Гадаадын банк оруулж ирэх эсэхийг хэлэлцэж байна

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын Б.Жавхлан нарын 26 гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслөөр гадаадын банкыг хөрөнгө оруулалтын чиглэлээр оруулж ирэх асуудлыг зохицуулжээ. Харин гадаадын банк иргэдийн хадгаламж авахыг хориглосон байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.

Ө.Энхтүвшин: -Гадаадын банк оруулж ирээд, тэр нь том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэдэг нь нэг зорилго нь юм шиг байна. Том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр том барьцаа л шаардагдана. Эцэст нь Монголын ашигт малтмалын лиценз гадаадынх болох юм биш биз дээ. Нөгөө талдаа Монголын жижиг, дунд үйлдвэрлэл яах вэ. Мөн валютын ханшийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн байна. Яг яаж нөлөөлөх талаар судалгаа байна уу.

Б.Жавхлан: -Манай банкуудын өөрийн хөрөнгийн 20 хувь нь 100 тэрбумаас давдаггүй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай банкууд жижиг дунд үйлдвэрлэл рүү хэрхэн орох вэ гэдэг асуудал байна. Гадаадын банк шууд жижиг дунд үйлдвэрлэл рүү орвол дотоодын банкуудад өрсөлдөөний хүндрэл үүснэ. Валютын ханшийн хувьд тодорхой төвшин зааж, тэр рүү явах нь буруу. Харин тогвортой байлгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг банкны системээр дамжуулж оруулж ирэх нь Төв банкны валютын ханшид эерэгээр нөлөөлнө. Барьцаа хөрөнгийн талаар ярьдаг. Бид барьцаа хөрөнгөө бариад гадаадад очоод зээл авах уу, эсвэл дотоодод бүртгэлтэй, Төв банкны хяналттай, шүүх хуулийн байгууллага нь тодорхой орчинд үйл ажиллагаа явуулах уу гэдэг асуудлыг зохицуулах гээд байгаа юм. Бид хэзээ нэгэн цагт барьцаа хөрөнгөө бариад санхүүжилт авах нь тодорхой шүү дээ.

Х.Баделхан: -Хуулийн төсөлд тухайн банк төлөөлөгчийн газраа байгуулаад нэг жил ажилласны дараа банкны салбараа байгуулна гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ. Дүрмийн сангийн талаар

Б.Жавхлан: -Дүрмийн сангийн хувьд 500 тэрбум төгрөг гэсэн байгаа. Энэ бол санамсаргүй тоо биш. Дотоодын банкны дүрмийн сан 100 тэрбумаас давдаггүй. Тийм учраас дотоодын банкуудаас илүү хөрөнгө оруулах эрсдэл хүлээх үүднээс дор хаяж 500 тэрбум төгрөг гэж зааж өгсөн байгаа.

Ажлын хэсэг: -Төлөөлөгчийн газрын нэг жилийн хугацаа гэдэг бол нэгдүгээрт, тухайн банк Монголын зах зээлийг судлах хугацаа, мөн Төв банк тухайн банкны үйл ажиллагааг энэ хугацаанд судална гэсэн үг юм.

Ц.Даваасүрэн: -Манайх шиг жижиг эдийн засагтай орон зөндөө бий. Тэнд гадны банкууд байгаад л байна ш дээ. Харин манайхан гадаадын банк орж ирээд бөөн юм болно гэж яриад байх юм. Бид эдийн засгийн орчноо өргөтгөх хэрэгтэй. Бидэнд маү олон боломж бий ш дээ.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. гадны банк оруулж ирсэнээр зээлийн хүү бараг жилийн 1-2 % -иас хэтрэхгүй болж иргэд ААН-үүдэд урьд хожид байгаагүй ашигтай болж мөнгө хүүлж асар өндөр хүүгээр ядарсан түмнээ дарамталдаг банкны өмхий луйварчид л хохирно...

    1 0 Хариу бичих
  2. Гадны банк оруулах цаг нь болоогүй.

    0 2 Хариу бичих