Жүдогийн ертөнцийн шинэ од

Өнгөрсөн сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр жүдогийн ертөнц нэгэн шинэ “од”-оо өлгийдөж авлаа. 16 настай, Киев хотын 328 дугаар лицей сургуулийн сурагч Дарья Белодед энэ тэмцээний 48 кг-ын жинд ОХУ-ын Мария Персидская, Сербийн Милица Николич, Унгарын Эва Черновицкий, ОХУ-ын Ирина Долгова зэрэг хашир туршлагатай эгч нараа хожин алтан медаль хүртсэн юм. Энэ жилээс насанд хүрэгчдийн ангилалд хүч үзэх болсон түүний анхны тэмцээн нь Прагад болсон Европын цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байсан бөгөөд тэрээр шууд алтан медаль хүртсэн. Харин хоёр дахь тэмцээн нь Европын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Д.Белодедын гайхамшигтай амжилтын ачаар Украины баг тивийнхээ АШТ-д түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон билээ.

Жүдо бөхийн мэргэжилтнүүд нэгэн дуугаар “Жүдогийн ирээдүй” хэмээн цоллож буй энэ охиныг уншигчдадаа танилцуулья. 

Дарья Белодед бөхийн мундаг удамтай охин. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч явжээ. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж. 

Дарья Белодед бөхийн удамтай охин. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч юм. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж. Тэд охиноо эхлээд уран гимнастикийн дугуйланд өгсөн ч охин нь “Жүдогоос өөр ямар ч спортоор хичээллэхгүй” гэсэн тулган шаардалт хийсэн тул аргагүйн эрхэнд ээжид нь “тушаасан” гэж Г.Белодед нэгэн ярилцлагадаа дурджээ. 
Эцэг, эхийн ген нөлөөлсөн үү, Дарья үеийнхэн дундаа онцгойрч, дөнгөж 13-тай байхдаа Украины 16 хүртэлх насны АШТ-д түрүүлсэн гэдэг. Тэрээр түүнээс хойш улсдаа ялагдал гээчийг амсаагүй өдийг хүрсэн бөгөөд 2015 онд 14-хөн настайдаа 16 хүртэлх насны охидын ДАШТ-д түрүүлж, хамгийн залуудаа аварга болсон дээд амжилтыг тогтоосон юм. Алтан медаль хүртэх замдаа тэрээр хөнгөн жинд дэлхийд тэргүүлдэг Румын, Япон, ОХУ, Италийн охидыг ялсан байдаг. Өсвөрийн ДАШТ-д 14 настайдаа түрүүлсэн нэг япон охин байдаг ч тэр түрүүлэх үедээ Дарьягаас гурван өдрөөр эгч байсан гэнэ.  

Украин улс спортын арвин баялаг уламжлалтай, агуу тамирчид олонтой ч Дарья эдүгээ эх орондоо хамгийн алдартай тамирчдын нэг болжээ. Насанд хүрэгчдийн ангилалд ердөө хоёрхон тэмцээнд оролцсон түүнийг ингэж өргөмжилж байгаа нь мэдээжийн хэрэг, ирээдүйд гаргах амжилтад нь найдаж, итгэл хүлээлгэснийх. Охин ч энэ бүхнийг ойлгож, спортын төлөө бүхнээ зориулж буй. Усанд үсрэлт, хөнгөн атлетик, уран сайхны гимнастик сонирхдог ч жүдо, усанд сэлэлт хоёроос бусдад нь цаг гаргаж амждаггүй, долоо хоногт ганц л өдөр амарч бусад цагаа бэлтгэлд зарцуулдаг гэх түүний өмнө олон, олон тэмцээн хүлээж байна. 

Тивийн аварга болсныхоо дараа өгсөн ярилцлагадаа жингийнхээ хамгийн хүчтэй бөхөөр манай МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нарыг нэрлэсэн байна лээ. Жингийнхнээсээ бараг тохой өндөр, загвар өмсөгч шиг туяхан биетэй ч Дарьяд дайчин чанар бий. ЕАШТ-д гэхэд л дөрвөн барилдааны гурав нь нэмэлт цагт шийдэгдсэн, алтын төлөө барилдаанд торгуулиар хожигдож яваад шийдсэн мэхээр цэвэр ялсан нь түүнийг ялагчийн сэтгэлзүйтэй болохыг харуулсан. Удахгүй бид хоёр шилдэг бөхөө энэ украин охинтой татами дээр тулалдахыг харах биз ээ.

Нэрийн хуудас 

Бүтэн нэр: Дарья Геннадьевна Белодед
Төрсөн огноо, газар: 2000 оны аравдугаар сарын 10. Киев, Украин
Нас: 16
Биеийн өндөр, жин: 172 см, 49 кг 
Дасгалжуулагч: Геннадий Белодед, Светлана Кузнецова 

Амжилт:
-Европын аварга 2017
-Тивийн цомын аварга шалгарулах нээлттэй тэмцээний аварга (Прага) 2017
-Өсвөр үеийн дэлхийн аварга U18 2015
-Европын аварга U18 2015, 2016
-Европын цомын тэмцээний дэд аварга U21 (Каунас и Пакш) — 2016
-Европын цомын тэмцээний аварга U18: Загреб 2015, Теплице 2015, Клуж-Напока 2015, Загреб 2016, Теплице 2016.
-Украины аварга U21 – 2015, 2016
-Украины аварга U18 – 2015, 2016
-Украины аварга U17 – 2014, 2015
-Украины аварга U16 – 2014


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Манай 2 бүсгүй өмнүүрээ алхуулахгүй бх хэрэгтэй шүү яасан ч урт чацтайн отгонцэцэгийг бол базаад авчихаар өндөр гар бндаа. Манай 2 тамирчнаас айж бн гдг тэр хэмжээний мундгууд 3 хан сая хүнтэй монгол бн шүү дээ. Агуу орон агуу тамирчид

    0 0 Хариу бичих
  2. Од нь гийсэн охин байна.Амжилт хүсье!

    0 0 Хариу бичих
  3. Шинэ өрсөлдөгч гарч ирж байгаа юм байна харж л байя

    0 0 Хариу бичих
  4. NAADHIIG CHINE MANAI OHIDUUD ARCHAAD HAYCHIISHD YUNII OD BHAV

    0 0 Хариу бичих