ХЭРГИЙН МӨРӨӨР: Хүүхдийн эмнэлэгтэй залгаж барьсан 5 давхар барилгаас хүн унаж амиа алдлаа

П.Мөнхжаргал


-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан бол өнөөдөр ДҮҮ МИНЬ АМЬД БАЙХ БАЙЛАА-

Чингэлтэй дүүргийн XV хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, “Буянт-Ас” компанийн мужаан 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа унаж, гэмтсэн байна. Ослын улмаас хүнд гэмтсэн түүнийг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд тэрээр амьсгал хураажээ.

Хэрэг явдлын талаар бид талийгаачийн төрсөн ах А.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Болсон явдлын талаар танд ямар мэдээлэл байна вэ. Яг юу болсон юм бол?

-Бид болсон явдлын талаар тодруулахаар өчигдөр компани дээр нь очсон юм. Ажилчдаас нь асуухад таван давхраас унаж байхыг нь цөөн хэдэн хүн л харсан гэсэн. Яг яагаад унасан гэхээр төмөрт дэгээ хийх гэж байгаад унасан гэж байгаа. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байна гэж харсан. Тэгээд хөдөлмөр хамгааллын ажилтнаас нь зааварчилгаа өгсөн эсэхийг асуухад өдөр бүр өгдөг гэж хэлсэн. Тэр нь өдөр бүр өгдөг гэсэн цаасан дээр хэвлэсэн зүйл байсан.  Тэрийг нь харахад дандаа  ижил. Өмнөх зүйлээ хуулаад л, ажилчид нь шууд гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь хүн тус бүр ажлынх нь онцлогт тааруулж, зааварчилгаа өгөөд гарын үсгийг нь зуруулах ёстой шүү дээ. Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн нь багш мэргэжилтэй хүн гэсэн.

-Ослын газар дээр очиход ямархуу нөхцөл байдалтай байсан бэ?

-Очоод ямар хувцас өмсч байсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангуулсан талаар нь судалсан. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан иж бүрэн хувцсаар хангах ёстой компани гутлыг нь өгдөггүйг олж мэдсэн. Гутлаа өөрсдөө авдаг. Бусад хувцсыг нь компаниас нь тавьж өгсөн байгаа юм. Уг нь хамгийн нэг номерийн хангалт бол гутал. Ажиллаж байхдаа хөл дээрээ юм унагах, халтирах, эсвэл үдээстэй гуталтай бол нөгөөх нь юманд дүүжлэгдэх, дээр нь гишгэж, тээглэх осолд орох зэрэг асах ир эрсдэлтэй. Гэтэл ажилчид нь өөрсдөө ямар ч хамаагүй гутал өмсөөд ажилладаг юм билээ. Бас нэг асуудал нь, ажилчид нь өндөрт ажиллахдаа хэчнээн бүс зүүгээд дэгээтэй байсан хэдий ч зориулалтын тороос татаад бэхэлгээ хийх ёстой. Гэвч тухайн ажилтны ажиллаж буй өндөртэй тэнцэх, зориулалтын тросс байгаагүй. Өөрөөр хэлбэл, өндөрт дүүлж ажиллахдаа дэгээгээ хэв хашмал шахсан турба болон арматурын төмрөнд тогтоож байгаад ажилладаг байж. Муугаар бодоход, арматур нь дэгээндээ багтахгүй байвал ар араасаа дүүжлэгдсэн хүмүүс шууд л бусдыгаа татаад нурж унах эрсдэлтэй шүү дээ. Уг нь эргэн тойронд нь тойруулж тороос татаад тэр тороосноос ажилчид нь зориулалтын дэгээгээ хийж, ажиллах ёстой.

Дараагийн нэг зүйл гэвэл, барилгын эргэн тойронд учирч болох эрсдлээс иргэдийг болон ажилчдаа хамгаалсан тосгуур байгаагүй. Барилгуудыг хараад байхад эргэн тойронд хоёр метр орчим тосгуур байрлуулсан байдаг шүү дээ. Гэтэл тэрийг барилгынхаа 50 хувьд л хийсэн байна лээ. Харин манай дүү дээрээс унахдаа яг тосгуурны хажууд буюу 50 см-ийн наана унасан байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилласан бол өнөөдөр дүү минь амьд байх байсан.

Бас хэргийн газарт цагдаа нар хангалтгүй үзлэг хийсэн байна. Учир нь талийгаачийн унасан газрын дэргэд хэрэглэж байсан алх нь байсан. Тэрийг нь аваагүй байна лээ. Хэний гарын хээ байгааг бас шалгах хэрэгтэй шүү дээ.

