Хуурайшилт ихэсч, нэн аюултай түвшинд хүрчээ

Б.Мичид


Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа билээ.

Мөн ОБЕГ-аас “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит  арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тэгвэл 2017 он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38802,5 гай ой, 26842,5 га хээр, нийт 65645 га талбай түймэрт өртсөн байна.

Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн тоо таван тохиолдлоор буурсан, түймэрт өртөж шатсан га талбай эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Дээрх 59 удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1048 албан хаагч, 111 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 10 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 2182 иргэн, 261 автомашин, 31 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)