О.Батхүү: Ах нар намайг Америк руу явахад их уурлаж билээ

Д.Жавхлан


Шинэ зууны эхэн үед Монголын боксын 54 кг-ын жинд О.Батхүү хамгийн шилдэг нь байлаа. Тэрээр УАШТ-д 2003, 2005 онд түрүүлж, Азийн АШТ-ээс 2005 онд мөнгөн медаль хүртсэн ч 2006 онд АНУ-д мэргэжлийн боксын тэмцээнд оролцохоор яваад тэндээ үлдсэн юм. О.Батхүү эх орондоо найман жилийн дараа (2014 онд) ирж боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд “Монгол туургатан” олон улсын тэмцээнд түрүүлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-2006 онд танаас гадна ОУХМ Б.Баянмөнх, Г.Бадрах, Д.Отгонбаяр нар АНУ-д тэмцээнд оролцохоор яваад тэндээ үлдсэн. Яагаад үлдэхээр шийдсэн бэ?

-Тухайн үед бокс гэлтгүй нийт спортынхны хангаж тааруу, нөхцөл байдал хүнд байсныг олон хүн мэдэж байгаа. Тэмцээн уралдаанд оролцох зардал олдохгүй. Зардлаа арай ядан олж оролцоод амжилт үзүүлээд ирэхэд шагнал урамшуулал нь бага байлаа. Ганц бокс ч гэлтгүй бусад спортын төрлүүд ийм замналаар хэдэн жилийг үдсэн. Шигшээ багт цалингүй, хэрэглэл, материаллаг бааз тааруухан байсан зэрэг олон зүйл Америкт үлдэхэд нөлөөлсөн. Би Америкт боксын клуб хайж яваад мэргэжлийн боксын гурван холбооны аварга Филиппин хүнтэй танилцсан юм. Түүнтэй Лас Вегаст зургаан сар бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд тэмцээн уралдаанд ороод аятайхан болж иртэл өнөөх Филиппин нөхөр аавтайгаа муудалцав аа. Тэгээд аав нь Филиппин рүүгээ явж, тэр эхнэрээ дагаад усанд хаясан чулуу шиг алга болсон. 

-Харамсалтай юм болжээ?

-Тийм ээ. Тэгээд бокс тоглохгүй хэсэг хугацаа өнгөртөл Билл, Браин гэж хоёр хүнтэй танилцлаа. Тэдэнтэй 3-4 жилийн хамтран ажиллах гэрээ байгуултал нөгөө хоёр маань боксын ямар ч мэдлэггүй, шуудхан хэлэхэд муу хүмүүс байсан юм. Тэр хоёрын удирдлага дор хоёр ч тулаанд орсон. Бүгдэд нь ялсан. Тэгээд хамтран ажиллах гэрээний хугацаа дуусч, гэрээгээ цуцлах гэхэд нөгөө хоёр чинь гэрээ цуцалсаны 20 мянган ам.доллар нэхдэг юм байна. Харь оронд хөлөө олоогүй бидэнд чинь ямар юмных нь мөнгө байх билээ. Ингээд мэргэжлийн бокст амжилт үзүүлэх мөрөөдөл минь талаар болсон доо.    

-Тэгэхэд Монголоос тантай хамт хэдэн хүн явсан бэ?

-Долоо, наймуулаа явсан. 

-Америкт найман жил юу хийж байв?

-Тэнд очоод мэргэжлийн боксын бэлтгэлээ тасралтгүй хийж байлаа. Гэхдээ промоутер, менежерээ буруу сонгосноос болж, мэргэжлийн боксчин болох хүсэл минь талаар болсон. Хэчнээн мундаг тамирчин байлаа ч сайн промоутергүй бол өндөр амжилт гаргахад бэрх. Промоутер бол мэргэжлийн боксчны амжилтад их нөлөөлдөг. Миний хувьд муу хүн сонгосноос болж, америк явсан хүсэл минь талаар болсон. Түүнээс хойш Монголчуудын жишгээр ажиллаж, амьдарч байгаад ирлээ. 

-Та мэргэжлийн бокст нийт хэдэн тулаан хийсэн бэ?

-Нийт дөрвөн тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан. Сүүлдээ гар гэмтэж, гэрээ дуусахаар нь мэргэжлийн боксоо орхисон. 

-Тантай хамт явсан нөхдөөс чинь хэд нь Монголдоо ирсэн бэ?

