл юм.

-Хуулийн төсөлд татварыг төдөн хувиар бууруулна гэсэн тоо бий юу. Таны санаачилсан хуулийн төсөл дэмжигдэж, батлагдвал татварууд хэдий хэмжээгээр буурах юм бэ?

-Энэ эрх Засгийн газарт хадгалагдана. Хэрэгжих хугацааны хувьд хууль батлагдсанаар байх болов уу.

-ОУВС-гийн шаардлагын дагуу татварууд нэмсэн. Засгийн газар дээрх хуулийн төсөлд саналаа өгөхдөө ямар тайлбар хэлж байв?

-Энэ талаар өргөн мэдүүлэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

-УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдлаа. Хуулийн гол концепцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэд хэдэн асуудалд бид эргэж харах ёстой зүйлүүд үлдлээ. Тухайлбал, 2015 онд энэ хууль батлагдахдаа шүүхийн шатнаас хэрэг прокурорт буцах зохицуулалттай байхаар батлагдсан. Засгийн газраас сая өргөн мэдүүлэхдээ буцахааргүй зохицуулалттай орж ирсэн. Ажлын хэсгийн түвшинд ажиллаж байхад дөрөвхөн тохиолдолд хэрэг буцдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүний эрх, хохирогчийн эрх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаасаа авч үзэх ёстой гэсэн үг. Хэргийг буруу тусгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, яллаж байгаа прокурор нь буцаая, дахиж шалгах үндэслэл байна гэсэн тохиолдолд хэргийг буцаадаг. Харамсалтай нь өнөөдөр санал хураалтын явцад хэрэг мөрдөн байцаалтын явцад буцахааргүй боллоо. Энэ нь хэд хэдэн сөрөг үр дагавартай.

-Тухайлбал?

-Хэрэгтнүүд ял завших сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, хүнийг хоёрхон шийдвэр гарга гэж байгаа юм. Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зөрсөн тохиолдолд шүүх дээрээ нөхөн гүйцэлдүүлэх ажиллагаа явуулж чадахгүй. Ийм процесс бичээгүй юм чинь хэргийг буцааж байж мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэлдүүлэх ажиллагааг явуулахаас өөр аргагүй. Хууль хэрэгжээд амьдрал дээр олон шалгуур тавигдана. Шүүхийн урдаас гарах шийдвэрийг бид хуулиар хоёрхон хувилбартай байна гэж эрхзүйн байдлыг нь дордуулж болохгүй. Шүүхээс буцахааргүй бол шүүх дээр зөрүүг арилгадаг нөхөн гүйцээх ажиллагаа явуулдаг журмаа анхнаас нь бичиж оруулж ирээгүй. Үүгээрээ олон хүмүүс ял завших байдал бий боллоо. Ямартай ч долдугаар сарын 1-нээс эрүүгийн эрх зүйн орчин өөрийн гэсэн хуультай байх орчин бүрдэж байна. Энэ хуулийг батлуулах явцад тодорхой бүлэг этгээдүүдээс гүтгэн доромжлох олон ажлууд явагдлаа. Төр өөрөө гэмт хэрэгтээ тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Гэмт хэрэг, эрхзүйн зөрчлөөс нийгмийг хамгаалах мөн үүрэгтэй. Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн улмаас зөрчигдсөн эрх ашгийг сэргээх, хамгаалах чиг үүрэгтэй. Уг хуулиуд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас хэн нэгнийг шагнана, урамшуулна гэсэн агуулгагүй. Гагцхүү хорьж, шийтгэнэ гэсэн агуулгатай байдаг учраас хүн бүрт аятайхан сонсогдохгүй байгаа байх. Уг хууль магадгүй 10-20 жил цаашид үйлчлэх байх. Энэ хугацаанд гарч ирэх зөрчил, дутагдал, доголдол бүрт байнгын үйл ажиллагаатай парламент тухай бүрт нь засч залруулаад явах ёстой.

Эх орноосоо урвах гэмт хэрэг гэдэгт О.Баасанхүү гишүүний ярьж байгаа юм шиг зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүгийн эрхзүйн зүйлчлэлийн маргаантай асуудлыг цэгцлэхийн тулд 2015 онд энэ хууль батлагдахдаа яг энэ хэлбэрээр батлагдсан юм.

-Зөрчлийн тухай хуульд ирэх сард нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлж байна. Та уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд юу хэлэх вэ?

-Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Яагаад гэвэл, Зөрчлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхтэй зэрэгцэж дагалдаж мэдүүлсэн хуулийн төслүүд дээр зөрчилтэй холбоотой зохицуулалтууд хамт батлагдчихсан. Тийм учраас хуулиудын зөрчилдөөнийг арилгах ёстой гэж үзэн тогтоолын төсөл батлууллаа. Энэ хүрээнд зургадугаар сард багтаан Зөрчлийн хуулийг дагаж батлагдсан хуулиудын зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулах юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. та нарын л байж байгаа царай

    0 0 Хариу бичих