Роберт Цой: Хүүгээ нас барахад “Гурав дөрвөн жилийн дараа гэхэд хүмүүс түүнийг мартах байх даа" гэж бодож байлаа

Алдарт рок хөгжимчин, дуучин, “Кино” хамтлагийн ахлагч Виктор Цой амьд сэрүүн байсан бол энэ жил 55 насыг зооглох байжээ. Эрх чөлөөг хүсч тэмүүлсэн, өөрчлөлтийг үгүйлсэн дуунуудаараа ЗХУ-ыг өөрчлөн зохион байгуулахад тодорхой нөлөө үзүүлсэн энэ агуу хүний эцэг Роберт Цойгийн нэгэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө хорт хавдар өвчнөөр өвдсөн ч В.Цойгийн шүтэн бишрэгчид нь мөнгө цуглуулах аян өрнүүлснээр аймшигт өвчнийг даван гарсан юм. Виктор Цойн тоглосон “Зүү” киноны найруулагч Рашид Нугманов тэргүүтэй хүмүүс энэ ажлыг зохион байгуулжээ. Өдгөө Роберт Максимович аймшигт өвчнөөс бүрэн ангижирсан байна. Орост Виктор Цойн амьдралын тайлагдашгүй нууц хэсгүүдийн талаар кино хийх гэж буй. Энэ талаар эцгийнх нь сэтгэгдлийг сонсохоор өнгөрсөн хоёрдугаар сард сэтгүүлчид очиж уулзахад “Шүд л хааяа өвддөг. Бусдаар бол зүв зүгээр” гэсэн байна билээ. Тэрээр мөн хүүгийнх нь амьдралд нууц зүйл юу ч байхгүй, кино хийх гэж байгаа нөхдүүд олны анхааралд орохын тулд л ийм зүйл бодож олоо биз гэсэн байна. Ингээд Роберт Максимович хүүгийнхээ талаар юу ярьсныг уншигчиддаа хүргэе. 

-Викторт урлагийн авьяас байгааг анх хэзээ олж харсан бэ?

-Эхлээд зургийн авьяас нь илэрсэн юм. Ээж Валентина Васильевна нь олж харсан.  Гурав, дөрөвдүгээр ангид байхдаа хүү минь үнэхээр муугүй зурдаг байсан юм. Ээж нь хүүгээ зураач болж магадгүй гэж горьдож байсан учир Дүрслэх урлагийн сургуульд оруулсан гээч. Тэр тэнд таван жил сурсан. Муугүй ч суралцаж, хотын үзэсгэлэнд бүтээлүүд нь тавигдаж байлаа. Авьяас нь багаасаа илэрсэн болохоор бид түүнийг зураач болно л гэж боддог байв. Хөгжим сонирхоод явчихна гэж санаагүй.

-Түүний бүтээлүүдэд бусдаас ялгагдах онцлог байсан уу?

-Натюрморт, графикууд гээд сурагчийн л ажил байсан болохоос өөрийн гэсэн бүтээл байгаагүй л дээ. Харин "The Beatles" хамтлагийн зургийг их зурдаг байсан. Жон Леннон, "Битлз" түүнийг хөгжимд сонирхолтой болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

-Хүүгээ рок хөгжимд шимтэж эхэлсэн үеийг нь санаж байна уу?

-Хоолойны өнгө нь өөрчлөгдөж эхэлсэн тэр үеэс эхэлсэн. Тэр үед түүний хоолой нь тогтож өгөхгүй их зовж байсныг нь би одоо л ойлгож байна. Гэртээ байх үедээ тэр угаалгын өрөөнд орж хоолойгоо янз бүр болгож дасгал хийгээд байх шиг байдаг байсан. Тэр үеэс л гитар тоглож, дуу зохиож, байрны багачуудтай хамтлаг байгуулж эхэлсэн.

-Хэзээнээс шүлэг бичих болсон юм бол?

-Яаж эхэлснийг нь Гребенщиков их тодорхой  бичсэн байдаг юм. Виктор 20 настайдаа анхныхаа дууг бичээд Борис Гребенщиковт үзүүлсэн байдаг. “Миний найзууд амьдралд үргэлж цоглог алхалдаг” /"Мои друзья всегда идут по жизни маршем"/ дуу. Түүний анхны дуунуудын нэг байсан байх. Борис түүнийг их магтаж, энэ үеэс хойш Виктор нэг хэсэг түүний нөмөр нөөлөгт багтсан гэсэн. Энэ талаар өмнө нь их бичсэн дээ.

-Хүүгийнхээ тоглолтод очиж байсан уу?

