Т.Ганцэцэг: Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэглэх нь сэтгэл гутралд автуулдаг

Б.Оюу


ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дээр 350 сая хүн сэтгэл гутралтай байна гэжээ. Мөн зургаан хүн тутмын нэг нь амьдралдаа ямар нэгэн байдлаар сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн байдаг байна.

Энэ эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх өвчлөл бөгөөд амиа егүүтгэх эрсдэл өндөр байдаг аж. Мөн түүнчлэн төрсний дараах сэтгэл гутрал нь хүүхдийнхээ амийг егүүтгэх эрсдэлд хүртэл хүргэдэг гэнэ. Төрсний дараах сэтгэл гутралын талаар доктор Т.Ганцэцэгээс тодрууллаа.

-Эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал ихэвчлэн юунаас үүдэлтэй байдаг юм бол оо?

-Сэтгэл гутрал нь үндсэн гурван том хүчин зүйлээс үүдэлтэй. Эхнийх нь нийгмийн сэтгэл зүйн хүчин зүйл буюу бидний өдөр тутмын амьдралд тохиолдож буй бэрхшээлүүд багтана. Үүнд ажил дээр гарсан хэрүүл маргаан, гэр бүл салалт, ажил бүтэлгүйтэл  болон бусад хүчин зүйлүүд байна. Дараагийнх нь бие махбодийн өвчнүүд. Урт удаан хугацаагаар өвдөж буй өвчтөнүүд, цус харвалтын дараах сэтгэл санааны байдал, витамины дутагдал зэрэг шалтгаанууд байна. Энгийн ханиад хүрэхэд хүртэл сэтгэцийн өөрчлөлт гардаг. Хүмүүс ханиад хүрэхээрээ бухимдаж, уурлаж, төвөгшөөдөг шүү дээ. Эдгээр чинь сэтгэл гутралд нөлөөлдөг. Сэтгэл гутралд нөлөөлдөг дараагийн гол шалтгаан бол эмэгтэйчүүдийн биологийн хүчин зүйлүүд юм. Насны онцлогуудтай холбоотой сэтгэл гутрал бий болно. Үүнд сарын тэмдэг ирэх, жирэмсэн болох, төрөх, цэвэршилт зэрэг нь физиологоороо горманы өөрчлөлт гардаг. Хүний биеийн даавруудын тэнцвэрт байдлууд алдагдсантай холбоотойгоор хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг бодисууд алдагдана. Үүнээс үүдээд  хэт саатлын байдалтай болоод, сэтгэл гутрал үүсдэг. Эмэгтэйчүүдийг хамгийн их сэтгэл гутралд хүргэдэг зүйл бол жирэмсэлтээс сэргийлэх эм юм. Ялангуяа төрөх насны эмэгтэйчүүд жирэмсэлтээс сэргийлэх эмийг удаан хугацаагаар уудаг. Энэ төрлийн эмийг эмчийн зааваргүй дур мэдэн, завсарлагагүй уух нь эргээд эмийн хамааралтай сэтгэл гутрал үүсэх шалтгаан болдог.

Төрөх насны эмэгтэйчүүд жирэмсэлтээс сэргийлэх эмийг удаан хугацаагаар уудаг. Энэ төрлийн эмийг эмчийн зааваргүй дур мэдэн, завсарлагагүй уух нь эргээд эмийн хамааралтай сэтгэл гутрал үүсэх шалтгаан болдог. 

Жирэмсэлтийн үед горманы өөрчлөлт тэнцвэрт байдал алдагддаг. Нөгөө талаар төрсний дараа  шинэ хүндээ дасах хугацаа хэрэгтэй болдог.Түүнийг хооллох, хуурайлах, шөнө сэрээд уйлдаг энэ бүхэнд залуухан ээж дасах шаардлагатай. Хүн хамгийн багадаа найман цаг унтаж бүтэн амрах ёстой байтал шинэхэн ээжүүд чаддаггүй. Энэ байдал тэдэнд хүндээр тусаад сэтгэл гутралд хүргэдэг. Гэхдээ төрсний дараах 14 хоногт гормануудын тэнцвэр алдагдаад хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал явж байдаг. Гэтэл дээрээс нь нэмээд гэр бүлийн асуудлууд, хүүхэддээ түүртэх, ажил хийдэг байж байгаад гэртээ суухаар, өрхийн орлого муудах зэрэг нийгмээс болон гэр бүлээс ирж буй дарамтууд нь төрсний дараах сэтгэл гутрал хэмээх эмгэгт автуулдаг.

-Төрсний дараах сэтгэл гутралд залуу ээжүүд их автдаг юм шиг санагддаг. Энэ талаар та дэлгэрэнгүй хариулт өгөөч?

