Хөдөлмөрийн яармаг боллоо

Б.Оюу


Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг гадна талбайдаа зохион байгууллаа.

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилготой хөдөлмөрийн яармагт “Таван богд”, “Алтан тариа”, Тесо” “Залуучуудын хөдөлмөрийн академи зэрэг 40 ажил олгогч байгууллагууд оролцож, 1200 нээлттэй ажлын байранд залуусыг зуучилж байна.

Анкет бөглөх зориулалттай тусгай ширээ бэлдсэн бөгөөд түүн дээр залуус цуван зогсож анкет бөглөцгөөнө. Ихэвчлэн оюутнууд голдуу иржээ. Ажил олгогчид нээлттэй ажлын байрандаа анкет авч, тухайн ажлынхаа тавигдах шаардлага, давуу талын талаар танилцуулж байлаа.

Үүнээс “Таван богд” групп л гэхэд чанар судалгааны албаны дарга, бизнес хөгжлийн алба, рестораны менежер, бэлтгэн нийлүүлэлтийн ажилтан, хүргэлтийн жолооч гэсэн ажлууд байран дээр анкет авч байна. Эдгээрээс рестораны ажилтныг хүмүүс илүү их сонирхож анкет бөглөж байсан юм.

“Би бүрэн дунд мэргэжилтэй. Хараахан их сургуульд сурч амжаагүй байна. Өнөөдөр хөдөлмөрийн яармаг болж байгааг сонсоод ажлын анкет бөглөхөөр ирлээ. “Таван богд” группын хүргэлтийн жолоочийн ажлын анкет бөглөлөө” гэж иргэн Б.Батболд ярьлаа.

Энэ үеэр төгсөгч нарт ажлын байрны, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажлын байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг боломжийг олгож байлаа. Үүнээс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл тавьж байв.

Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг буюу өнгөрсөн оны байдлаар бүртгэлгүй иргэдийн 57.1 хувь нь дээрх насны залуучууд байгаа нь судалгаагаар гарсан байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 27.1 хувь буюу таван төгсөгч тутмын нэг нь л ажлын байртай болдог гэнэ.

“Магадгүй өндөр хөгжилтэй улс орнууд залуучуудыг оюутан байхад нь мэргэжлээр нь дагнан дадлага, цагийн ажил хийлгэж хөдөлмөрийн туршлагатай болгодог тогтолцоог бий болгодог. Монголд хэдий ийм тогтолцоо байгаа ч гэсэн хэрэгжихгүй байгаа. Үйлдвэрийн, танилцах зэрэг маш олон дадлага хийлгэдэг ч гэсэн залуус маань тэр дадлагыг нь хийлгүй гэртээ байж байгаад хамаатан, танилуудаасаа тодорхойлолт аваад багшийнхаа амыг тагладаг.

Их, дээд сургууль төгсөгчдийн 27.1 хувь буюу таван төгсөгч тутмын нэг нь л ажлын байртай болдог гэнэ.

Улс орных нь хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн тоо хэмжээ, тэлэлт, эдийн засгийн байдлаас хамаатай байх. Ажлын байр, бизнесийн үр ашгаас хамаарч яригдах асуудал юм. Манай улсад ажлын байр байдаг. Харин ажил олгогч байгууллагууд нь ажил эрхлэгч залуучуудынхаа шаардлагыг хангаж чадаж байна уу үгүй гэдэг нь чухал” гэж Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Билгүүтэй ярьж байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. үйл ажиллагаа нь дуусчихсан уу

    0 0 Хариу бичих