БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид банкнаас зээл авч байна

Eagle.mn


2017 онд дэлхийн олон улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаагийн нэг нь БНСУ юм. Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 5 сарын 9-нд болох бөгөөд өдгөө сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байна.

Умард Солонгосын цэрэг батлан хамгаалах бодлогын улмаас Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан эгзэгтэй үед БНСУ-ын ерөнхийлөгч хэн болох, улмаар шинэ ерөнхийлөгчийн Умардын талаар болон тус бүс нутгийн зургаан талт яриа хэлэлцээний оролцогч орнууд болох АНУ, БНХАУ, ОХУ-ын талаар баримтлах бодлого ямар байхаас энэ бүс нутгийн цаашдын хувь заяа ихээхэн хамаарах учраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Энэ удаагийн сонгууль зөвхөн Солонгосын ард иргэд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь өмнөх Пак Гын Хэ авилгын улмаас хугацаанаасаа өмнө огцорч мөрдөн байцаалт явагдаж байгаатай холбоотой юм. Нөгөө талаас Умард Солонгосын цэрэг батлан хамгаалах бодлогын улмаас Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан эгзэгтэй үед БНСУ-ын ерөнхийлөгч хэн болох, улмаар шинэ ерөнхийлөгчийн Умардын талаар болон тус бүс нутгийн зургаан талт яриа хэлэлцээний оролцогч орнууд болох АНУ, БНХАУ, ОХУ-ын талаар баримтлах бодлого ямар байхаас энэ бүс нутгийн цаашдын хувь заяа ихээхэн хамаарах учраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Мөн энэ удаагийн сонгуульд аль намын хүн сонгогдохоос шалтгаалж Пак Гын Хэгийн авилга авсан гэмт хэргийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхой болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн гэсэн үүргүүдийг давхар гүйцэтгэдэг хамгийн хүчтэй хүн юм.  Тухайлбал Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдийг шууд томилох, нэг их наяд гаруй доллартай тэнцэх ДНБ-тэй эдийн засгийг удирдах, зэвсэгт хүчин ерөнхий командлах үүргүүдийг гүйцэтгэдэг юм.

Сонгуульд нийт 15 намын нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогийн байдлаар олон нийтийн санал асуулгаар Ардчилсан  намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин 42 хувь, Ард түмний намаас нэр дэвшигч Ан Чол Сү нар 31,8 хувийн рейтингээр тэргүүлж байна. 

БНСУ-ын сонгуулийн үйл явц, тэр дундаа сонгуулийн санхүүжилт нь Монгол улсынхаас ихэд ялгаатай байдаг. Энэ удаа сонгуулийн санхүүжилтийн талаар тодруулан үзье.

 Монгол улсын хувьд улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн кампанийн зардлаа бүгдийг нь өөрсдөө босгодог бол Солонгост төрөөс сонгуулийн кампанийн зардлын тодорхой хэсгийг олгодог. Тухайлбал, энэ жилийн хувьд намууд төрөөс олгож буй төсөв, банкны зээл, иргэдийн хүүтэй зээлүүлсэн мөнгөөр бүрдэх сан, сайн дурын хандив болон намын өөрийн хөрөнгө гэсэн эх үүсвэрүүдээс санхүүжилтээ босгож байна. БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос 4 сарын 19-нд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй парламентад суудалтай намуудад төсвөөс 42 тэрбум 100 сая воныг хуваан олгов. Ингэхдээ намуудын парламентын сонгуульд авсан суудалд дүйцүүлэн зургаан намд хуваан олгосон байна. 42 тэрбум 100 сая воны 29,8 хувь нь Ардчилсан намд, 28,4 хувь нь Солонгосын эрх чөлөөний намд, 20,6 хувь нь Ард түмний намд, 15,1 хувь нь Барын жондан буюу Зөв намд,  6,5 хувь нь Шударга эвсэл намд тус тус ногдсон байна.

