Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Ц.Сонор


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Мөн Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийг шинэчлэн сайжруулж болох боловч гол асуудал нь хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хуульдаа биш хүндээ байгааг анхаарах шаардлагатай” гэсэн санал гаргажээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон Ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов. Ингээд гишүүдийн асуулт, хариултын дараа Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)