АН-ынхан шидсэн чулуундаа өөрсдөө оногджээ

Eagle.mn


Дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голохгүй

45 насны босго алхсан АН-ын гишүүн болгон Ерөнхийлөгчид нэр дэвших зорилготой байгаа бололтой. Хэвлэлээр ил мэдэгдэж, байр сууриа илэрхийлсэн нь гарын таван хуруунаас даваад явчихлаа. Ил хэлээгүй ч далд бэлтгэж буй хүмүүсийн нэрсийг жагсаавал хоёр гарын хуруу ч хүрэлцэхгүй хэмжээнд хүрч очиж байна. Ингэтлээ Ерөнхийлөгч гэх албан тушаал руу шунах сонирхол, сэдэл АН-ынханд яагаад төрөх болсон нь сонин. Зарим гаргалгааг хийж үзье л дээ. Нэгд АН-ынхан өнөөдөр хоороороо шахуу гудамжинд байна. Өшиглөе гэсэн ч лааз олдохгүй хэмжээнд эдийн засаг хүндэрчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд засагласан шиг засаглаж чадаагүйнхээ горыг УИХ-д есхөн суудалтай болтлоо амссан нам бол АН. Дээр нь нам дахь албан тушаалын тоо хязгаартай, төр дэх орон зай үгүй учраас удахгүй сулрах Ерөнхийлөгчийн сэнтий рүү 45 нас хүрсэн бүхэн нь хошуурч байгаа хэрэг. Нөгөө талаас АН-ын дарга С.Эрдэнэ энэ бүх бантанг өөрөө ч мэдэлгүй хутгачихсанд байгаа юм. Бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга учраас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ч энэ зарчмаар тодруулна гээд тэр мэдэгдчихсэн. Ерөнхийлөгч болох хүсэлтэй, сонирхолтой, мөрөөдөлтэй хэн ч байсан сунгаанд оролц, бүх гишүүдийн санал хураалтаар хоёрыг нь шигшиж Их хурал дээр өрсөлдүүлнэ гэх утгатай үгийг хэлчихсэн байгаа. Иймээс л амьд байгаагаа мэдэгдэх гэсэн, дараа дараагийн албан тушаалын хуваарилалтад оролцох гэсэн гишүүд нь нэг шөнө бодож хоноод л маргааш нь нэр дэвшихээ зарлаж байна. Магадгүй зарим нь зүүдэлж босоод л нэрээ дэвшүүлж эхэллээ. Тэдэнд ямар гарз байх биш, зарлаж л байг гэж бодъё. Дур эзнээ, дунд чөмөг ямар сүүжээ голох биш. Гэтэл бас байдал бишдэж байгаа бололтой.

С.Эрдэнийн хатуу байр сууриар, түүний зурсан жанжин шугамаар бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН бүх гишүүдээсээ асуух ёстой. Харамсалтай нь түүний энэ үзэл бодол, үйл хэрэг хоёрхон сарын дотор өөрчлөгдөж, хувирч байгаа бололтой юм. Гэхдээ шуудхан л С.Эрдэнийг үзэл бодлоосоо урвасан, буцсан, шарвасан гэж дүгнэхээс илүүтэй хуулийн гарц судлалгүй мэдэгдэл хийсэн нь түүний амны алдаа болжээ. Яагаад гэвэл “Хууль яах вэ, бид л тохирчихвол...” гэсэн АН-ын өмнөх дөрвөн жилд тогтоосон буруу жишиг одоо нэгэнт үйлчлэхгүй болсон. Цагаан дээр хараар бичсэн хуулиар л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодрох учиртай болохоос дур, дураараа авирлах боломж АН-ынханд нэгэнт хаагдсан билээ. Тиймээс хуульд юу гэж бичсэнийг сийрүүлье.