БНСУ-ын сонгуулийн санхүүжилтын дараагийн нэг онцлог бол тухайн нэр дэвшигч сонгуульд 15 хувиас дээш санал авсан тохиолдолд сонгуулийн зардлыг улсын төсвөөс  100 хувь, 10-15 хувийн санал авсан тохиолдолд сонгуулийн зардлын 50 хувийг буцаан олгодог явдал юм. Ийнхүү намуудад сонгуулийн зардлыг төрөөс олгох, авсан саналын дүнд нийцүүлэн  гаргасан зардлыг төрөөс буцаан олгох зэрэг нь улс төрийн нам, нэр дэвшигчдэд гарааны ижил тэгш байдал олгох, зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүн сонгуульд ялах явдлаас сэргийлэх зорилготой билээ.

БНСУ-ын сонгуулийн санхүүжилтийн нэг сонирхолтой зүйл нь хэрэв нам ба нэр дэвшигч санхүүгийн боломж тааруу байвал сонгуульд зориулж банкнаас юмуу хувь хүнээс зээл авч болдог явдал.

БНСУ-ын сонгуулийн санхүүжилтийн нэг сонирхолтой зүйл нь хэрэв нам ба нэр дэвшигч санхүүгийн боломж тааруу байвал сонгуульд зориулж банкнаас юмуу хувь хүнээс зээл авч болдог явдал.

Ер нь өөрийгөө гарна гэж бодож байгаа гарах магадлал өндөртэй нэр дэвшигчид ихэнхдээ ийм зээл авч сан бүрдүүлдэг. Хувь хүмүүс нэр дэвшигчид хөрөнгө оруулалт буюу зээл өгвөл жилийн 3,6% хүүтэйгээр нэг жилийн дотор буцаан олгох ёстой юм. Тэгвэл энэ их мөнгийг нэр дэвшигч яаж буцаан төлөх вэ? Хэрэв нэр дэвшигч 15 хувиас дээш санал авсан тохиолдолд төсвөөс мөнгөө 100 хувь буцаагаад авдаг тул иргэдэд мөнгийг нь хүүтэйгээр эргүүлэн төлөх боломжтой болдог. Харин рейтинг багатай нэр дэвшигчид ингэж өндөр хүүтэй зээл иргэдээс авахгүйгээр өөр арга замаар санхүүжилтэй босгодог, эс тэгвэл өрөнд ордог юм. Энхүү зарчим нь мөнгө хөрөнгө багатай нам, нэр дэвшигчдэд ч гэсэн сонгуулийн кампаниа явуулахад дэмжлэг болдог юм. Энгийн үгээр хэлбэл ерөнхийлөгчийн сонгуульд өр тавьж зээл аваад ялалт байгуулвал буцаан олгоно гэсэн зарчмаар сонгуулийн санхүүжилтийн нэлээд хэсгийг бүрдүүлэх явдал юм.

Нам, нэр дэвшигчид ийнхүү төрөөс болон иргэдээс зээл, хандив авсны  хариуд зардлаа ил тод тайлагнах, хариуцлага хүлээх үүрэгтэй. Сонгуулийн төсөв мөнгийг юунд зарцуулсан, юу худалдан авсан, бусад ямар үйл ажиллагаанд зарцуулсан зэргийг нарийвчлан гаргаж олон нийтэд ил тод мэдээлэл өгч хандиваа нээлттэй зарладаг. Ингээд парламентад суудалтай намуудын энэ жилийн сонгуулийн санхүүжилт хэрхэн бүрдэж байгааг авч үзье.

Парламентад хамгийн олон буюу  119 суудалтай Ардчилсан нам 12 тэрбум 400 сая воныг төсвөөс авсан. Үүн дээр нэмж санхүүжилтийг босгож байна. Ардчилсан намынхан анх 10 тэрбум вонын сан бүрдүүлнэ гэж тооцоолж байсан боловч зөвхөн 4 сарын 19-ний өдөр  гэхэд л 32 тэрбум 900 сая  воныг 4488 хүнээс цуглуулж чадсан байна. Энэ нь нэг хүн дунджаар 7 сая 340 мянган вон шилжүүлсэн гэсэн үг юм. Ийнхүү анх таамаглаж байснаасаа гурав дахин ихийг босгож чадсан нь нэр дэвшигч нь ард иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй байгаагийн илрэл юм. Ингээд төсвөөс олгосон 12 тэрбум 300 сая, хувь хүмүүсийн зээлүүлсэн 33 тэрбум, банкнаас зээлсэн 1 тэрбум 700 сая, үүн дээр нь банкны зээл, намын өөрийн төсөв, иргэдийн хандив нэмэгдээд нийт 47 тэрбум воноор 22 хоногийн турш компанит ажлаа зохион байгуулах юм.