- Анхны төрөгч гэдэг чинь гэр бүлийн амьдралд дасаагүй байгаа шүү дээ. Тэд шинээр гэр бүл үүсгээд сайхан байна гэж боддог. Гэтэл яг өөрт тулгараад ирэхээр тэр нь санаснаас нь арай өөр байдаг. Наад зах нь гэрээс гарахгүй гэртээ урт хугацаагаар сууна гэдэг тэдний хувьд тулгамдсан асуудал болж байгаа юм. Гэхдээ бүх залуучууд биш. Бие хүний онцлог, зан араншингаасаа шалтгаалаад янз янз байна. Төрсний дараа ямарч насны эмэгтэйд горманы өөрчлөлтүүд гарна. Харин дээрх шалтгааны улмаас залуу насны эмэгтэйчүүдэд илүү тохиолдох магадлалтай. 2002 онд хийсэн судалгаагаар нийт төрсөн эхчүүдийн 9.1 хувь нь сэтгэл гутралтай гэж гарсан. Саяхан АНУ-ын их сургуультай хамтраад 200 гаруй эхийг хамруулаад төрсний дараах сэтгэл гутралын судалгааг хийхэд тэдгээрийн 50 орчим нь сэтгэл гутралтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Судалгааны дүн эцсийн байдлаар гарч амжаагүй байна. Энэ оны сүүлээр тодорхой болно.

-Сэтгэл гутралд автсан, тэр тусмаа төрсний дараах сэтгэл гутралтай байгаа эмэгтэйчүүдэд та юу гэж зөвлөдөг вэ?

-Сэтгэл гутрал нь физиологийн үйл ажиллагаа гэж дээр хэлсэн. Сарын тэмдгийн үед эмэгтэй хүн бухимдаж л байдаг. Энэ нь цаанаасаа физиологиоороо л ирээд явж байгаа юм. Сарын тэмдэгийн хугацаа дуусахад эргээд хэвийн байдалдаа орно. Гэтэл нийгмийн хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа сэтгэл гутрал нь тайлагдахгүй даамжраад явбал олон эрсдэлд хүргэх аюултай. Тиймээс иргэдэд сануулахад стрэссээ цаг тухайд нь тайлж сур. Стрэсст хүн өртөхгүй байх боломжгүй. Цаг тутамд биднийг стрэсс дагаж явдаг. Энэ тохиолдол бүрт бид эерэгээр зарим асуудлыг харж сураад, сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Харин төрсний дараах сэтгэл гутралд автсан эмэгтэйчүүд бол юун түрүүн өрхийн эмчдээ болон гэр бүлдээ ханд. Ний нуугүй ярилц. Хэрэв бүр болохгүй бол сэтгэлзүйчид оч. Таниас хамаарах зүйлгүй маш хэцүү санагдаж байгаа бол СЭМҮТ, дүүргүүдийн сэтгэцийн эмчдээ хандаж болно. Ер нь сэтгэл гутралын талаар анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтнүүдэд хангалттай мэдээлэл өгсөн. Сэтгэл гутралыг оношлох, эмчлэх бүрэн боломжтой. Энэ нь эмээр эмчлэгдэхгүй. Тайван сайхан байдал, сэтгэл заслаар эмчлэгддэг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Ний нуугүй ярилц. Хэрэв бүр болохгүй бол сэтгэлзүйчид оч.

-Манай үндэстэн их бүрэг хүмүүс байдаг. Сэтгэл хөдлөлөө тэр болгон бүрэн илэрхийлж чаддаггүй учраас сэтгэл зүйчид хандаж, тэдэнтэй харьцах тал дээр маруухан байдаг байх. Тийм үү?

-Тэгж хэлж бас болох юм. Сүүлийн үед манай улсад амиа хорлолт өсөх хандлагатай байна. Үүн дээр манай нэг залуу багш магистрийн ажлаа хамгаалсан. Мөн “Хүмүүс ямар шалтгаанаар амиа хорлоод байна. Үүнд юу нөлөөлдөг” талаар  миний таньдаг бас нэг багш докторын ажлаа хийгээд явж байна. Одоохондоо тодорхой үр дүн гараагүй байгаа. Эдгээр судалгааны ажлуудаас харагдаж байгаа гол зүйл нь юу байна гэхээр манай улсад амиа хорлолтыг бүртгэдэг бүртгэлийн тогтолцооны систем хангалтгүй гэдэг нь харагдсан. Хаана ч очоод энэ бүртгэлийг авъя гэхэд баталсан бүртгэл бага байдаг юм билээ. Манайд сэтгэл судлаачид олон байна. Цахим ертөнцөөр ч тэр харж байхад сэтгэл судлаачид цөөнгүй. Сэтгэцийн эмчээс илүү сэтгэл судлаачид их байна шүү дээ. Их дээд сургуулиудад сэтгэл судлалын ангиуд олон байхад аргагүй дээ.  Гэвч тэдний үйл ажиллагаа нийгэмд хүрэхгүй байна. Иргэд сэтгэл судлаачид хэрхэн хандах эсэхээ мэдэхгүй байгаа тал харагддаг. Нөгөө талаас өсвөр насныхан тэр тусмаа хүмүүсийн сэтгэл зүйн зөвлөгөө авах хамгийн ойрын хүн хэн бэ гэвэл байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг дээр байгаа нийгмийн ажилтан, зарим газар сэтгэлзүйчид байгаа тэдэндээ хандаж зөвлөгөө авч, сэтгэл гутралаас гарч болно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)