-Биднээс Г.Бадрах маань ирээд нэлээд хэдэн жил болсон. Одоо Монголын боксын холбооны гадаад харилцааны менежерээр ажиллаж байна. Мөн боксын шүүгч хийдэг. Харин Д.Отгонбаяр бид хоёр гурван жилийн өмнө нутагтаа ирсэн. Б.Баянмөнх маань тэндээ амьдарч байгаа. Маш хөдөлмөрч залуу. 

-Америк руу яваагүй бол гэж харамсах сэтгэл төрдөг үү. Учир нь таныг явсны дараа Монголын боксын сэргэн мандалтын үе эхэлж, олимп, дэлхийн медальтнууд шил шилээ дараад төрцгөөсөн шүү дээ?

-Хааяа тийм бодол төрдөг. Боксчид маань бахдам амжилт үзүүлж, Монголыхоо нэрийг гаргахад үнэхээр их бахархдаг. Бурханы зурсан зураг, хүний туулах зам гэж байдаг. Түүгээрээ л яваа юм байлгүй дээ. 

-Манай боксын мэргэжилтнүүд таныг Америк яваагүй бол олимп, ДАШТ-ээс медаль хүртэх боломжтой гэж үздэг байсан?

-Нэгэнт хийсэн сонголт шүү дээ. Тэглээ ч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар Монголын боксыг хүнд нөхцлөөс аварч, олимп, дэлхийн медальтан болсон. 

-Тэгэх тусмаа эд нар шиг амжилт үзүүлэх боломж надад байж дээ гэх бодол төрөхгүй юү?

-Одоо яая гэх вэ дээ. Найз, дүү нарынхаа гаргасан амжилтаар бахархаж байна. 

-Танд олимпийн наадмын рингэнд гарах боломж байсан уу?

-2004 оны тавдугаар сард БНХАУ-ын Гуанжоу хотод Афины олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн болсон. Шигшээ тулаанд шалгарсанд нь олимпийн эрх өгч байв. Би хүрэл медаль хүртсэн. Хагас шигшээд Пакистаны боксчинд ялагдсан даа. Тухай үед боксын шүүлт улаан цаймдаа гарчихсан байсан. Пакистаны боксчин гурван ч удаа тоолуулсан би ялагддаг. 

-Ярилцлагынхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Боксын спортод анх орсон нь хэдэн он бэ?

-1996 онд Спортын төв ордонд спортын мастер Д.Батмөнх, М.Мөнхжаргал багшийн удирдлага дор анх боксоор хичээллэж эхэлсэн. Тэр үед гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Т.Чулуунтөмөр, Ц.Мөнхчулуун, Г.Бадрах бид дөрөв зэрэг шахуу бокст хөл тавьсан. Би боксоор хичээллээд хэдхэн сарын дараа “Олимпийн гараа” өсвөр үеийнхний тэмцээнд түрүүлж байлаа. Биднийг хүүхэд байхад Т.Үйтүмэн ах ид шуугиулж байсан. Үүеэ ахыг шүтэж, боксчин болохоор шийдсэн юм. Мөн ДАШТ-ий хүрэл медальт Э.Цогтжаргал ах манай ээжийн талын хамаатан. Намайг боксчин болоход их дэмжсэн. 

-Тэгэхэд таны жингийн гол өрсөлдөгч хэн байв?

-Манай жинд хэн хэнийгээ ялж мэдэх дөрөв, таван л хүн байлаа. Дээд үеийнхнээс Б.Атарбаяр, Б.Болдбат нарын ах нар байна. Миний үеийнхээс Э.Энхзориг, Л.Зоригтбаатар, Ч.Бумчин, Б.Бат-Ирээдүй гээд олон өрсөлдөгч байсан. 

-Э.Бадар-Ууган  та хоёр нэг жингийнх. Түүнтэй тулалдаж байв уу?

-Э.Бадар-Ууган эхэндээ 51 кг-д тулалддаг байсан болохоор тэмцээнд түүнтэй хүч үзэж байгаагүй. Бэлтгэл дээр хааяа нэг спаринг хийдэг байсан. 

-Олон улсын тэмцээнд хэр оролцдог байсан бэ?

-Замын зардал олдохгүй тэмцээн өнжих тохиолдол олон. Энэ асуудлыг тойроогүй дайраад өнгөрсөн. Зардлаа олох гэж компанийн үүд сахиад суудаг байлаа. Багш маань “Юмыг яаж мэдэх вэ, зардал олдож магадгүй онгоцны буудал дээр хүрээд ирээрэй” гэж хэлж ч байсан. “Тайланд, БНХАУ, Япон, Европын цуврал тэмцээнүүдэд оролцсон, хоосон ирсэн нь цөөн. 2005 оны Азийн АШТ-ээс мөнгө, “Пхеньяны цом”-оос мөнгө, 2001 онд Чехийн олон улсын тэмцээнээс хүрэл, 2003 онд Кордова Кардины нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл, 2004 оны “Химийн цом”-ын мөнгө, 2000 оны “Улаанбаатар цом”-оос  алтан медаль хүртэж байсан. Сүүлд Монголд болсон “Монгол туургатан”-ы олон улсын тэмцээнд түрүүлсэн. 

