Эрдэмтэд байгалийн гаралтай ариун цэврийн хэрэглэл бүтээжээ

Л.Эрдэнэжаргал


Зөвхөн АНУ-ын хэмжээнд гэхэд жилд 20 сая ариун цэврийн хэрэглэл худалдаалагддаг байна. Гялгар уутанд савласан эдгээр бүтээгдэхүүнүүд нь хөрсөнд шингэж ялзартлаа олон зуун жилийг зарцуулдаг. Энэ асуудлыг АНУ-ын Юта мужийн Их сургуулийн оюутнуудын хамтран хийсэн бүтээл бүрэн шийджээ. Дэлхийн хамгийн анхны, хөрсөнд бүрэн задрах ариун цэврийн хэрэглэлийг тэд бүтээсэн нь байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн болсон байна.  

Хүн төрөлхтөн 2.8 сая жилийн өмнө Африк тив дэх уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийн явцад үүссэн гэдэг. Тэд тав тухтай амьдралыг бий болгохын тулд олон шинэ зүйлсийг бүтээсэн юм. Соёлт хүний бүтээсэн анхны ариун цэврийн хэрэглэл нь өнөөгийн бидний хэрэглэж буйгаас илүү нимгэн, байгалийн түүхий эдээр хийгдсэн байснаараа онцлог байжээ. “Шеро” хэмээн нэрлэгдэж байсан анхны ариун цэврийн хэрэглэл нь далайн замгийг өдгөө бидний хэрэглэж байгаа дүрдэг цайны гаднах цаасан уут шиг болгон боловсруулсан хөвөн дунд шингээгч болгон хийж ашиглаж байсныг археологочид олсон байдаг.

Ютагийн Их сургуулийн судлаач оюутнуудын бүтээсэн ариун цэврийн хэрэглэл нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү хурдан буюу 45 хоногоос 6 сарын хугацаанд хөрсөнд шингэдэг давуу талтай.

Уг бүтээгдэхүүнийг зохиосон 4 оюутны нэг, Ютагийн Их сургуулийн материал судлал, шинжлэх ухаан, инженерийн сургуулийн оюутан Амбер Баррон “ Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал бидний бүтээл задрах процесс нь илүү шинэлэг, урьд өмнө байгаагүй технологитой. Эмэгтэйчүүдийн одоо худалдан авч, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд шингээх чадвар муутай учраас хэмжээ нь том байдаг дутагдалтай юм билээ” хэмээн ярьжээ.

Оюутнууд өөрсдийн бүтээл болох “Шеро”-гийнхаа санааг Гватемалын охид эмэгтэйчүүдийн “Ахуйн эмэгтэйлэг хог хаягдлыг шийдвэрлэх нь” гэсэн ашгийн бус бичил төслөөс олж харсан аж. Оюутнуудын ажлыг удирдсан Профессор Жефф Бейтс Гватемал улсад олон нийтийн ахуйн ариун цэврийн асуудал, түүнд ашиглагдах бүтээгдэхүүнийг шийдсэн тогтолцоо байхгүй гэдгийг онцолжээ. Профессор Бейтс “ Нэг удаа манайх гэр бүлээрээ оройн хоолоо идэж байх үед 5 настай охин минь ууж байсан зүйлээ шалаар нэг асгачихсан. Тэр орой бид цагаан будаатай хоол хийсэн юм. Маргааш өглөө нь би сэрээд охиныхоо урьд шөнө асгасан шингэнийг арчихаар очиход бүх шингэн ор мөргүй алга болсон байлаа. Ажилруугаа явах замдаа би зөвхөн цагаан будаа тэр их шингэнийг сорсон юм байх даа л гэх бодлоосоо салж чадаагүй” хэмээн дурсчээ. Энэ бодол нь түүний шингэнийг хурдан,сайн шингээдэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг олохоор шулуудсан 2 жилийн судалгааны ажлыг нь эхлүүлсэн түүхтэй. Профессор Бейтсийн багийнхан гадил жимсний навч, хөвөнгийн төрлийн бүхий л навч, ишийг туршин судалсны эцэст “Шеро” хэмээх бүтээгдэхүүнээ гаргаж иржээ. “Шеро” нь дүрдэг цайны ууттай төстэй түүхий хөвөн давхарга, байгалийн гаралтай шингэнийг шингээхээс гадна сорох хөвөн давхарга,  шингээсэн буюу сорж авсан шингэнээ агаросгель /хүрэн замагний полимер/ -ээр хийсэн шингээгч давхарга болгон чийг татахаас хамгаалж, эрдэнэ шишэд суурилсан материалаар хийгдсэн эцсийн давхаргаас бүтнэ.

Байгальд түргэн задардаг ижил төстэй, тогтвортой шинж чанартай бүтээгдэхүүн олон байдаг хэдий ч боловсруулах явцад зузаан давхарга болж буй сул талтай аж. “Шеро”-г худалдан авах боломжгүй охид, эмэгтэйчүүдийг өөрсдийн гараар хийж хэрэглэж болохыг ч онцолж байгаа юм. Ядуу буурай орны эмэгтэйчүүд өөрсдийн гараар хямд хэрнээ байгальд бүрэн задардаг ариун цэврийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаалах  боломж нь ахуйн ариун цэврийг, эдийн засгийн үр ашигтайгаа хослуулах цоо шинэ гарц болж өгсөн давуу талтай ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)