Т.Ганбаатар: Улаанбаатарын утааг баялаг болгох боломж бий

П.Мөнхжаргал


Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ эрчим хүчийг ашиглаж, нарны цахилгаан станц барьж, цахилгаан үйлдвэрлэх боломж манайд бий. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт Монголын анхны нарны цахилгаан станц ажиллаж буй. Энэ станц 10 мянга гаруй нарны зайгаар ажилладаг. Тэгвэл энэхүү нарны зайг байгальд ээлтэй, илүү их хэмжээгээр үйлдвэрлэж, хямд өртөгтэй станц барих боломжийг “Шинэ Монгол" Технологийн Дээд Сургуулийн химийн инженер, магистр Т.Ганбаатар багш танилцуулсан. Тэрээр органик нарны зайн үүсгүүрийг судалж, шинжлэх ухааны бүтээлээ олон улсын нэртэй сэтгүүлд хэвлүүлж, улмаар докторын зэргээ Японы “Кyushu” их сургуульд хамгаалах шалгуурт тэнцсэн байна. Түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таныг  “Iphone-8” гар утасны OLED дэлгэцийг сайжруулах төсөл дээр хамтран ажиллахаар болсон гэсэн таатай мэдээ байна.

-Тийм ээ. Гэхдээ Apple-д ажиллах гээгүй шүү. Зарим хүн асуугаад байна лээ. Миний хувьд “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалах явцдаа нано технологийн чиглэлээр судалгааны ажил хийсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнг танилцуулах зорилгоор өнгөрсөн зун БНХАУ-ын Гуон Жу хотноо болсон “ICSM-2016” олон улсын хуралд оролцсон юм. Энэ үеэр органик гэрэл цацруулагч диодыг үндэслэгчдийн нэг Чихая Адачи гэдэг алдартай профессортой танилцах завшаан тохиосон. Улмаар Японы “Kyushu” их сургуульд нь докторын зэрэг хамгаалах хүсэлтээ илэрхийлж, шалгалт өгөөд тэнцсэн. Ирэх есдүгээр сард сургуульдаа суралцахаар явах гэж байна.

-Чихая Адачи профессорын хувьд “Самсунг” компанитай хамтран ажилладаг төдийгүй ухаалаг дэлгэцийг үндэслэгч гэж сонссон. Энэ мундаг хүнээс суралцаж, хамтран ажиллана гэдэг их том завшаан шүү?

-Тэгэлгүй яахав. Чихая Адачи профессор “Adachi Lab” гэдэг судалгааны лабораторитай. Тэрээр C. W. Tang гэх Хонгконг гаралтай Америк профессортой нэг жилийн зайтай органик электроникийн гэрэл цацаргагч диод буюу бидний гар утасны дэлгэцэнд хэрэглэж байгаа OLED-г нээж байсан. Үүнээс хойш судалгаагаа үргэлжлүүлсээр байгаад хамгийн сүүлийн үеийн судалгааны төвшинд хүрээд байгаа юм. Үүнийгээ ашиглаад “Старт-ап” компани байгуулсан. Одоо “Apple” компанийн “Iphone 8” гар утсанд ашиглах мөн цаашид ч ашиглах боломжтой шинэ төрлийн хамгийн сүүлийн үеийн TADF-OLED-ийн чиглэлээр судалгааны ажлаа хийж байгаа. Миний хувьд судалгаа хийнгээ энэ багт ажиллах боломж тохиосонд туйлын баяртай байгаа.

-Та нас залуу боловч богино хугацаанд эрдмийн зэрэг, цолоо ахиулж, тууштай суралцахын зэрэгцээ судалгааны ажлаа амжилттай хийжээ. Их завгүй, шаргуу хөдөлмөрлөсөн бололтой?

-Тийм ээ. Миний хувьд сургуулиа төгсөөд Ухаа худагт цахилгаан станцад химийн технологичоор ажиллаж байсан. Мөн Газрын тосны газарт хоёр жил гаруй ажилласан. Ажиллах хугацаандаа онолын судалгаагаа орхиогүй. Нано технологи, био-электроникийн чиглэлээр судалгаагаа хийсээр байсан. Судалгаа маань органик материал ашиглаж нарны зайг гарган авах юм.

Органик нарны зай ашиглавал байгаль дээр хамгийн элбэг байгаа нарны эрчим хүчийг бид ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэдэг болно. 

Энэ нь одоо ашиглаж байгаа нарны зайн өртгөөс хэд дахин хямд, байгальд ээлтэй, овор багатай байх боломжтой юм. Манай улсад Дархан-Уул аймагт нарны цахилгаан станц бий. Үүний хувьд өртөг өндөртэй. Ийм цахилгаан станцыг барихад өндөр зардал гараад байгаа учраас барьж чадахгүй байх асуудал байдаг. Харин органик нарны зай ашиглавал байгаль дээр хамгийн элбэг байгаа нарны эрчим хүчийг бид ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэдэг болно. Хөнгөн, уян, тунгалаг, үнэ өртөг бага, байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талтай.