-Энэ жилийн УАШТ таны оролцсон сүүлийн тэмцээн байлаа. Яагаад боксын спортоо орхих болов?

-Би “Рио-2016” олимпийн наадамд хүч үзье гэж л Америкаас ирсэн. Хожим нь харамсахгүй байя гэсэн үүднээс өөрийгөө сорьсон юм. Монголд ирсэн эхний жил нь бэлтгэл сургуулилт муу байсан ч алтан медалийн төлөө Д.Отгондалайтайгаа тулалдаж, мөнгөн медаль хүртсэн. Дараа жил бэлтгэл сайн хийж оролцоод Окитойгоо дахин финалдсан. Улмаар олимпийн эрхийн тэмцээнд оролцох боломжгүй болсон тул зодог тайлахаар шийдсэн. Тэгээд энэ жилийн УАШТ-д ирээдүйтэй боксчин Э.Цэндбаатар дүүдээ тахим (тулалдаагүй) өгсөн . Залуу хүнд урам өгөх маш чухал юм. 

-Та түүнтэй таарах хүртлээ олон залуу боксчинтой хүч үзсэн. Яагаад заавал Э.Цэндбаатарыг дэмжсэн юм бэ?

-Энэ жинд олон сайн залуу байсан л даа. Гэхдээ тэр бусдаасаа хурц, дайчин тоглолтоороо ялгарч байсан болохоор дэмжсэн.     

-Таны итгэл хүлээлгэн дэмжсэн Э.Цэндбаатар дүү чинь саяхан нэг асуудалд орооцолдсон?

-Гай нь дуудаж байхгүй юу. Хэрэв Э.Цэндбаатар сая Азийн АШТ-д орсон бол гарцаа байхгүй медаль авах байсан юм. Би түүнийг түрүүлнэ гэдэгт 100 хувь итгэж байсан. Том толгой гарган бэлтгэлээс бууж л байдаг. Тамирчин хүнд сахилга бат маш чухал. Спортод ардчилал байх ёсгүй гэж боддог. Манай дээд үеийн ах нар кросс гүйлтэд хоцорч ирвэл хааяа нэг жавтий хүртээдэг л байсан. Тэглээ гээд муудсан юм алга. Бидний төлөө л тэгдэг байсан юм шүү дээ. Сахилга бат бол спортод хамгаас чухал.    

-Сонирхогчдын боксоор найман жил хичээллээгүй байж формоо яаж ингэж хадгалж чадаж байна вэ. Та гавьяат тамирчин Д.Отгондалайгаас долоо, найман насаар ах. Гэхдээ түүнтэй хоёр таарахдаа тэнцүүхэн үзэж байна лээ?

-Америкт боксын бэлтгэл сургуулилт хийдэггүй байсан ч холын зайн гүйлт, сагс тоглох зэргээр хөлс гаргадаг байлаа. Би одоо 27 настай байсан бол арай л дээр тулалдах байсан болов уу. 2016 оны УАШТ-д Д.Отгондалайд ялагдсан ч намайг шигшээ багт хоёр номерын тамирчнаар авсан. Гэсэн ч хоёр номерын тамирчнаа олон улсын тэмцээн уралдаанд явуулдаггүй юм байна лээ. Нэг номерын тамирчнаа олон улсын 7-8 тэмцээнд явуулах жишээтэй. Дотоодын өрсөлдөөн гэдэг зүйлийг сайжруулах ёстой гэж боддог юм. 

-Та Монголын хамгийн класс боксчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг хэлнэ дээ. Энэ хүн Монголын боксыг уналтад орох үед бэлтгэлээ таслалгүй хийж, AIBA-гаас зохион байгуулсан бүх тэмцээнд амжилттай оролцсон. Намайг Америкаас ирэхэд ид үеийнх шигээ бэлтгэл сургуулилт хийж л байна. Сая намайг зодог тайлахад их дурамжхан байна билээ. 

-У.Мөнх-Эрдэнэ та хоёр олимпийн “топ хөтөлбөр”-т багтаж байсан санагдана. Энэ хөтөлбөр тамирчин хүнд их дэмжлэг болно биз?

