Ардын үг: Хуримтлалын бүлгүүдийг маань 2010 онд Ерөнхийлөгч бодитойгоор дэмжиж зарлиг гаргасан

Eagle.mn


"Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг ард иргэдээр хэлэлцүүлэн өнгөрсөн бямба гаригт дүн тавьсан. Хөндлөнгийн хараат бус МЕК судалгааны байгууллагын санамсаргүй түүврээр сонгогдсон "Ардын эксперт"-үүд Төрийн тэргүүний энэ чиглэлээр хийсэн ажлыг дүгнэж 8.7 оноо өгсөн юм. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг үнэлсэн "Ардын эксперт"-үүдын яриаг хүргэж байна. 

Иргэн Л.Сарангэрэл:

-Ард түмнээ оролцуулан хэлэлцүүлэг хийх нь оновчтой арга байна гэж үзэж байна. Өнөөдөр ардын эксперт болон энд сонгогдон оролцсоноороо их мэдээлэл аван сайхан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсондоо баяртай байна. Ардын үг гэдэг дээр өөрийн хэлэх гэсэн үгээ бичиж тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд хийсэн эдгээр ажлууд цаашдаа ч гэсэн үргэлжлээд явна гэж бодож байгаа. Ерөнхийлөгчийн хийсэн ажилд би онц сайн дүн тавьсан.

Иргэн С.Уянга:

-Миний хувьд “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян бол хамгийн оновчтой алхам байлаа гэж үзэж байна. Иргэдийн оролцоотой төр бол хамгийн шударга, ухаалаг төр гэж үзээд байгаа шүү дээ. Тиймээс ямар ч үйл ажиллагаа явуулсан ийм хэлбэрээр иргэдийг оролцуулж явбал үр дүнтэй, айхтар алдаад байхгүй байх гэж бодож байна. Би түүний хийсэн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд хийсэн ажилд эерэг үр дүнг өгч байгаа. Манай байгууллагын хэрэгжүүлдэг хуримтлалын бүлэг гэж ажил байдаг. Энэ бол гэр хорооллын иргэдийн нэгдэл юм. Тэдгээр иргэд хамтраад баялаг бүтээн орчноо сайжруулж мод тарьж байна. Энэ бүлгүүдийг маань 2010 онд Ерөнхийлөгч бодитойгоор дэмжээд зарлиг гаргасан. Түүний зарлиг бидний ажилд түлхэц өгсөн сайн шийдвэр болсон.

Иргэн Ш.Нарантуяа:

-Энэхүү хэлэлцүүлэг ерөнхийдөө таалагдаж байна. Ингэж асуудлаа ард түмэнтэйгээ ярилцан хэлэлцүүлэг явуулж байж алдсан оносон зөв зүйтэй зүйлээ мэдэж аван түүнийгээ ажил хэрэгтээ тусах нь зөв юм. Дараа дараагийн Ерөнхийлөгч ингэж ард иргэдийнхээ үгийг сонсож эндээс авах зүйлээ авч ажил төрлөө хэрэгжүүлж байвал зүгээр юм байна гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээл маш бага байдаг байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд мэдэхгүй байсан их олон зүйлээ мэдэж авлаа. Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн хуримтлалын бүлгийг нийлүүлэн газар өмчлөгчдийн холбоог байгуулан тэргүүнээр нь ажилладаг. Манай Хужирбуланд хуримтлалын бүлэгт иргэд идэвхтэй оролцон орчноо тохижуулж маш их ажил хийсэн. Үүнд анх 2005 онд Хот байгуулалт мэдээлэл судалгааны төв гэж байгууллага Монгол Улсын хэмжээнд анхны хуримтлалын бүлгүүдийг байгуулж байсан. 2010 онд Ерөнхийлөгч бидний ажлыг дэмжиж зарлиг гаргаж байсан. Үүнд маш их баярлаж талархаж явдаг. Энэ ажлын хүрээнд бид иргэдийн хуримтлалын бүлэг байгуулан сум, хорооноос хийгээгүй олон ажлыг өөрсдийнхөө нөхцөл боломжоор хийж хэрэгжүүлсэн. Түүнийхээ үр дүнг хараад өнөөдөр баярлаж явдаг. Гэхдээ бид хийсэн ажлаа одоо болоо гээд зогсоогүй. Өшөө ихийг хийхийг хүсдэг. Эхний ээлжид бид явган хүний зам тавьж байсан бол дараа нь сайжруулсан шороон зам, гудамжаа камержуулан ажил хийх тусам том мөрөөдөлтэй болон цэвэр дулаан бохирын шугамтай холбогдоё гээд явж байгаа. Манай хуримтлалын 10 бүлгийн 200-гаад айл энэхүү ажлаа хамтран хийхээр зүтгэж байгаа.  Хэрвээ би энэ хэлэлцүүлэгт оролцоогүй байсан бол Ерөнхийлөгчийн хийсэн ажилд 3-4 оноо өгөх байсан байх. Чих худалч нүд үнэнч гэдэг үнэн байдаг юм байна. Өнөөдөр эндээс авсан мэдээ мэдээллээрээ найман оноо өгч байна.

