В.И.Лениний шарилыг оршуулах тухай хууль Думын гишүүдийг талцуулав

Х.Батсайхан


Оросын хувьсгалын их удирдагч Владимир Ильич Лениний цогцсыг оршуулах тухай хуулийн төсөл өдгөө ОХУ-ын төрийн Думд ид яригдаж байна. Дум дахь “Нэгдмэл Орос”, Либерал Демократ намын бүлгийн дэмжлэгийг хүлээсэн энэ төсөл бусад намуудад таалагдаагүй аж.     

Хуулийн төслийг санаачлагчдын нэг Владимир Сысоев “Иргэдийн дунд санал асуулга явуулахад ихэнх нь Ильичийн шарилыг оршуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа” гэж мэдэгджээ. Харин Коммунист нам эсэргүүцэж, их удирдагчийн түүхт ойн босгон дээр (В.И.Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлсэн) ийм асуудал сөхөж байгаа нь байж болшгүй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

В.Сысоевын хэлснээр, Лениний шарилыг харж хамгаалах өртөг зардал нь улсын төсөвт дарамт учруулж байгаа бөгөөд энэ нь хууль санаачлах болсон нэг шалтгаан гэнэ. Харин Коммунистууд, большевикууд хүчтэй эсэргүүцсэнээр асуудал хэрхэн шийдэгдэх нь ойлгомжгүй болоод буй аж.

Думын гишүүн В.Рашкин энэ талаар “В.И.Лениний шарилыг оршуулах хууль эрхзүйн ямар ч үндэслэл байхгүй. Лениний бунхан бол ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг. ОХУ ЗХУ-аас энэ байдлыг уламжлан авч баталгаажуулсан. Тиймээс юуг ч өөрчлөх шаардлагагүй” гэж мэдэгджээ.     

“Нэгдмэл Орос” нам цалин тэтгэмжтэй холбоотой асуудлыг олон нийтийн анхаарлаас холдуулах гэсэндээ ийм алхам хийж байгаа гэж большевик, коммунистууд үзэж байгаа ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Өнгөрсөн хүнийг ингэж байлгах нь муу ёр гэдэг юм билээ. Оршуулах нь зөв

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