Д.Даваасүрэн: Хилийн чанад дахь монголчуудаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой

З.Хүслэн


Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгууль ирэх сард болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах зорилгоор сонгуулийн төв  комисс байгуулсан. Тус комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажиллаж байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй сонгогчдын саналыг авах чиглэлээр хийгдэж буй ажлын явцын талаар түүнтэй ярилцлаа.  

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа өгөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгнө. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв болон салбар комисс байгуулагдан ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Төв комисс  нь ГХЯ, СЕХ, ОӨУБЕГ-ын төлөөлөлтэй, 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Төв комисс байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссынхонд сургалт зохион байгуулахаас авахуулаад санал авах байранд ашиглагдах материал хэрэгслийг бүх салбар комиссуудад хүргүүлэх хүртэл олон ажил хийгдээд байна.

-Санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссынхонд сургалт зохион байгуулсан гэж байна. Нийт хэдэн хүн гадаадад байгаа иргэдийн саналыг  авах ажлын зохион байгуулалтад орж байна вэ?

-Төв комиссын тогтоолоор Хилийн чанадад 33 орны 45 хотод суугаа ДТГ-ын дэргэд салбар комисс байгуулагдан ажилдаа орсон. Салбар комисст нийтдээ 195 хүн багтаж байна. Эдгээр хүмүүст сургалт зохион байгуулж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу гэрчилгээ олгож, ДТГ-уудтай хоёр удаа видео хурал хийлээ. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран санал өгөх иргэдийн бүртгэлийг хийх, сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх сургалт зохион байгуулж, бүртгэлийн программыг бүх салбар комисст суурилуулаад байна.

-Гадаадад байгаа Монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуулиа эрт өгнө. Санал авах байранд ашиглагдах материал хэрэгслүүдийг хүргүүлсэн гэхээр одоо иргэд санал өгөх л үлдсэн гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн тухай хууль болон холбогдох журам заавар, санал авах байранд ашиглагдах, зурагт хуудас, төрийн сүлд, санал тэмдэглэх үзэг зэрэг материал хэрэгслийг бүх салбар комиссуудад хүргүүлсэн. Энэ ажлын хүрээнд Дипломат шуудангаар 15 газарт уг материал хэрэгслийг хүргүүлсэн. Бусад 30 газарт DHL олон улсын буухиа шуудан ашиглан илгээсэн. Эдгээр нь бүгд зохих ёсоор бүрэн бүтэн хүргэгдсэн. Үндсэндээ одоо иргэд эрхээ эдэлж, сонгуульд саналаа өгөх л үлдлээ гэсэн үг. Үүний тулд гадаадад байгаа иргэд маань санал өгөх хүсэлтээ ДТГ-ууддаа ирүүлж, бүртгүүлэх хэрэгтэй байна.

-Бүртгэл эхлээд дуусах шатандаа орчихлоо. Иргэдийн идэвх ямархуу байна вэ?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт хандан иргэнийг бүртгэх маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт өгч санал өгөх хүсэлтээ гаргах ёстой. Энэ дагуу сонгогчдын бүртгэлийг 2017 оны тавдугаар сарын 1-нээс 20-ны өдөр хүртэлх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд хийж байна.  Бүртгэл ид явагдаж байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр хилийн чанадад амьдарч байгаа 6000 гаруй иргэн бүртгүүлж, 4000 гаруй нь саналаа өгч, сонгох эрхээ эдэлсэн байдаг. Энэ удаа илүү олон хүн сонгох эрхдээ анхаарч, хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Тиймээс ч сонгуулийн санал авах өдөр, бүртгэлийн хугацаа, бүртгүүлэх арга хэлбэр зэрэг холбогдох мэдээллийг бүх ДТГ-ууд өөрийн цахим хуудас болон нийтлэг ашиглагддаг мэдээллийн сүлжээ, сошил медиа сувгаар түгээж байна. Төв комиссоос салбар комисстой байнга холбогдож өдөр тутмын үйл ажиллагааг удирдамж, чиглэлээр хангахын зэрэгцээ холбогдох хууль журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг чухалчилж байна.

-Бүртгүүлэхийн тулд иргэд заавал өөрийн биеэр ДТГ очих ёстой юу?

-Биечлэн очих болон шуудангаар, цахим шуудангаар, факсаар өгч болохоор сонголттой зохион байгуулсан. Аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар шийдсэн гэсэн үг. Харин саналаа өөрийн биеэр очиж өгнө.

-Бүртгэл дуусахад ердөө 3 хоног үлдсэн байна. Та хилийн чанадад суугаа иргэддээ анхааруулж хүсэх зүйл юу байна?

-Бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна. Үүнээс өмнө дээр хэлсэн хэлбэрээр санал өгөх хүсэлтээ тухайн суугаа орондоо байгаа ДТГ-ууддаа өгч, бүртгүүлээрэй гэж хүсмээр байна. Хилийн чанадад суугаа монгол иргэддээ Иргэнийхээ эрхийг эдэлж, Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 280 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хаха дуртай сонгуульдаа оруулаад, дургүйдээ хасчихдаг амар ч юм даа

    0 0 Хариу бичих