Харин парламентад суудалтай хоёр дахь том нам болох Солонгосын эрх чөлөөний нам нь Пак Гын Хэгийн намаас тасарч гарсан шинэ нам юм. Пак Гын Хэгийн талын улс төрчид намдаа үлдэж,  харин эсэргүүцэгч бусад гишүүд нь намаас гарч Солонгосын эрх чөлөөний нам нэртэйгээр шинээр зохион байгуулалтанд орсон юм. Одоогийн байдлаар Солонгосын эрх чөлөөний нам парламентад 93 суудалтай байгаа бөгөөд энэ сонгуулиар төсвөөс 12 тэрбум вон авсан. Солонгосын эрх чөлөөний нам Ардчилсан намын адил хувь хүмүүсээс хүүтэй зээл авч сан босгоогүй бөгөөд  өөрсдийн намын байр болох үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж 25 тэрбум воны зээл авч сонгуулийн зардлын үлэмж хэсгийг бүрдүүлж байна. Хэрвээ нэр дэвшигч нь 10 хувиас дээш санал авж чадахгүй тохиолдолд сонгуулийн зардал нь намын гишүүдийн төлөх өр болж үлдэх юм. Тийм учраас иргэдэээс хүүтэй зээл авч сан бүрдүүлээд буцаан олгож чадахгүйгээ таамаглан анхнаасаа сан байгуулаагүй гэж хэвлэл мэдээлэл болон судлаачид дүгнэж байна. Энэ нам төсвөөс өгсөн 12 тэрбум, банкны зээл, намын татвар, хандив зэргээс бүрдсэн 33 тэрбум буюу нийт 45 тэрбум төгрөгөөр сурталчилгаа явуулах ёстой болж байна.

Гурав дахь том нам болох Ард түмний намын нэр дэвшигч Ан Чол Сү нь Ардчилсан намтай эвсэл байгуулж байсан боловч одоогоос хоёр жилийн өмнө тусдаа нам байгуулан гарч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүчтэй өрсөлдөгчийн нэг юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар Ард түмний нам парламентад 40 суудлыг авч байсан бөгөөд энэхүү суудалдаа дүйцүүлэн төсвөөс авсан 86 тэрбум, банкнаас авсан 10 тэрбум, хандиваар бүрдсэн 26 тэрбум 400 сая вон буюу нийтдээ  45 тэрбум воноор сонгуулийн кампаниа явуулах юм.

Барын жондан буюу Зөв намын хувьд  парламентад 33 суудалтай бөгөөд энэ удаагийн сонгуулиар Юү Сын Мин нэр дэвшиж байна. Олон нийтийн санаа бодлын судалгаагаар эдний намын нэр дэвшигч хамгийн бага рейтингтэй явж байгаа. Уг намын хувьд төсвөөс 6,3 тэрбум, үүн дээр хандиваар 2,7 тэрбум, нийт 9 тэрбум вонд багтааж сурталчилгаа явуулна. Намын удирдлагууд зардал багтай сонгуулийн сурталчилгаагаа явуулна гэдгээ хэвлэл мэдээллээр албан ёсоор мэдэгдэж сурталчилгааны машинаас илүүтэйгээр ухуулагч нар нь дугуй, мотоциклоор сурталчилгаагаа явуулж байна. 

Парламентад хамгийн цөөн буюу зургаан гишүүнтэй Шударга эвсэл нам энэ удаад төсвөөс 2,7 тэр бум, намын өөрийн хөрөнгө болон иргэдийн хандив нийлээд 2,5 тэрбум, нийт 5,2 тэрбум вонд багтаан сурталчилгаагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга болох эмэгтэй нэр дэвшигч Шим Сам Жон өрсөлдөж байна. 

Улс төр судлаач Б.Урангоо

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Урангоодоо улам амжилт хүсье Солонгосын улс төрийн байдлаар сайн хуваалцаж байгаарай

    0 0 Хариу бичих
  2. Uu za za, neg bodliin zuv ch um shig, neg bodliin buruu ch um shig

    0 0 Хариу бичих