-Нэг удаа. 1988 билүү 1989 онд, түүнийг алдартай болчихсон байх үед ээжтэй нь хамт очсон. Мэдээж, дажгүй байсан. Хүмүүс их цугласан. Ойлгоход хэцүү юм шиг санагдаж байсан. Цаг үе нь тийм байлаа шүү дээ.

-Викторыг анх телевизээр харахад ямар санагдаж байсан бэ?

-Хамгийн эхнийх нь 1985 онд, нэг, хоёр орчим минут гарсан юм. Тэгээд л цаашаа давтамж нь ч, хугацаа нь ч нэмэгдсэн дээ. 88-аас 90-ээд оны үед маш их алдаршиж  “Үзэл бодол” /“Взгляд”/ нэвтрүүлэгт байнга уригддаг байв. Энэ мэдээж жирийн хэрэг биш шүү дээ. Бахархах мэдрэмж мэдээж хэрэг байлгүй яах вэ.

-Викторыг од гэдгийг хэдийд мэдэрсэн бэ?

-Бидний хүү од байжээ гэдгийг өнгөрснийх нь дараа л ойлгосон. Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм. Зөвхөн бид ч биш бүгд л ойлгосон гэж бодож байна. Нэр алдар нь улам ч их өссөн. Алдар хүндийн оргилд байх үедээ өнгөрсөнтэй нь холбоотой байх.

-Хүүтэйгээ байх үеэс юуг хамгийн сайн санадаг вэ?

-Сүүлчийн уулзалт. Тэгэхэд тэр ээж Валентина Васильевнагийнхаа ажил дээр ирж “Жигули” машин бэлэглэсэн юм. Бидэнд тийм машин авах мөнгө байгаагүй, гэтэл тэр 9000 рублийг халааснаасаа л гаргаад өгсөн. Тэр үедээ нүдэнд нь ямар нэг гунигтай байдал илрэх шиг санагдсан. Түүний энэ байдал надад таалагдаагүй байснаас тэгж санагдсан ч байж болох юм. Тухайн үедээ асуулгүй өнгөрсөн, гэвч дараа нь... өнгөрсөн дөө.

-Ханан дээр “Цой амьд” гэж бичсэн байхыг, гудамжинд хэн нэгэн хөвгүүн хүүгийн тань дууг дуулж байхыг сонсход ямар байдаг вэ?

-22 жил өнгөрсөн байна шүү дээ /ярилцлагыг 2012 онд авсан/. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Эхэн үедээ хэцүү л байсан. Гурав дөрвөн жилийн дараа гэхэд хүмүүс түүнийг мартах байх даа гэж боддог байв. Гэтэл огт мартагдаагүй. Хүүг минь ямар хүн байсныг ч мэдэхгүй жаахан хүүхдүүд дуунд нь дурлаж байгааг хараад гайхдаг. Энэ бол үнэхээр авьяас. 

-Та тэгвэл ямар дуунд нь дуртай вэ?

-Хүмүүс“Цусны бүлэг” /"Группа крови"/, “Нарны нэрэмжит од” /"Звезда по имени Солнце"/ дууг нь их сонсож алдаршуулдаг. Харин надад бол “Тогшилт” /”Стук”/ бусдаасаа илүү таалагддаг.

-Виктороос Саша хүү нь үлдсэн. Та нартай холбоотой байдаг уу?

-Харилцаагаа хадгалахад амар биш байсан. Түүнд хэцүү байгаа. Виктор Цойн ганц хүү нь байна гэдэг ямар хэцүү болохыг би одоо ойлгож байна. Тэр 14-15 настай байхдаа л олны танил гэж ямар байдгийг мэдэрчихсэн. Магтуулж, муулуулж үзсэн. Тэгээд энэ бүхнийг нулимахаар шийдсэн. Би ойлгож байгаа. Саша хэнд ч , тэр байтугай надад ч утасны дугаараа өгдөггүй. Энэ бүхэнд сэтгүүлч та нар бас буруутай. Та нар бүгд адилхан сайн санаатай байдаггүй шүү дээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Narnii neremjit od gene uu zuv orchuulaachee.

    0 0 Хариу бичих
  2. Курт кобейн Виктор цой агуу шүү

    0 0 Хариу бичих
  3. Взгляд бол ганцхан харц гэсэн уг биш шуу дээ овгон, энэ тохиолдолд узэл бодол гэсэн утгатай

    5 0 Хариу бичих
  4. ямар аймаар алдаатай юм бэ. Нийтлэхээсээ өмнө алдаагаа хянаарай

    1 1 Хариу бичих