-Монголд олон мундаг инженер, судлаач байдаг. Зарим нь гадаадын томоохон компаниудад ажиллаж байна. Гэвч мэдлэг, мэргэжлээ улс орныхоо хөгжилд зориулж байгаа нь ховор. Энэ боловсон хүчнийг Монголдоо ихийг бүтээгээсэй гэсэн хүсэл олон нийтэд бий. Энэ тал дээр таны бодол?

-Тийм ээ. Олон мундаг эрдэмтэн, судлаачид дэлхийн томоохон багуудад ажиллаж байна. Монголд судалгаа хийхэд нэг хүндрэлтэй зүйл нь лабораториуд нь дэлхийн төвшинд өрсөлдөхөөр хүчтэй биш. Тиймээс л манай судлаачид гадаадад ажиллаж, амьдраад байна. Яагаад энэ хүмүүс буцаж ирэхгүй байна вэ гэхээр төрийн зүгээс шинжлэх ухаанд зарцуулж байгаа төсөв багатай холбоотой. Гаднын их, дээд сургуулиуд лаборатори байгуулахад зарцуулах төсвөө илүү өндөр баталдаг. Монголын хувийн их сургуулийн тухайд янз бүрийн төсөл л авч чадвал лаборатори байгуулах боломжтой. Манай сургууль шиг лаборатори байгуулаад ажиллаад байх хувийн сургууль ховор доо.

100 судлаачид 20 сая төгрөгийн төсөл өгөх зэргээр үр ашиггүй, тарааж дуусгадаг. Ийм төсвөөр мэдээж хэрэг энэ төсөвтөө таарсан л судалгаа хийнэ

Харин төрийн өмчийн сургуулиудын тухайд нээлттэй лабораториудыг байгуулах хэрэгтэй. Энэ ажилд нь төрийн зүгээс тусгайлан төсөв баталж, өгмөөр байдаг. Мөн 100 судлаачид 20 сая төгрөгийн төсөл өгөх зэргээр үр ашиггүй, тарааж дуусгадаг. Ийм төсвөөр мэдээж хэрэг энэ төсөвтөө таарсан л судалгаа хийнэ шүү дээ. Нэг их том бүтээл гараад дэлхийд өрсөлдөх нь маш ховор. Үүний оронд 10 судалгааны багт 200 сая төгрөг өгөх нь арай дээр болов уу. Эсвэл төсөв тарааж өгч байгаа хүмүүсээ нэг баг болгож, нэгдсэн нэг томоохон лаборатори байгуулж өгсөн нь өгөөжтэй. Хэрэв тэгж чадвал өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа боловсон хүчнүүд маань эх орондоо эргэн ирж, судалгаа хийх сонирхол нь нэмэгдэнэ. Тэдэнд ийм сонирхол маш их байдаг.

-Улсын хөгжилд шинжлэх ухаан төдийгүй судлаач, эрдэмтэд чадалтай боловсон хүчнүүдийн гүйцэтгэх үүрэг их. Гэвч дэлхийгээр нэг тарчихаад байгаа нь харамсалтай. Төрийн зүгээс ярьдаг боловч одоогоор хийсэн дорвитой ажил алга байна. Тийм үү.

-Тийм ээ. Дэлхийн олон оронд Монгол залуус өндөр төвшний судалгаан дээр ажиллаад байгаа боловч хоорондоо холбогдож чадахгүй байна. Би дээр хэлсэн. Ядаж дэлхийд өрсөлдөх ганц том судалгааны лаборатори байгуулаад өгчихөөсэй гэж. Хамгийн гол асуудал бол энэ мундаг хүмүүсийг Монголдоо яаж авч ирэх вэ. Хэрэв Монголд маш өндөр түвшний судалгааны тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулаад, энэ нь нээлттэй буюу сонирхсон хэн ч ороод ажиллаж болох нөхцөлийг бүрдүүлээд өгчихвөл тэд эргээд ирнэ. Нээлттэй лабортари гэдэг нь хэн нэгэн өмчлөөд хаалгаа хаах биш. Судлаачдад ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн, материаллаг баазтай байх нь чухал. Энэ асуудлыг нь шийдээд өгсөн байхад тэр хүмүүс нэг их өндөр цалин шаардахгүй болов уу. 

-Цонхоор орж ирж буй ГЭРЛИЙН ДУЛААНЫГ ТУСГААРЛАГЧ БҮТЭЭЖЭЭ-

-Судлаач, эрдэмтдээс олон сайхан санаачлагууд гарч байлаа. Миний мэдэхийн 2014 онд ХААИС-ийн багш “Биодизель түлш” гаргаж авч байв. Мөн СУИС-ийн багш, оюутнууд тосон торгон бүтээл гаргалаа гээд л би очиж ярилцлага авч байсан. Гэвч өнөөдөр зах зээл дээр танигдаж, үйлдвэрлэл болсон зүйл алга байна. Та бүхний хувьд цаашид бүтээлээ хэрхэн бүтээгдэхүүн болгохыг зорьж байна вэ?

