Нохой тэжээдэг айлын хүүхдүүдийн дархлаа сайжирдаг

Л.Эрдэнэжаргал


Нохой тэжээдэг айлын хүүхдүүдийн эргэн тойронд байх нянгийн хэмжээ бусад тэжээвэр амьтантай болон амьтан тэжээдэггүй өрхүүдийнхээс өндөр байдаг аж. Гэхдээ энэ нь муу биш харин ч сайн мэдээ гэдгийг Канадын Албертагийн Их сургуулийн судлаачид тогтоосон байна. Тэдний хийсэн судалгаагаар нохой тэжээдэг айлын гэрт бусад тэжээмэл амьтадтай айлуудыг бодвол илүү нян байдаг бөгөөд энэ нь харин ч сайн мэдээ хэмээн тайлбарлажээ. Нохой тэжээдэг гэхээр манайх шиг гэр хорооллын нөхцөлд хашаанд амьдарч, хоолны шавхруу иддэг нохой бус орон сууц, хаус хороололд амьдардаг өрхийн, мал эмнэлэгийн вакцинжуулалтад хамрагддаг нохойтой айлуудын дүнд хийсэн судалгаа юм шүү. Уг судалгаагаар нохой тэжээдэг айлын эзэгтэйн жирэмслэлтийн эхний 3 сард руминококкус /ruminococcus /, осциллоспира / oscillospira / нянгийн хэмжээ нь өндөр байдаг гэсэн дүн гарчээ. Ураг бүрэлдэж буй хамгийн эмзэг үед дээр дурьдсан нянгуудын хэмжээ өндөр байх нь хүүхдийн дархлааны тогтолцоог онцгой маягаар бүрэлдүүлснээр харшил, таргалалтад өртөх эрсдлийг нь өндөр хувиар бууруулдаг аж. Гэхдээ зөвхөн ураг бүрэлдэх явцад жирэмсэн эхийн эргэн тойрон дахь нянгаас авсан дархлаа бөгөөд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд ийм төрлийн дархлааны тогтолцоо бүрэлддэггүй гэдгийг судлаачид онцолжээ. Учир нь ураг бүрэлдэх явцад жирэмсэн эхийн амьдарч байгаа орчин, нярай хүүхдийн өссөн орчин 2 цаашид тэдний бие махбодийн дархлааг бий болоход нөлөөлдөгтэй холбоотой юм. 

Руминококкус болон осциллоспира нянгууд нь нохой тэжээдэггүй айлын хүүхдийн өтгөнөөс илэрсэн байна. Судалгааг удирдсан Алберта Их сургуулийн эрдэмтэн Анита Козирскийгийн тайлбарлаж буйгаар дээрх 2 нян нь хүн, амьтны хоол боловсруулах эрхтэнд амьдардаг гэдгийг олж мэджээ. Хүний биед амьдарч, өтгөнөөр гадагшилдаг хэдий ч ямар нэгэн ноцтой өвчин үүсгэдэггүй, нэгэнт дархлаа нь тогтсон хүүхэд, том хүний дархлааны тогтолцоог өөрчлөх чадваргүй эдгээр нян нь нохой тэжээдэг гэр бүлийн гишүүдийн биенд 2 дахин ихээр агуулагддагт бүх нууц нь оршиж байгаа ажээ. 

Шороо болон бидний тэжээдэг амьтадын биед агуулагддаг нянгууд амьдрал эхлэх тэр мөчөөс эхлэн дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Манай судалгааны багийн хийсэн дүгнэлт хэзээ нэгэн цагт гэрийн тэжээмэл амьтны бие дэх нянгуудыг хуулбарлах, дуурайлгах замаар эмийн үйлдвэрлэлд ашиглаж, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хамгаалах ч юм билүү.

