Д.Дамба-Очир: ОУВС-гаас өөр ямар ч гарц байгаагүй

С.Батзаяа


УИХ өнгөрсөн долоо хоногт энэ оны төсөвт тодотгол хийсэн. Ингэснээр манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах шаардлага нөхцлийг биелүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, долоон төрлийн татварыг нэмж, зарим нийгмийн халамжийг бууруулаад байгаа. Эдгээр татвараас гурав нь ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Мөн хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх тов гараад буй. Тиймээс эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Манай улс ОУВС-гийн шаардлагыг хүлээн авч олон төрлийн татвар нэмж, төсвөө тодотголоо. Татвар нэмэх асуудал яригдаж байх үед та тойрогтоо ажиллаж байгаа харагдсан. Иргэд энэ талаар ямар санал шүүмжлэл хэлж байсан бэ?

-ОУВС-д орох болоод татвар нэмэх тал дээр иргэд дуртай байгаагүй. Гэхдээ Монгол Улсад ийм их хэмжээний өрийн болоод хүүгийн дарамт хүлээгдэж байгаа энэ үед үүнээс өөр гарц байхгүй. Хэрэв энэ өрүүд хүлээгдэж байгаагүй бол бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 7.2 тэрбум ам.долларын богино хугацаанд төлөх зээл авсан байна. Ирэх наймдугаар сард 1.7 тэрбум, он гараад “Чингис” бондын эхний төлбөр болох 540 сая ам.доллар төлөхөөр байгаа. Энэ мэт төлбөрүүд хүлээгдэж байгаа учраас бид хүссэн хүсээгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байгаагүй. Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа өөд нь татъя гэж байгаа бол төсвийн сахилга баттай болох ёстой. Орлого, зарлагаа их зөв тооцож, балансжуулж байх хэрэгтэй юм. Ийм учраас бид өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бид урт хугацаанд бага хүүтэй зээл авах боломж бүрдэж байгаа. Ингэж байж өр зээлийн асуудлуудаа шийдэж авах учиртай юм. Япон болон бусад донор орнууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас нийт гурван тэрбум ам.доллар олгохоор болж байгаа. Зээл аваад МАН-ынхан хувааж авах гээд байгаа юм биш. Энэ мөнгөөр зээлийн хүү, зээл төлөхөд л зарцуулна. 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 5.5 тэрбум ам.долларын зээл авах шугам нээгдэнэ гэж байгаа. Энэ мөнгөний 1.6 тэрбум ам.доллараар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн тооцоо гарсан байсан. Та түрүүнд төсвөө сахилга баттай болгоно гэж ярилаа. Үнэхээр төсөв сахилга баттай болбол алдагдал гарахгүй юм биш үү?

-Монгол Улсын эдийн засаг нэг үе хасахтай гарч байсан бол одоо тогтвортой болж байна. Одоо эдийн засгийн өсөлтийн тухай ярьж эхэлсэн. Нэг ёсондоо эдийн засаг ёроолдоо хүртэл доройтсон байсан бол одоо сэргэх хандлагатай болж эхэлсэн гэсэн үг. Энэ бүхэн нь өнгөрсөн 6-7 сарын хугацаанд УИХ, Засгийн газрын авсан арга хэмжээний үр дүн юм. Төсвийн алдагдлыг багасгахаар ярьж байгаа. Энэ оны сүүлч гэхэд эдийн засаг өсөлттэй гарах байх. Ойролцоогоор гурван хувийн өсөлттэй гарна гэсэн тооцоо бий. Энэ үед төсвийнхөө алдагдлыг ч багасгаж, орлогоо нэмэгдүүлж авах хэрэгтэй. Төсвийн алдагдлыг заавал ОУВС-гаас авах мөнгөөр багасгах ёстой юу, эсвэл зардлуудаа бууруулах хэрэгтэй юү, хөрөнгө оруулалтууд дээрээ энэ мөнгөнөөс зарцуулах уу гэдгээ хэлэлцэж ярилцаж байж шийдэх зүйлүүд байгаа. 

-Бүтээн байгуулалтын төслүүдэд ОУВС-гаас орж ирэх мөнгөний тодорхой хэсгийг зарцуулна гэж Сангийн сайд хэлсэн. Харин сөрөг хүчний зүгээс бэлэн төсөл хөтөлбөр байхгүй байхад их хэмжээний мөнгө авч үрэн таран хийх гэж байна гэх мэдээлэл өгөх болсон. Үнэхээр тэдний яриад байгаа шиг бэлэн төслүүд байхгүй юм уу?

-Дахин хэлье. Энэ мөнгөнүүдийг зээл, зээлийн хүүнд л зарцуулна. Бага хэмжээний мөнгөөр төсвийн алдагдлыг нөхье гэж байгаа. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүйгээр хөрөнгө оруулалтад энэ мөнгийг бас зарцуулж болно. Нөгөөтэйгүүр хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн ТЭЗҮ нь бэлэн төслүүд бий. Энэ төслүүдийг эхлүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг эхлүүлэхийг ОУВС хориглоогүй. Тиймээс эдийн засгаа өөд нь татахын тулд томоохон төслүүдээ эхлүүлье гэж байгаа. Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэх мэт олон төсөл бий. Мөн Энэтхэгийн тэрбум ам.долларын төслийг газрын тосны боловсруулах үйлдвэрт ашиглая гэж байгаа. Үүнийг энэ хавар, зун эхлүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд явбал тэр хэмжээгээр мөнгө орж ирнэ, мөн ажлын байр бий болно. 