-Бид судлаачид. Судалгаагаа хийгээд, патент аваад гаргаад ирлээ. Үүнийгээ нэгдүгээрт зарж болно. Хоёрдугаарт, судалгаа хөгжүүлэлт хийгээд “Старт-Ап” компани болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж болно. Энэ ажлыг “Инноваци, технологи дамжуулалтын төв”-үүд хийнэ. Ихэнх орнуудын технологийн сургуулиуд ийм жишигтэй. Судалгааны баг нь технологийг нь гаргаж ирнэ. Үүнийг нь цааш нь бүтээгдэхүүн болгох төв буюу бизнесийн төв ажиллаж, сургуулийнхаа төсвийн ихэнх хувийг тэд босгодог. 

-Таны хувьд зуны улиралд цонхоор орж буй нарны гэрлийн илчийг тусгаарлагчийн патент хөөцөлдөж байгаа гэсэн. Энэ ажлынхаа талаар яриач?

-Би нэг удаа автобусанд суугаад явж байсан юм. Гэтэл тэр өдөр нүүрэн дээр маш их нар тусаад, халаад л. Тэгээд би бодсон л доо. Энэ цонхоор орж ирж байгаа нарны гэрлийн дулааныг хэрхэн тусгаарлах вэ гэж. Тэгээд олсон шинэ санаагаа туршиж үзсэн. Гэрлийн дулааныг тусгаарлах үр дүн амжилттай явж байна. Гэхдээ судалгааны ажил бүтээгдэхүүн болох хүртлээ нэлээд хугацаа зарцуулдаг.

-Ер нь судлаачид зах зээлийн эрэлтээ мэдэрч, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан бүтээл гаргаж чадвал бизнес болох боломж бүрдэнэ дээ?

-Орчин үед судлаачид хэрэггүй судалгаа хийхээ больж байна. Монгол судлаачид маань ч өөрчлөгдөж байна. Хэнд ч хэрэггүй, олон жилийг зарцуулсан судалгаанд хамаг цагаа үрсэн тал байдаг. Тэгэхээр судалгааныхаа чиглэлийг тогтоохдоо хүний хэрэгцээг судлах хэрэгтэй. 

-Тухайлбал, Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд эрдэмтэн, судлаачид нээлт хийж болох юм. Иргэд одоо эрдэмтдэд найдаж эхэлсэн?

-Тийм ээ. Судлаачид ажиллаж байгаа гэсэн. Судлаач бүр өөр өөрийн гэсэн судалгааны чиглэлээ тогтсон байдаг учраас энэ асуудлыг судалдаг хүмүүс байгаа. Нэг шинэ санаа хэлэхэд, Австралид утаанаас этанол гаргаж авах нээлт хийгээд шинжлэх ухааны ертөнцийг шуугиулсан үйл явдал боллоо. Бид нар үүнийг яагаад Монголд туршиж болохгүй гэж. Энийг хийх хэрэгтэй шүү дээ. Этанолыг ганцхан архи үйлдвэрлэхэд ашигладаггүй. Төрөл бүрийн бүтээгдэхүүнд ашигладаг. Туршилтын ажил хийхдээ бид этанолыг 250 граммыг нь 28 мянган төгрөгөөр худалдан авдаг. Тэгэхээр бид хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авах ажлыг турших хэрэгтэй. Энэ мэдээллийг би сонирхсон нэгэнтэй нь хуваалцахад таатай байх болно. Утаанд химийн бодисууд агуулагдаж байдаг. Этанолыг ялгаагүй л химийн аргаар гаргаж авдаг. Утаа байгаль дээр хог хаягдал болж тулгамдсан асуудал болсоор байна. Энэ хаягдлыг бид хэрэглэдэг зүйл болгох боломжтой. Судлах хэрэгтэй. Өөрсдөө боломжгүй байвал гаднын эрдэмтэдтэй хамтран судалж болно. Энэ чиглэлийн судалгааг хийх лаборатори Монголд байгаа. Харин төр засгийн зүгээс хэрэгцээтэй, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэхэд бодлогоор дэмжиж, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. амжилт манайхаан, юу чаддагаа үзүүлээд өг

    0 0 Хариу бичих
  2. АНы тархины тураалуудаас салж байж л Монгол хогжино. Тэр уед хуримтлал бий болж эрдэмтэн мэргэддээ санхуугийн дэмжлэг узуулэх боломж гарна

    0 0 Хариу бичих
  3. амжилт

    0 0 Хариу бичих
  4. Дүүд том амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  5. Залуусаа дэмжээээд өгмөөр юм, арай л жаран хагархай бодлогоотой манайх

    0 0 Хариу бичих
  6. төр засагт найдаад хэрэг байхгүй наад тэнэгүүд чинь өөр төөл ашиг харна ! цаднаа гэж үгүй бэрднүүд байга юм.

    0 0 Хариу бичих