Сонгуулийн тухай хуулийн 140.1-д “Намын Их хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гээд тов тодорхой заачихсан. АН-ын үндсэн дүрмээр бол нэр дэвшигчийг тодруулах субъект нь зөвхөн Их хурал нь. Намын Их хурал нь шууд л нэр дэвшигчээ тодруулах ёстой болохоос сунгаа явуулах, бүх гишүүдээсээ асуух боломж бол байхгүй. Хэрэв иймэрхүү үйлдэл гаргаж, далд хэлбэрээр суртачилгаа явуулах гэж оролдвол АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь битгий хэл, оролцож ч чадахгүй байдал үүсэх аж. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 143.1.5-д “Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан...” бол нэр дэвшигчийг бүртгэж авахгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах тухай ганц ч өгүүлбэр байтугай үг ч байхгүй. Харин ч хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийвэл нэр дэвшигчийг бүртгэж авахгүй байх л зохицуулалт үйлчилж байна. Энд мэдээж АН-ын даргын сунгаа, сая болдог дотоод сонгууль зэргийг оруулж тооцвол АН-ын хувьд байдал хэдийнэ бишдчихээд байгаа аж.

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр

Хуулийн боломж, гарц зэргийг судлалгүй дуугарсан С.Эрдэнийн ам “хөлдөж” байх шиг. Одоо тэр орон нутгаар явж гишүүдтэйгээ уулзаж байгаа бөгөөд “Ерөнхийлөгчид нэр дэвшигч намын бүх гишүүдийн дэмжлэгийг авсан хүн байх ёстой” гэх байр суурь илэрхийлэх болжээ. Харин энэ удаад өмнөх шигээ бүх гишүүдийнхээ дунд санал хураалт явуулна гэх үгийг огт хэрэглэхгүй байгаа аж. Нэг ёсондоо тэр үнэнд гүйцэтгэж буй бололтой. Угаасаа хууль бол хар ухаанаар, эсвэл хэн нэгний бодсоноор байх ёсгүй. Тогтоосон хэм хэмжээ, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой үг өгүүлбэрүүд. Нэгэнт баталсан хуулийг мөрдөхгүй гэвэл өөрчлөх л ганц сонголт бий. Тэгвэл Сонгуулийн хуулийг хүссэнээрээ өөрчлөх боломж С.Эрдэнэ даргатай АН-ынханд байсан уу гэвэл тийм.

Одоо УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг Сонгуулийн тухай гэх ерөнхий нэг хуулиар зохицуулж байгаа. Энэ нь тохиромжгүй юм байна гэж үзсэн УИХ-ын нэр бүхий гишүүд гурван сонгуулийг өмнөх шиг нь тус тусын хуулиар явуулах төсөл санаачилсан ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн зөвшөөрөөгүй учраас санаачлагч нь буцааж татсан байдаг. “МАН-ынхан өөрсдөдөө зориулж хууль батлах нь” гэсэн хатуу эсэргүүцэл илэрхийлсэн учраас олонхи хүч түрэлгүй хуучин хуулиар нь Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болсон гэсэн үг. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг л энэ дээ. Хэрэв АН-ынхан муйхраар эсэргүүцээгүй бол, хамтдаа төсөл санаачилж өргөн барьсан О.Баасанхүү мэдэн будилж “поп”-роогүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар, хамгийн гол нь сунгаа явуулах зарчимтайгаар батлах бололцоо байсан гэсэн үг. Гэвч МАН-ын гишүүн санаачилсан л бол буруу гэсэн зарчмаар муйхарлан гацаасан нь АН-ыг өнөөдөр сунгаа явуулж чадахгүй хэмжээнд, явуулбал Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжгүй болгох хэмжээнд аваачжээ.  

Б.ХЭРЛЭН

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ман-ынбөгс долоож амьдрдаг нөхөр л байна

    0 0 Хариу бичих
  2. Huuliin daguu namiinkhaa deed hurliig huralduulaad l songolt uvuulakh bolomjtoi sh dee

    0 0 Хариу бичих
  3. Amarjargalaa devshuuleechee!!!

    0 0 Хариу бичих