Д.Хаянхярваа: Үндсэн хуулийг улс төрийн нам, албан тушаалтанд захируулж өөрчлөх ёсгүй

З.Хүслэн


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр "Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг ихээхэн татаж, хүлээлт үүсгэж ирлээ. Энэ удаагийн Улсын Их Хурал олон түмний санал бодлыг сонсож, шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярилцах нь зүйтэй байр суурьтай байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч энэ асуудлыг тусгасан.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс 4 удаа төсөл өргөн баригдсан. Энэ чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тодорхой хэмжээнд зөвшилцөл явагдаж ирсэн байдаг. Түүнчлэн Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар улс орон даяар судалгаа явуулсан. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд хэлэцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэн, санал асуулгад хамрагдсан. 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна. Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй улс төрийн намууд, төрийн институциудын төлөөллүүд, Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа.

2013 оноос хойш улс орны улс төр, нийгмийн амьдралд тулгамдаж буй тодорхой асуудлуудаар 12 удаа намуудын удирдлагын түвшинд үндэсний зөвшилцлийн арга хэмжээ явагдаж, байр сууриа нэгтгэсэн байна. Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг урьд нь бидний хэрэгжүүлж байсан үндэсний зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа ээлжит уулзалт, яриа хэлэлцээ юм" гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Иймээс энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно" гэдгийг онцоллоо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн. Түүнчлэн засаглалын хямралыг гүйнзгийрүүлсэн гэх шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт”-тэй гэгдэж ирсэн. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2001, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж байсан билээ.

Улмаар Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан.  Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, улс төрийн бүх намд хүргүүлсэн.

Одоогоор Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл төслийн талаарх саналаа ирүүлээд байгаа аж. Нийгмийн бүх талын төлөөллүүдийн саналыг авч төсөлд нэгтгэн тусгаж эцэслэн боловсруулсны дараа Улсын Их Хуралд өргөн барих чиглэлээр ажиллах юм байна. 

Ийн төгсгөлд нь ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөжээ. Төсөл ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Нийгмийн бүх талын төлөөлөл оролцуулна гээд Элбэгдоржийн ажлыг дүгнэсэн шиг төлөөлөл гаргаад ард олны амыг хааж болохгүй шүү. Та нарын ам ажил хоёр их хол зөрдөг шүү. Болимоор юм. . .

    0 0 Хариу бичих
  2. 76 кнопыг 19 хүн хуралдаж шийдвэрлж дарж байгаа танай нам энэ тал дээр тэгвэл тайлбар хэлээдэх дээ ХОНГРын хамуу өвчин гэж өншилсон гараа!!!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