С.Зориг өнөөдөр 55 нас хүрэх байлаа...

Г.Даша


Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан “Зориг сан”, Монголын Үндэсний музейтэй хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Энд ирсэн хэн бүхэн Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, түүний УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, өмсөж байсан хослол, цүнх, нэрийн хуудаснууд, эдэлж хэрэглэж байсан сандал, үнсний сав, дэлхийн бөмбөрцөг, унгиж байсан ном зэрэг олон зүйлсийг онцлон дэлгэжээ.

Мөн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн түүний алдарт үгс үзэсгэлэнгийн гол танхимд зурайна.

Үзэсгэлэнг нээн талийгаачийн ах С.Баяр “Ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөн анх 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглаанаа хийснээр эхэлсэн. Тэрхүү анхны цуглааны гэрэл зураг энэ үзэсгэлэнд байна. 1989-1998 он хүртэл есөн жил Зориг маань энэ ардчилсан хувьсгалд оролцож, энэ хөдөлгөөнийг удирдан дараа нь Монгол Улсынхаа шинэ Ардчилсан тогтолцоо буюу өөрөө хэлбэл анхны ардчилсан сонгууль явагдаад УИХ байгуулагдахад оролцсон ч түүний оролцсон цаг хугацаа нь их богинохон болж таарч байна. Гэхдээ энэ хооронд тэрээр Монгол Улсдаа төдийгүй дэлхий нийтэд танигдсан улс төрч болж амжсан. Харамсалтай нь цэл залуу насандаа бусдын гарт амь насаа алдсан. Зориг сангийн хувьд бид түүний үйл хэргийг үргэлжлүүлэх хамгийн гол нь монголд ардчилсан үйл явцыг дэмжих, ардчиллыг улам чиглүүлэх чиглэлээр ажилладаг. Бид ажиллахдаа Зоригийнхоо баримталж байсан гол зарчмуудыг энэ нийгэмдээ түгээх, улс төрийн амьдралд үүнийг хэвшүүлэх, хэрэглэдэг болохын төлөө явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Хамгийн сүүлд тэрээр амь насаа алдахаасаа нэг сарын өмнө Монголын радиод ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлагадаа маш чухал зарчмыг дэвшүүлж тавьсан. Ялангуяа улс төрчдийн хувьд улс орны амьдралыг шийдэж байгаа энэ үйл явцад ашиг сонирхлын эрэмбэ дарааллыг чухалчлах ёстой гээд “Аливаа шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт эхний ээлжид улсынхаа ашиг сонирхлыг тавья” гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл улс орныхоо ард түмний эрх ашгийг хамгийн дээр нь тавих ёстой. Түүнээс хойш хүмүүст янз бүлэглэл болон улс төрийн нам, бизнесийн эрх ашиг байдаг. Гэхдээ хамгийн чухал нь улс үндэстний эрх ашиг юм.

Зориг сангийн ажлын нэг хэсэг болгон өнөөдөр түүний мэндэлсний 55 жилийн ойд зориулан энэ үзэсгэлэнг гаргасан.

-С.Оюун: Энэ хэрэг бүхэлдээ шийдэгдсэн гэдэгт бид эргэлзэж байна-

 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр С.Зориг агсны дүү С.Оюунтай цөөн хором ярилцлаа.

