-Монголд нэгэн шинэ айл үүдээ нээж, өрхөө татлаа-

Түүнийг Г.Цагаандарь гэдэг. Тэр одоо 23 настай, хоёр бяцхан охины ээж. Тэрээр яг сарын өмнө бяцхан охидоо дагуулан Толгойтын өртөөнд хоног төрүүлж байсан билээ. Учир нь, Г.Цагаандарь бага  охиноо тээж байхдаа бөөрний өвчтэй хэмээн оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлжээ. Түүний өвчний талаар сонссон эр нөхөр нь Г.Цагаандарийг хэвлий дэх үр, хөөрхөн охинтой нь буурин дээрээ орхиод, гэрээ ачаад явсан гэдэг. Ингээд л наашаа гэх аав, ээж хамаатан садангүй Г.Цагаандарь наймдугаар ангийн дүүгээ, охидтойгоо дагуулан галт тэрэгний өртөөнд хоног төөрүүлэх болсон юм билээ.

Ийн явахад нь Г.Цагаандарьтай “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус холбогджээ. Ачтай тустай залуус түүний өвчнийг эмчлүүлээд зогсохгүй тэднийг орон гэртэй болгох хандивын аяныг орон даяар өрнүүлсэн юм. Мөн энэ хугацаанд Г.Цагаандарийг ИНЕГ-т ажилд оруулахаар болжээ.

Тэгвэл өнөөдөр Г.Цагаандарийн амьдралд хамгийн тодоор мөнхөд дурсагдах нэгэн үйл явдал боллоо. Учир нь, “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн эхлүүлсэн хандивын аяны хүрээнд 17 орчим сая төгрөг цугларч, Г.Цагаандарь болон түүний бяцхан охидыг хашаа байшинтай болголоо. Мөн “Хужирт эко гэр” ХК-ийн хамт олон Г.Цагаандарьд таван ханатай шив шинэ өргөө цагаан гэр бэлэглэж, өнөөдөр Монголд нэгэн айл үүдээ нээж, өрхөө татлаа.

-Г.Цагаандарь: ИНЕГ-т дөрвөн жил ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан-

Энэ үеэр Г.Цагаандарьтай цөөн хором ярилцлаа.

-Нэгхэн сарын хугацаанд таны амьдрал илбэдүүлсэн мэт өөрчлөгдлөө. Өөрийн гэсэн хашаа байшинтай, өргөө цагаан гэртэй ч боллоо. Өвчнөө ч эмчлүүлчихлээ. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Бүх хүмүүст маш их баярлалаа. Нээрээ л илбэдүүлсэн мэт бүх зүйл өөрчлөгдлөө. Энэ олон хүний итгэлийг дааж, илүү хичээж сайхан амьдрах ёстой гэдгээ ойлголоо.

-Хоёр охинтойгоо толгойтын өртөөнд хоног төөрүүлж байхдаа хэн нэгэн хаанаас ч юм гарч ирээд туслах болов уу гэж хүлээдэг байсан уу?

-Хүмүүс хандив цуглуулаад ядарсан нэгэнд тусладгийг фэйсбүүкээр олон харсан. Тийм болохоор сайн үйлсийн аян өрнүүлдэг нэг группт пост оруулсан юм. Миний постыг хараад туслах хүн гарч ирэх байх гэж олон хоног харсан, хүлээсэн. Тэгсэн нэг л өдөр Ц.Сувд-Эрдэнэ эгч надтай ирж уулзсан. Тэр өдрөөс хойш миний амьдрал илбэдүүлсэн юм шиг өөрчлөгдөж шүү.

-Одоо та хэд маань гэр оронтой, ажил төрөлтэй, өвдөх өвчингүй боллоо. Магадгүй нөхөр эсвэл хадмынхан тань, хамаатан саднууд чинь гэнэт гарч ирээд “Сайн хүмүүс”-ийн дүрд хувирах вий. Танд нөхөртэйгээ эргэж нийлэх бодол бий юу?

-Тэр хүн бид гурав дээр гуйгаад ирсэн ч би нийлэхгүй. Бид дөрөв /хоёр охин болон түүний төрсөн дүү/ одоо тэр хүнээс, тэднийнхнээс царайчлахааргүй сайхан амьдарна. Өвдөх өвчингүй боллоо, ажилтай ч боллоо. Одоо илүү хичээж сайхан амьдарч энэ олон хүмүүсийн буяныг хариулна л гэдэг бодол миний толгойд байна.

-Ингэхэд та ИНЕГ-т ажилд орсон гэсэн үү. Тэнд хэдэн жил ажиллахаар гэрээ хийсэн бэ?

