Улсын хэмжээнд нийт 381.6 мянган га-д үр тариа тарина

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх ганцхан асуудал байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээлэл хийсэн юм.

Түүний мэдээлснээр 2017 онд улсын хэмжээнд нийт 381.6 мянган га-д үр тариа, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ тарихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.

Түүнээс гадна хаврын тариалалтад нийтдээ улаанбуудайн үр 54.3 мянган тонн шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалалтын эрхлэлтийн санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байгаа аж. Товчхондоо, төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөц бүрдсэн гэж үзсэн байна.

Харин техник технологийн хувьд, 2017 оны хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2980, үр тарианы үрлүүр 2017, хөрс боловсруулах техник 5787, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах аж.

Мөн элеватор, зоорь агуулахын хувьд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой гэж Ерөнхий сайд мэдээллээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zeel odoogoor orj ireegui bhad ediin zasag elgeeree hevtlee geed bsan, odoo hevtsen bga bdalni ene uu?

    0 0 Хариу бичих