-Зориг сангаас “Ардчилсан хувьсгалын аман түүх” төслийг эхлүүлсэн гэсэн. Архиваа хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Бид Зориг ахын дурсгалыг мөнхжүүлнэ гэхээр 1990 оны ардчилсан хувьсгал түүхтэй холбоотой мэдээ, мэдээлэл их чухал. Түүнийг судлах нь чухал учраас Зориг сангаас “Ардчилсан хувьсгалын аман түүх” гэдэг төслийг нэлээд хэдэн жилийн өмнө эхлүүлээд тухайн үеийн гэрэл зургууд, мэдээ, материал болон аль аль талаас нь оролцож байсан төр засаг, ардчилсан хувьсгалд оролцож байсан түүхэн хүмүүсээс ярилцлага аваад нэлээд архивтай болсон. Үүнээсээ Монголын Үндэсний музейд нэг хэсгийг нь өгсөн. Мөн өнөөдөр бид Монголын Үндэсний музейтэй хамтраад жижигхэн үзэсгэлэнг нь гаргаж байна. Мөн хоёр боть ном гаргасан. 1990-1992, 1990-2000 он одоо 2000-2016 онд Монгол Улсад болсон гол үйл явдлуудын талаар гэрэл зурагтай, тайлбартай ном гаргасан. Бид түүхээ сайн судалж, ойлгож байж ирээдүй зөв явах байх. Бид ахынхаа 55 насны ойтой холбогдуулаад Эрдэм шинжилгээний хурал, оюутнуудын судалгааны ажлыг дэмжиж явъя гэж бодож байгаа.

Үзэсгэлэнгийн хувьд ном ботийн багахан хэсгийг өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйлсийн хамт дэлгэн тавьсан байгаа.

-Үзэсгэлэнд ахын тань танд бичсэн захидлыг дэлгэсэн байсан?

-Тухайн үед цахим шуудан байхгүй байсан учраас нэг нэгэндээ захидал их бичдэг үе байсан. Манай ах Москвагийн их сургуулийн оюутан байсан. Ах маань шинжлэх ухааны коммунизмын онолыг судалсан хэрнээ төгсөж ирээд ер нь коммунизмын тогтолцоо бол биш юм шинэ шат руу гаргах ёстой юм байна гээд 20 гаруй настайдаа толгойд нь тэр онол бодол багтаад түүнийхээ төлөө тууштай явсан нь бахархууштай. Надад бичсэн захидлууд дээрээ хүртэл “Одоо монголд байгаа тогтолцоо нэг л биш ээ. Бид Япон, Унгарыг тогтолцоог судалж монголыгоо урагшлуулахгүй бол хүмүүс амьдрал амаргүй байна” гэж бичиж байсан. Ах маань их уншдаг, боддог, улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байсан гэдэг нь тэр залуу оюутан байх үеийнх нь захианаас хүртэл харагддаг.

-Олон жилийн дараа С.Зориг агсны хэрэг илэрсэн. Та төрсөн дүүгийнх нь хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ хэргийн асуудал дээр гэр бүлийн байр суурь хэвээрээ байгаа. Хэвээрээ гэдэг нь энэхүү шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Ард түмэн юу болсон гэдгийг мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ асуудлыг анх өнгөрсөн арваннэгдүгээр сард бидний зүгээс прокурорт тавьсан байгаа. Анхан шатны шүүхэд ч тавьсан. Сая гурвадугаар сард болсон нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ч энэ хүсэлт, шаардлагаа тавьсан. Харамсалтай нь энэ хүсэлт шаардлагыг биелүүлээгүй. Ер нь цаашдаа дээд шүүх хяналтын шүүх дээр ч бид энэхүү хүсэлт, шаардлагаа тавина. Хэргийн хувьд нэг мөр шийдэгдээд зохион байгуулсан, захиалсан гээд бүгдээрээ олдоод шийдэгдлээ гэж бид үзэхгүй эргэлзэж байгаа.

-Холбогдох хуулийн дагуу шүүх хурал нээлттэй байх ёстой гээд УИХ-ын дэд хороодод хэдэн удаа хандсан бэ?

-Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон шүүх хурлын дараа хандсан. УИХ-ын дэд хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандаад өргөдлийн бусад хороонд явуулсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж өгөөч, ингэж хаалттай байх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг хүсэлтийг явуулсан. Хариу нь одоо болтол ирээгүй байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Jinhene elit family gedeg chin iim erdem nomtoi, bolovsroltoi, logic tsegtstei uhaalag yariatai humuus baidag yu.

    1 0 Хариу бичих