Жирэмсэн болон төрсний дараахь үедээ ямар нэг хэмжээгээр антибиотик хэрэглэж байсан эх, хүүхдийн дархлаа нохой тэжээдэг өрхийн гишүүдийнхээс, тэдний нярай хүүхдийнхээс хамаагүй муу байдаг гэдгийг ч нотолсон байна. Судалгааны багийнхан Канадын нялхасын эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд бүртгэгдсэн багтраа өвчтэй хүүхдүүдийн өтгөнд судалгаа хийж нохойтой өссөн хүүхдүүд ийм өвчнөөр өвчлөх нь маш цөөн байдгийг тогтоожээ. “Шороо болон бидний тэжээдэг амьтадын биед агуулагддаг нянгууд амьдрал эхлэх тэр мөчөөс эхлэн дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Манай судалгааны багийн хийсэн дүгнэлт хэзээ нэгэн цагт гэрийн тэжээмэл амьтны бие дэх нянгуудыг хуулбарлах, дуурайлгах замаар эмийн үйлдвэрлэлд ашиглаж, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хамгаалах ч юм билүү. Алсдаа эмийн үйлдвэрүүд хүний хоол боловсруулах замд агуулагддаг, хэд хэдэн төрлийн бактерийн цуглуулга болох микробиомын нэмэлтийг бий болгохыг оролдох бус эрүүл мэндийг дэмждэг бичил биет пробиотикийг хийх эхлэл болох магадлал өндөр байна” хэмээн судлаач Анита Козирский онцолжээ. 

Нохой идэвхтэй тэжээдэг байх нь биеийн тамирын хувьд ч чухал ач холбогдолтой байдаг. Нохой өдөрт дунджаар 10-15 км газар гүйх шаардлагатай байдаг. Тиймээс ч нохойгоо салхилуулж байгаа хүн өдөрт мөн л адил 10-15 км газрыг гүйх буюу алхаж өнгөрөөдөг. Японд насанд хүрсэн 200 хүний дунд хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсийн 54 хувь буюу тэжээвэр нохой эзэмшигчид, өдөрт хийх ёстой хөдөлгөөний хэмжээг биелүүлж байжээ. Энэ нь тэдний нохойгоо өглөө орой салхилуулж, дагуулж алхаж байсантай холбоотой юм. Таны өдөрт гүйцэлдүүлэх ёстой дасгалын хэмжээг хангаж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд туслах дасгалжуулагч нь таны нохой болдог гэсэн үг. Бидний сайн мэддэгээр алхах буюу гүйх үед хүний биеийн ихэнх хэсэг хөдөлгөөнд орж, булчингууд идэвхтэй хөдөлж эхэлдэг. Тогтмол гүйж, алхдаг хүн илүүдэл жинд санаа зовох хэрэггүй болдог. Биеийн жингээ тогтмол барихаас гадна үе мөчийг чангаруулна, глюкоз шимэгдэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Алхах нь стресс тайлдаг гэдгийг ч давхар нотолсон судалгаа бий. Ганцаар алхах, гүйх нь эвгүй байдаг бол нохойгоо салхилуулангаа гүйж, алхаснаар амьдралын аар саар асуудлыг хэсэгхэн ч болов мартуулж сатааруулдаг байна. Биеийн ачаалал нь тархинд эергээр нөлөөлж, хэвийн амьдрахад саад болдог түгшүүрийг арилгадаг. Уураг тархи ч өөрөө ингэж сэтгэл хөдлөлийг зохицуулдаг гэдгийг эрдэмтэд нотолсон нь бий. Гоёлын хэмээн нэрлэгддэг жижиг биетэй нохойноос бусад нохой эздийнхээ биеийг, тэр дундаа мөр, цээжний хэсгийг чангаруулдаг онцгой маягийн дасгалжуулагчид болдог аж. Салхилуулах болон тоглох үед дунд, том биетэй ноход урагш тэмүүлэх, эздийнхээ мөрөн дээр урд хөлөө тавих зэргээр мөр цээжний булчинг ажиллуулан амьдралыг идэвхтэй төвшинд аваачдаг онцлогтой. 

Нохой гэдэг анхлан гаршуулснаасаа эхлээд хүний амьдралыг ахуйн олон талаас нь хамгаалж, тусалж ирсэн бол шинжлэх ухаан хөгжихийн хэрээр түүний эрүүл мэндийн талаас нь судлан ашиг тустай олон талыг нь нээн илрүүлсээр байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)