-Талийгаачийн тухайд хэдэн хүүхэдтэй вэ?

-Талийгаач эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэр барьж амьдардаг байсан юм. Барилга дээрээс авсан цалингаараа л гэр бүлээ тэжээдэг байлаа.  Бид гүйцэтгэгч компанийг хардаж байгаа. Зөвшөөрөлгүй компани байх магадлалтай. Яагаад гэвэл барилга хоорондын зайг зөрчсөн барилга барихын зэрэгцээ зарим үед цалингаа тавихгүй байх тал байдаг байсан.  

-Зориулалтын бус төмөрт дэгээ өлгөх явцад ХӨЛ НЬ ХАЛТИРЧ ДООШ УНАЖЭЭ-

Ийн бид хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст баригдаж буй осол гарсан барилга дээр очсон юм. Тус барилгын хувьд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны чанх ард талд, баруун талаараа тус дүүргийн Хүүхдийн амбулатори, Өрхийн эмнэлэгтэй залгаад шахам баригджээ.

Хүүхдийн амбулатори барилга хоёрын дундуур 1.50 метр хүрэхтэй үгүйтэй зай байх аж. Хэрэв барилга дээрээс юм унаж ирлээ гэж бодоход тэнд хамгаалалт гэж хэлэхээр зүйл харагдсангүй. Хэдэн нарс эвлүүлж, төмөр дээр тогтоосон нь тун бэрх хамгаалалт аж. Хүнд жинтэй тоосго унахад л цөмрөх эсвэл нурах эрсдэлтэй харагдаж байв.

Биднийг барилгын гадна зогсож байтал тус хорооны иргэн гэх 60 орчим насны эмэгтэй  “Бид анх “Ашгүй, дахиад эмнэлэг барих нь. Том, шинэ, гоё эмнэлэгтэй болох нь баярлаж байсан. Гэтэл эмнэлэг биш орон сууцны барилга гэж сонссон. Дэргэдүүр нь гарахдаа бид дээрээс юм инээд ирэх вий гэж маш их айдаг. Хажууд нь Хүүхдийн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, бас ойрхон сургууль байдаг. Энүүгээр байнга л хөл хөдөлгөөн ихтэй. Ялангуяа сургуулийн хүүхдүүд, нялх хүүхдээ тэвэрсэн ээжүүд их явдаг. Бид чинь тайван ч алхаж чадахгүй шүү дээ. Ядаж байхад яг эмнэлгийн хажууд. Ямар нь ингэж барилга барьдаг байна” хэмээн ярилаа.

Осол гарсан уг барилга үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа бөгөөд иргэн Ганбат гэгч “Буянт-Ас” ХХК-иар захиалан бариулж байгаа аж.  Биднийг очиход барилгын үйл ажиллагаа зогссон, дотор нь гурван ажилтан нь зурагт үзээд сууж байсан юм. Тэд “Бид талийгаачийг унахыг хараагүй. Тэр манай үндсэн ажилтан байсан. Бид 15-уулаа ажилладаг. Энэ компанийн үндсэн ажилчид” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Ингээд болсон хэргийн талаар “Буянт-Ас” ХХК-ийн захирал н.Даваадоржтой холбогдсон юм. Тэрээр “Бид ажилчдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Тухайн үед талийгаач зассан бэхэлгээг янзлах гэж байгаад хөл нь халтирчихсан юм билээ” гэв.

Мөн түүнээс ажилчдаа яагаад гутлаар хангаагүй талаар лавлахад “Бид ажлын хувцсаар хангадаг. Гутлын тухайд ажилчид маань хөл дээрээ байнга юм унагах, халтирах зэрэг асуудалтай тулгардаггүй. Тиймээс гутал нэг их шаардлагагүй гэж үзсэн юм” гэдэг тайлбар өглөө.

“Буянт-Ас” ХХК-ийн тухайд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 3-4 жил болж байгаа гэнэ. Барилга хоорондын зай болоод хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, стандартын зөрчил яригдсан уг барилгын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл авахаар очсон ч “Прокуророос чиглэл өгөөгүй. Мэдээлэл өгч болохгүй гэсэн” хэмээгээд халгаасангүй.

Гэрэл зургийг Г.Даша

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Барилгын материал болон байрны үнийг бууруулахгүй бол нэг нэгнээсээ өргсөж ашиг олох гээд хичнээн энгийн амьдрах гэж ядаж яваа хүний алтан амийг таслах бол доо хөөрхий.ум сайн амгалан болтугай

    0 0 Хариу бичих
  2. шамбаардуулж барилга барихаа болимоор юм Ум сайн амгалан болтугай

    4 0 Хариу бичих