Прокурорын байгууллагын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Ч.Хүрлээ


УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлд дурдсанаар Прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд баталж, одоог хүртэл мөрдөж байжээ. Энэ хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Мөн энэ хуулиар прокурорын үйл ажиллагаа болон тус байгууллагын бусад байгууллагатай хамтран ажиллах зэргийг тодорхой болгож байгаа аж. Түүнчлэн үүргээ биелээгүй бол прокурорт хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.

Д.Тогтохсүрэн: -Одоо мөрдөж байгаа хууль болон шинээр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл хоёрын зарчмын ялгаа ямар байгаа вэ. Мөн энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор орон тоо нэмэгдэх асуудал байгаа юу. Мөн дээд шатны прокурорын өгсөн үүргийг доод шатны прокурор заавал биелүүлдэг асуудал байгаад байгаа. Энэ асуудал бие даасан байдалд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

С.Бямбацогт: -Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Прокурорын байгууллагын тухай хуулийг Эрүүгийн болон Зөрчлийн хуультай уялдуулах шаардлага байгаа учраас шинэчлэн найруулсан. Мөн төр болон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг энэ хуулинд нарийвчлан оруулж өгсөн байгаа. Орон тооны хувьд өөрчлөлт орохгүй. Харин бүтцийн хувь Улсын Ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхийн дагуу өөрчилнө. Бие даасан асуудлыг ярьдаг. Тодорхой зарчмуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Прокурор хараат бус байх ёстой. Үүнийг мөн хуулийн төсөлд тусгасан. Бие даасан байдалд зориулж нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болох юм. Өөрөөр хэлбэл, прокурорын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ямар нэгэн дарамт, нөлөөлөл үзүүлж байгаа бол мэдүүлэг гаргахаар зохицуулсан.

О.Баасанхүү: -Прокурор бол төрийн өмгөөлөгч гэж би боддог. Энэ хуулийг баталснаар төрөө өмгөөлж ажиллах, төрийн өмнөөс ял өгдөг эрхийг баталгаажуулах асуудал хөндөгдөж байгаа юу.  

С.Бямбацогт: -Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хэмжээнд хуулийн төслийг оруулж ирсэн. Бүр хүчтэй байж болохгүй юу гэсэн асуудал ярьж байна. Бид Үндсэн хуулиараа л явах ёстой гэдгийг хэлье.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)