Н.Санчир: Би будган дотор төрсөн хүн

Eagle.mn


Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд  зураач Н.Санчирын 70 насны ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн үүдээ нээгээд долоо хонож байна. 

Удам дамжсан уран зураач, өвөрмөц уран бүтээлч энэ эрхэмтэй үзэсгэлэнгийнх нь танхимд цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-Танд юуны өмнө 70 насны тань ойн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа.

-Та төрсөн өдрөөрөө, 70 насны ойдоо зориулж үзэсгэлэнгээ нээжээ. Энэхүү үзэсгэлэнгийн өөр онцлог гэвэл юуг хэлэх вэ?

-Онцлог гэвэл миний зургууд бусад хүмүүсийнхтэй адилгүй л дээ. Харин зарим нь намайг дуурайгаад байдаг юм. Тэгэхээр бас онцлогтой л байж таарах нь. Гэхдээ энэ бол нарийндаа урлаг судлаачдын л ажил гэж боддог.

-Энэ таны хэд дэх үзэсгэлэн бэ?

-Мэдэхгүй ээ, тоогоо алдсан даа. Анхны үзэсгэлэн гэх юм бол хүүхэд байхдаа гаргаж байсан. Ойролцоогоор 5-6 орчим настайдаа, Яармагийн дэнж дээр хүүхдийн уран зургийн танхимд гаргаж байлаа. Миний үзэсгэлэн гэж юу байх вэ дээ. Аав маань л миний зурагнуудыг аваачаад тавьчихсан байсан.

-Таны аав Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Намхайцэрэн гуай. Уран зургийн ертөнцөд хөл тавихад мэдээж аавын тань нөлөө их л байсан байлгүй?

-Тийм л дээ. Аавын нөлөө их байсан. Түүнээс гадна манай удам сударт ч зураачид бий.

-Та гадаадын хэчнээн оронд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв?

-Тоймгүй олон доо. Жишээ нь АНУ, БНСУ, Герман,Чех гээд л нэлээд хэдэн улсад үзэсгэлэнгээ гаргаж байлаа.

-Таныг цөөн үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?

-Би будган дотор төрсөн хүн. Өөр амьдрал  мэдэхгүй, өөр ертөнцийг танихгүй. Нэг ч удаа худалдаа хийж, мал маллаж үзээгүй тийм л хүн.

-Та уран зургийн чиглэлээрээ хойно суралцсан байх аа?

-Угерсдке Градше хотын Уран сайхан-үйлдвэрлэлийн сургуульд 1963-1968 онд,  Санкт-Петербург хотын Дүрслэх урлагийн академид 1972-1977 онд суралцсан. 

-Таны хүндэлж, биширч явдаг зураач гэвэл хэн бэ?

-Дэлхийн бүх зураачид.

-Таны хамгийн хайртай бүтээл?

-Би бүтээлээ хүүхэд шигээ л санадаг даа. Би бүх хүүхдүүддээ хайртай.

Тэрээр ийм л өвөрмөц, содон уран бүтээлч. Намхайцэрэнгийн Санчир зураачийн бүтээлүүдийг доктор, профессор Мирослав Кливар “Түүний уран зураг өвөрмөц. Энэ бол хүний анатомийг нарийвчлан дүрсэлдэг сэргэн мандалтын үеийн зураг биш. Харин ёс зүйн бодгальд үзүүлэх хүндэтгэл, бие сэтгэлийг муу бүхнээс цэвэрлэх хүсэл юм” хэмээн үнэлсэн байдаг.

Б.Мөнгөнбагана

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Bayar hurgey! :)

    0 0 Хариу бичих