Үсрэнгүй хөгжлийн сүүдэр-“Ард үлдсэн хүүхэд”

Х.Батсайхан


Хүйсийн тэнцвэргүй байдал /Хятадын зарим тосгонд насанд хүрсэн 100 эрэгтэйд 36 эмэгтэй ногддог гэсэн судалгаа буй/, амиа хичээх үзэл гэх мэт одоо тулгамдаад байгаа асуудлаас гадна ирээдүйд илүү бэрхшээл үүсгэж мэдэх бас нэгэн учир шалтгаан бий болсон нь эцэг, эхээсээ хол өсч байгаа хүүхэд юм.

Дэлхий нийтийг гайхшруулж буй БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн цаана хүний хөгжил гэгч чухал хүчин зүйл орхигдож байгаа талаар Хятад судлаач эрдэмтэд халаглан бичсээр байна. Хүйсийн тэнцвэргүй байдал /Хятадын зарим тосгонд насанд хүрсэн 100 эрэгтэйд 36 эмэгтэй ногддог гэсэн судалгаа буй/, амиа хичээх үзэл гэх мэт одоо тулгамдаад байгаа асуудлаас гадна ирээдүйд илүү бэрхшээл үүсгэж мэдэх бас нэгэн учир шалтгаан бий болсон нь эцэг, эхээсээ хол өсч байгаа хүүхэд юм. Хотжилт, хөдөө тосгон дахь ажлын байрны хүрэлцээгүй байдал нь судлаачдын Left-behind child буюу “Ард үлдсэн хүүхэд” гэж нэрлэсэн хүүхдүүд үүсэх гол шалтгаан болж байгаа ажээ.

БНХАУ-ын хөдөө тосгонд амьдардаг залуу хосуудад ямар бэрхшээл тулгардагийг төсөөлөөд үзье л дээ. Юун түрүүнд, хөдөө тосгонд ажлын байр байхгүй. Хятад улс 30 жилийн дотор 600 сая хүнийг ядуурлаас гаргасан гэдэг ч ажлын байр нь том хотуудад л гардаг хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, шинэ хот үүсэхийн хэрээр жижиг тосгод эзэнгүйдэх, устаж үгүй болох үйл явц тус улсад зэрэг үргэлжилж байгаа юм. Тосгонд өрх бүл үүсгэсэн гэр бүлийн хоёр мөнгө олохын тулд  төрөлх тосгоноосоо 1000-1500 километрт орших том хотыг бараадах нь хэвийн үзэгдэл. Хэрвээ үр хүүхдээ хамт дагуулж явбал нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж бараг үгүй. Төрийн тогтолцоо нь угаасаа тийм аж. Эцэг эхээ дагаж үндсэн харьяаллаасаа өөр газар очсон хүүхэд сургуульд сурах боломжгүй, өвдлөө гэхэд улсын эмнэлэгт үзүүлэх эрхгүй. Өөр улсын иргэдэд ийм нөхцөл байдлыг тулгавал арай л өөр сонголт хийж магад, харин хятад залуусын хувьд, хүүхдээ тосгонд үлдээхийг илүүд үздэг байна. Эдүгээ Хятадын янз бүхрийн хотод ажил хийж буй эцэг, эхчүүдийн 61 сая хүүхэд хөдөө тосгонд, эмээ, өвөөгийнхөө /Дийлэнх нь боловсролгүй/ гар дээр өсч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэхүү 61 сая хүүхдийн 40 хувь нь таваас доош насныхан бөгөөд ихэнх нь эцэг эхээ огт хараагүй байна. Тосгон биш хотод амьдардаг хамаатнуудын асрамжинд дахиад есөн сая хүүхэд байгаа аж. АНУ-ын бүх хүүхэд нийлээд 70 сая. Чухам ийм учраас л Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн сүүдэрт нуугдсан “Ард үлдсэн хүүхэд” анхаарал татсан асуудал болж хувирчээ. Ардл үлдсэн хүүхдийн онцлогийг судалсан судалгааны дүн ар, араасаа зарлагдсанаар энэ асуудал улсын хэмжээнд анхаарал хандуулах хөндүүр сэдэв гэдэг нь ойлгомжтой болж ирэв.

“Ард үлдсэн хүүхэд” эцэг эхийнхээ гар дээр өсч байгаа хүүхдээс туранхай, намхан, бие бялдрын хувьд дорой байдаг нь батлагдлаа. Дөрөвний нэг нь хоол хүнсний хомсдолтой байдаг нь тодорхой болов. Growing Home байгууллагын судалгааагаар, “Ард үлдсэн хүүхэд” нь бусад үе тэнгийнхнээ бодвол хямралд илүү өртөмтгий, сэтгэлзүйн хувьд эмзэг, тогтворгүй болох нь илэрчээ. Ганхайн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, ийм хүүхдүүд нь сургуулиас зарсардах нь их, нийгмийн хөгжлөөр бусдаасаа хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байна. Тодорхой баримтууд ч гарч эхлэв. 15 настай Жан Юню, 12 настай Жан Юнхай хэмээх ах, дүү хоёр “Ард үлдсэн хүүхэд” бусдад хөнөөгдсөн хэрэг энэ оны эхээр Хятадын нэгэн тосгонд гарч, улс орныг цочролд оруулсан юм. Учир нь, яг тэр тосгонд 5-12 насны дөрвөн “Ард үлдсэн хүүхэд” ойр, ойрхон зайтай амиа хорлож байсныг хүмүүс “гэнэт” санажээ. Ингээд гэмт хэрэгт холбогдсон, амиа хорлосон хүүхдүүдийг судлаад үзтэл “Ард үлдсэн хүүхэд” гэмт хэрэг үйлдэх, өөрсдөө ч гэмт хэргийн золиос болох магадлал /эцэг эх дээрээ өссөн хүүхдүүдтэй харьцуулбал/ маш өндөр болох нь баримтаар нотлогдоод ирсэн аж. Ингээд энэхүү асуудлыг олон улсын хэмжээнд ач холбогдол өгөн судлах болов.

Мэдээжийн хэрэг, дэлхийн аль ч улсад “Ард үлдсэн хүүхэд” бий. Гэхдээ нөхцөл байдал гарах үр дагавар нь харилцан адилгүй. Тухайлбал, Филиппин, Шри Ланкийн гэр бүлүүд дотооддоо гэхээсээ илүүтэй  өндөр цалинтай гадны улс орнуудад явж ажиллдаг учир “Ард үлдсэн хүүхдэд” бусдаас илүү боломж үүсдэг байх жишээтэй. Харин БНХАУ-ын хувьд, дотоодын цагаачлалыг хязгаарлах зорилгоор хийж өгсөн төрийн зохицуулалт нь “Ард үлдсэн” хятад хүүхдүүдийг ийнхүү өрөвдөлтэй байдалд оруулдаг аж. Хөдөө тосгоны сургуулиудад сурдаг “Ард үлдсэн хүүхэд” элдэв төрлийн хүчирхийлэлд ихээр өртдөг гэсэн судалгаа ч гарч байна. Ийм зовлон бэрхшээл туулсан сая, сая хятад хүүхэд насанд хүрэхээрээ хэн олж хувирах вэ гэдэг асуудал эрх баригчдын төдийгүй жирийн иргэдийн санаа зовоосон асуудал болжээ.   

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)