-Тэгэлгүй яахав. Мөөгий бид хоёр МҮОХ-ны “топ хөтөлбөр”-т орсноор бусдыгаа бодвол тэмцээн уралдаанд арай олон явдаг байсан. Үүнд хамрагдсанаар хамтарсан бэлтгэл, хувцас хэрэглэл гээд бидэнд их дэмтэй байсан. 2000-2004 онд энэ хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага гэсэн спортын төрлөөс ирээдүйтэй гэсэн хоёр тамирчныг оруулсан юм. Тэгээд боксоос У.Мөнх-Эрдэнэ бид хоёр багтаж байлаа. 

-Та Кубын боксчидтой бэлтгэл хийж байсан байх аа?

-Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу биднийг Кубын шигшээ багтай хоёр сарын хамтарсан бэлтгэл хийлгүүлдэг байсан. Кубын боксчид 2003 оны ДАШТ-ий өмнө манайд ирж, долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд бидэнтэй цуг Тайландын Бангкокт очиж байлаа. Ш.Сайхансамбуу  дарга намайг Кардова Кардин, Европын цуврал тэмцээнд оролцох зардлыг гаргах зэргээр их дэмжиж байсан. Тухайн үед манай үеийнхэн “Оргил” рашаан сувиллын хажууд байрлах “Нарантуул” гээд спорт клубт бэлтгэл хийдэг байв. Монголын бокст яг одоо тийм заал их үгүйлэгдэж байна. Тэнд фитнесс, хувцас солих өрөө, саун душ, бэлтгэлийн заал гээд дутуу юм байхгүй. Одоогийн Спортын төв ордны боксын заал бол хүнд шүү дээ. Өвөл нь цанатаж, халтирч унах, багтаамж бага зэрэг зовлон их байна. Хэрэглэл материал нь ч хуучирчихсан.    

-Ингээд харахаар таныг “Бээжин-2008” олимпийн наадамд өндөр амжилт үзүүлнэ гэж тал талаасаа дэмжиж байсан байна?

-Манай дээд үеийн ах нар намайг Америк явахад их уурлаж билээ. Би эргээд харахад Америк явсандаа харамсдаг. 

-У.Мөнх-Эрдэнэ гавьяат 2013 оны ДАШТ-ээс 31 насандаа медаль хүртсэн. Энэ амжилт таныг сонирхогчдын бокстоо эргэн ирэхэд нөлөөлсөн гэдэг?

-Тийм ээ. Бэлтгэл сургуулилтаа урьдынх шигээ хийгээд ирэхээр өмнөх мэдрэмж, ур чадвар эргээд сэргэдэг юм билээ. Гэхдээ хуучных шигээ байна гэж юу байхав. Манайхан 30 гарсан бол хөгширсөн, залуу үеэ бэлдэнэ гээд байдаг. Энэ буруу. Би найман жил боксоос хөндий байсан ч бэлтгэл хийгээд УАШТ-д олон залуу тамирчныг ялаад финалд шалгарсан. “Монгол туургатан” тэмцээнд ч олон залууг ялж түрүүлсэн. 

-Та Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад шалгалт өгч харагдсан. Дасгалжуулагч болохоор шийдсэн үү?

-Шигшээ багийн албан бус дасгалжуулагч гээд явж байна. Манай боксын холбооны удирдлагууд намайг бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 

-Тамирчны замналаа өндөрлүүлж, дасгалжуулагчийн албанд очиход хэр байна?

-Саяхан Хандгайтад Азийн АШТ-ий бэлтгэл цугларалтад гарсан. Яг дасгалжуулагчийн хувиар бэлтгэл сургуулилтад хамаг анхаарлаа төвлөрүүлээд ажиллахад амаргүй байна лээ. 

-Таныг Америкаас ирсэн жил олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр Америк явсан. Та мэргэжлийн бокст алдаж байсан ахын хувиар түүнд зөвлөгөө өгсөн үү?

-Н.Төгсцогт “Рио-2016” олимпийн наадамд үзсэн бол аварга болох магадлалтай байсан. Түүнд ялагдаж байсан Оросын тамирчин Миша Алоян олимпоос мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ юм гэдэг их сонин л доо. Хэрэв Төгсөө мэргэжлийн боксоо сонголгүй олимпод орсон бол яах ч байсан юм билээ. Боксын спорт бол хатуу шүү дээ. Ялалт ялагдлыг урьдчилан таахад бэрх. Н.Төгсцогт ид байгаа дээрээ мэргэжлийн рингийг сонгосон нь зөв гэж боддог. Зөв ч промоутертэй гэрээ байгуулсан байна лээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. mundag hun shuu

    0 0 Хариу бичих