-Тийм ээ. ИНЕГ-т ажилд орсон. Энэ сарын 24-ний өдрөөс ажилдаа орно. Тэнд дөрвөн жил ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Одоохондоо би гам барьж, хүнд ажил хийж болохгүй. Тийм болохоор ИНЕГ-т манаачаар ажилд орсон.

ИНЕГ-ынхан цаашдаа намайг өөр ажилд оруулж, хүүхдүүдийг маань ч цэцэрлэгт хамруулж өгнө гэсэн. Танай сайтаар дамжуулан ИНЕГ-ын хамт олон баярлаж, талархаж буйгаа илэрхийлье.

-Ц.Сувд-Эрдэнэ: 1500 гаруй хүн хандивын аянд оролцож, 17 сая төгрөг цугларсан-

Түүнчлэн бид энэ үеэр “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй Г.Цагаандарийн хандивын аяны талаар ярилцсан юм.

-Г.Цагаандарийн хандивын аян хэд хоног үргэлжилсэн бэ. Энэ хугацаанд хичнээн хүн эд материалын болон эдийн засгийн тусламж үзүүлсэн бэ?

-Г.Цагаандарийн маань хандивын аян 24 хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд хандивын аянд 1500 гаруй хүн оролцож, 17 сая төгрөгийн хандив цуглажээ. Мэдээж, үүнээс гадна олон хүн эд материалын тусламж үзүүлсэн. “Хужирт эко гэр” ХК таван ханатай гэр бэлэглэлээ, "Заяа Үжин" ХХК байшингийнх нь халаалтыг хөнгөлттэй үнээр шийдэж өглөө, “Наран –Ундраа” төвийн Г.Нарангэрэл эгч маань гэрийнх нь бүх тавилгыг хийж өгсөн гээд маш олон хүн тусласан.

Бид энэ хашаа байшинг нь 13 сая төгрөгөөр худалдан авч, 3 орчим сая төгрөгөөр засвар хийлээ. Хандиваар цугласан мөнгөнөөс 400 мянган төгрөг үлдсэнийг Г.Цагаандарьдаа өглөө.

-Г.Цагаандарийнх дутуу юмгүй сайхан айл болжээ. Цаашдаа ч ажлаа хийгээд илүү сайхан амьдарна гэдэгт олон хүн итгэж байгаа. Харин та түүнд хандаж юу хэлмээр байна?

-Маш олон хүн Г.Цагаандарьд итгэл хүлээлгэж, ийм сайхан амьдралыг бэлэглэлээ. Тийм болохоор миний дүү энэ олон хүний итгэлийг дааж, хичээн сайхан л амьдрах ёстой шүү. Энэ хүмүүс чамаас түүнийг л хүснэ шүү.

..."Хорвоод сайхан сэтгэлтнүүд муу сэдэлтнээсээ хамаагүй илүү байдаг шүү" хэмээн "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ манай сайтад ярилцлага өгөхдөө онцолж байсан удаатай. Тэр энэ цаг мөчид энэ үгээ Г.Цагаандарьд захиж байгаа биз ээ.

20-н хэдхэн насныхаа босгон дээр хоёр сайхан охины ээж болж, хүнд өвчнийг хүүхдүүдийнхээ төлөө давж чадсан Г.Цагаандарь бүсгүйтэй хорвоогийн муу сэдэлтнүүд бус сайхан сэтгэлтнүүд өдөр бүр учран золгож байх болтугай. Хамаг амьтдын насыг уртасгах ерөөлтэй, энэрэл хайр, их нигүүлсэнгүй, сэтгэлийн эх булаг болсон Цагаандарь эхийн алдрыг хүртсэн Г.Цагаандарь бүсгүй та илүү хичээж, энэ олон хүний итгэлийг дааж амьдраарай.

ТҮҮНИЙ ТАЛААРХ СУРВАЛЖЛАГУУДЫГ ХҮРГЭЕ.

ФОТО: Г.Цагаандарь хашаа байшин, таван ханатай шинэ гэртэй боллоо

ФОТО: ХСИС-ийн 100 сонсогч Г.Цагаандарийн хашааны ойролцоох гудамж, жалганы хогийг цэвэрлэжээ

Г.Цагаандарьд хашаа байшин, гэрийг нь хүлээлгэж өгнө

СУРВАЛЖЛАГА: Г.Цагаандарийн өвчин илааршиж, ИНЕГ-т ажилд орохоор болжээ

Г.Цагаандарь ИНЕГ-т ажилд орохоор хөдөлмөрийн гэрээ байгууллаа

Г.Цагаандарьд таван ханатай шинэ гэр бэлэглэлээ

Гэрэл зургийг Бозад