Иргэн Н.Уранчимэг:

-Би анх удаа ардынхаа дуу хоолойг сонссон хэлэлцүүлэгт оролцсондоо туйлын баяртай байна. Би Дархан-Уул аймгаас энэ хэлэлцүүлгийг зорьж ирсэн. Дарханчуудын төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Асуудал дэвшүүлсэн ард түмнээ оролцуулсан хэлэлцүүлэг болж байвал зүгээр юм байна гэж бодлоо. Би өөрөө хуримтлалын бүлэгт хамрагддаг учраас Ерөнхийлөгчийн хийсэн ажилд сэтгэл өндөр байна. Тэрээр ямар ч байсан ард түмэндээ хэлэх үгтэй, хийсэн ажилтай, ард түмнээрээ үнэлүүлэх хэмжээнд хүрсэн байна гээд дүгнэж байна. Би түүний хийсэн ажилд найман оноо өгнө.

Иргэн Д.Буянсайхан:

-Ард иргэдтэйгээ ойр дотно байж асуудлаа ярих бол хамгийн оновчтой хувилбар гэж бодож байна. Ярьж байгаа сэдвүүд нь хүртэл ард иргэдтэй маш ойр байгаад баяртай байна. Бид тэр бүр янз бүрийн асуудлыг мэддэггүй. Энэ хэлэлцүүлгийг зөв зохистой гэж бодож байна. Ерөнхийлөгчийн ногоон хөгжил баялаг бүтээгчдийн дэмжих чиглэлд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байна. Цөлжилт, агаар, ус, хөрстэй хамааралтай асуудлууд монгол оронд ямар чухал билээ дээ. Бид өвөл болоход ямар гамшгийн хэмжээнд цонхоо ч онгойлгор боломжгүй амьдарч байна гээч. Өглөө оройд битүү утаан дотор нь амьдраад байгаа. Ерөнхийлөгч энэ чиглэлд олон сайхан ажил хийж чадсан. Нэг жишээ л гэхэд тэрээр жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээрээ мод тарих өдөртэй болгосон. Өнөөдөр гэр хорооллын айл бүр хашаандаа жимсний бут гээд янз бүрийн мод тарьж байна. Тэднийг төр засгаас их дэмжих хэрэгтэй. Түүний хийсэн ажилд онц гэж үнэлгээ өгсөн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ааар саархан зүйлээр ард түмнийг хошгоруулсаар л амьдарч байна уу элбэгээ. Чухам чиний засаглалын үед л Монголд хамгийн бузар булай явдлууд гарсан шүү, Гадны эрхшээлд орсон ямар нийгэм байгуулсанаа хар.

    0 0 Хариу бичих