Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар УИХ-ын Б.Жавхлан нарын 26 гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг байгуулах эсэхийг зохицуулжээ. Гол нь гадаадын хөрөнгө оруулагчид банкны системээр дамжуулж хөрөнгө оруулалтаа оруулах бөгөөд, гадаадын банк салбараа Монголд байгууллаа гэхэд иргэдийн хадгаламж авахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

Ц.Гарамжав: -Яг одоогийн байдлаар хэдэн банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Мөн банкны салбараа байгуулах хүсэлт ирсэн үү?

О.Эрдэмбилэг /Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч/: -Одоогоор таван төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Хятадын хоёр, Японы хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар бий. Харин банкны салбар байгуулах албан ёсны нэг ч хүсэлт Монголбанкинд ирээгүй байна.

С.Батболд: -Хөрөнгө оруулалтын банк оруулж ирснээр бизнесийн чиглэлд бодитой өөрчлөлт бий болох нөхцөл бүрдэх юм болов уу. Харин барьцаа, лиценз нь гадаадынхны барьцаанд орчихно гээд л байвал энэ асуудал хэрүүлийн алим болоод л өнгөрнө. Тийм учраас яг энэ асуудал дээр бодитой, зөв мэдээлэл өгнө үү?

Б.Жавхлан: -Арилжааны банк, хөрөнгө оруулалтын сан гээд л зүйлүүдээ яриад л байдаг. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Гэхдээ хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль бол тухайн сувгаар хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг. Цаг хугацааны хувьд нэлээд хашир болсон хойноо их зөв хууль гаргах гэж байгаа гэж би бодож байна.

М.Оюунчимэг: -Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ манай улсад өөр улсын төрийн банк орж ирээд төрийн бодлогоо хэрэгжүүлээд байвал тун хэцүү зүйл болно. Тиймээс хуулийн төсөлдөө маш нарийн, зөв зүйлүүдийг тодорхой тусгаад өгөх хэрэгтэй юм.

О.Баасанхүү: -Хувийн хэвшлийг банк оруулж ирнэ гээд байх юм. Жишээлбэл, Хятадын банкууд чинь бүгдээрээ төрийн мэдлийнх шүү дээ. Гадны захиалгаар банк оруулж ирэх гээд байна. Та нар ингэж халхавч хийж байгаад л Bank of china-г оруулж ирэх гэж байна ш дээ. Бүх төслүүдээ та нар барьцаанд өгөх гэж байна. Улсаа өрөнд оруулах чинь хэний бодлого юм бэ.

Гишүүд ийн асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явагдлаа. Гишүүдийн олонхи тус хуулийн төслийг дэмжсэнээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхээр болж байна. Анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)