Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болжээ

С.Шийлэгтөмөр


Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулах эсэх нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байна. Учир нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал давамгайлж байгаа ч цаг хугацааны хувьд хэтэрхий тулчихсан нь ийнхүү эргэлзээ төрүүлээд байгаа юм. Харин эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр сууриндаа бат зогсч байгаа ажээ. Энэ нь дараахь гурван баримтаар нотлогдож байна.

Нэгдүгээрт, Д.Оюунхорол сайд уржигдар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив. Уг төслийн гол агуулга нь ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулах тухай юм. Ерөнхийлөгчийн сонгууль болоход 40 хоног үлдээд байна. Гэвч Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэж заажээ. Хуульд өөрчлөлт оруулан цаг хугацааны энэхүү зөрчлийг арилган Үндсэн хуульд нэмэлт, өөчлөлт оруулах асуудлаархи ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын дүнг энэ сарын 5-нд УИХ-д танилцуулсан. Тэр даруйд нь УИХ-ын дарга захирамж гарган Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. 

1. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Ажлын хэсгийн гишүүд:

2. О.Баасанхүү УИХ-ын гишүүн
3. Н.Батбаяр УИХ-ын гишүүн асан
4. Ж.Батзандан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга
5. М.Батчимэг УИХ-ын гишүүн асан
6. Л.Болд УИХ-ын гишүүн
7. Ж.Бямбадорж Хүний эрхийн үндэсний комиссын дарга
8. С.Бямбацогт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
9. Г.Занданшатар УИХ-ын гишүүн
10. Д.Ламжав Үндсэн хууль судлаач, Улсын Бага Хурлын гишүүн асан
11. Д.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
12. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
13. Х.Нямбаатар УИХ-ын гишүүн
14. С.Оюун Иргэний зориг ногоон намын дарга
15. М.Оюунчимэг УИХ-ын гишүүн
16. Ч.Өнөрбаяр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх
17. Б.Саранчимэг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
18. Я.Содбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
19. Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн
20. Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн
21. Ц.Цолмон УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга
22. Б.Цогтгэрэл МҮАН-ын дарга
23. Г.Чулуунбаатар Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч
24. Ч.Энхбаатар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч
25. Н.Энхболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
26. Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга:

27. Өлзийсайхан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх.

Гуравдугаарт, энэхүү ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоохон хоногийн дотор боловсруулж өргөн барихад бэлэн болжээ Эрх баригчид ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаравчилж буй шалтгааныг олон нийт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахтай холбон ойлгож байгаа. Гэвч ажлын хэсгийн боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах заалт ороогүй байна. Харин ч Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах саналыг Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дэмжээгүй учраас хасагдсан” гэлээ. Тэгэхээр Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах ямар шалтгаан байгаа нь тодорхой бус байна. Ямартай ч ажлын хэсэг хуулийн төслөө дараахь байдлаар боловсруулжээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд дор дурдсан агуулагатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
1/Хорин наймдугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
“3 Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурлын дарга түр хороо байгуулна.
4.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.”
2/Дөчин зургадугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
“4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтовортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5.Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгарварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглоно.”
3/Хорин тав1 дүгээр зүйл:
Хорин тав1 дүгээр зүйл

“1.1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхийн төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэл болон Улсын Их Хурлын үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ.
2.Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, Тавин наймдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл” гэсний дараа “хот” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсэг заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
1/Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн,
2/Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.”
2/Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“1.Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.”
3/Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг
“2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
4/Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.”
5/Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн  газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.”
6/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.”
7/Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.”
8/Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй, дотоод хэргийн яам,
2/Сангийн яам,
3/Гадаад хэргийн яам,
4/Батлан хамгаалах яам,
5/Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болно.”
9/Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.”
10/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчээр томилохоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно.”
11/Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
“1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харъяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.
2.Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
12/Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харъяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харъяалалтай/, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.”

4 дүгээр зүйл. Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусдад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” Гэснийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж, Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн ашиг сонирхолд” гэснийг “үндэсний язгүүр ашиг сонирхолд” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “гучин тав” гэснийг “дөчин” гэж, “хорин тав” гэснийг “гучин” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь дахь хэсгийн “ажиллана” гэснийг “ажиллах бөгөөд арван нэгэн гишүүнээс бүрдэнэ.” гэж Таван есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “нийслэл, хот, сум, дүүргийн” гэж, “Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын” гэснийг “Эдгээр Хурлын” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг хассугай.

6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 3 дугаар зүйлийн 3, 7, 11 дэх хэсэг болон 6 дугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн, бусад зүйл, хэсэг, заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. өөрчлөх шаардлагатай

    0 0 Хариу бичих
  2. Ард түмний хүссэн өөрчлөлт энэ бишээ энэ хулгайч нарт л хэрэгтэй

    0 0 Хариу бичих