-Төсвийн сахилга бат гэж хүн бүр ярьж байгаа энэ үед концессын талаар асуумаар байна. 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад эрүүл мэнд, боловсролоос бусад салбарт концессын төсөл хэрэгжүүлэхгүй гэж байсан. Гэтэл одоо 6-7 салбарт концесс 700 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй хэрэгжихээр байгаа гэх. Энэ нь эргээд төсөв дээр зардал болж ирж, алдагдал нэмэгдэх шалтгаан болохоор байна л даа?

-Өмнө нь 5-6 чиглэлээр мөнгө гарч байсныг бүгдийг нь төсөвтөө суулгасан. Хөгжлийн банк, улсын төсвөөс, концесс, векселийн мөнгөнүүдийг нэгтгэж нэг төсөв болгож хянаад явж байгаа. Концесстой холбоотой зүйлийг ярихад өмнө нь хийсэн гэрээнүүд гэж би ойлгосон. Өмнө нь ажлуудаа эхлүүлчихсэн гэрээнүүд байдаг юм байна. Зарим нь ажлаа хийгээд дууссан байх жишээтэй. Тиймээс энэ жил концесстой холбоотой Хөгжлийн банкин дээр байсан мөнгөнүүдийг төсөвт суулгаж өгсөн. Үүнээс үүдэж 5-6 сайдын төсөв нэлээд нэмэгдсэн. Засгийн газрын өмнөх удирдлагуудын хийсэн ажлуудыг цэгцэнд нь оруулж авч байгаа юм. УИХ, Засгийн газар өөрсдөө дур мэдээд концессын олон гэрээ хийгээгүй. Хамгийн сүүлд ОУВС-гийн тавьсан болзлын нэг нь концессыг УИХ-аар оруулж, жагсаалтыг нь баталдаг байх шаардлага байсан юм. Өөрөөр хэлбэл, концессын гэрээгээр хийх ажлуудын жагсаалтыг УИХ-аар хэлэлцэж, баталдаг болно гэсэн үг. Одоо энэ асуудал УИХ-ын бүрэн хяналтын дор байх юм. 

-Тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэхээр УИХ баталлаа. Үүнд суудлын автомашины татвар багтаж байгаа. Машинаа ачуулаад гаалиас авахаар хүлээж байгаа иргэд татвараа нэмж төлөхөөр болчихлоо гэж бухимдаж байсан. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хугацаа өгөхгүйгээр шууд дарамт учруулж байна гэх шүүмжлэл ч гарсан байна лээ. Татвар нэмэхдээ хэрэгжих хугацаан дээр нь анхаарч болоогүй юм уу?

-Бид энэ асуудлыг маш их ярьсан. Зарим татварыг 2018, 2019 оноос хэрэгжүүлж болох юм гэж хүртэл үзсэн. ОУВС-гийн тавьсан шаардлагуудыг заавал биелүүлэх ёстой гэж үзсэн л дээ. Манайд хоёрхон сонголт л байсан. Эхнийх нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, нөгөөх нь орохгүйгээр эдийн засгаа улам хүндрүүлэх нөхцөл юм. Бидэнд өөр сонголт үлдээгүй. Сонголт үлдэхгүй байх мухар руу өнгөрсөн дөрвөн жилд засаг барьж байсан нөхдүүд аваачсан байсан. Одоо тэд татвар нэмлээ гэж уйлан дуугараад гүйгээд байгаа ч эдийн засгаа ямар болгосноо мэдэж байгаа. Бидэнд өнөөдөр хүссэн хүсээгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, тэдний тавьж байгаа шаардлагыг биелүүлэхээс өөр гарцгүй болгосон эдийн засаг үлдээжээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулалт сэргэж байгаа. Гаднынхан биднийг эмх цэгцтэй явах нь гэж харж эхэлсэн. Хоёрдугаарт, төсөв сахилга баттай, ойлгомжтой явж эхлэх нь гэх итгэл гаднынханд төрж эхэлж байгаа нь ололттой тал. Олон улсын зах зээл дээр мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч эерэг дохио өгч эхэлсэн. 

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар боллоо. Энэ хэр зөв зүйтэй алхам бэ?

-Би тухайн үед нь саналаа хэлсэн. Олонхиороо шийдээд явсан нь энэ. 30 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдээс татвар авах тухай би санал хэлсэн. Бүр ядаж 10 сая болгоё гэсэн юм. Нийт хадгаламж эзэмшигчдийн тавхан хувийг эзлэх хэр нь хадгаламжийн 90-95 хувийг эзэлж байгаа хүмүүст татвар ногдуулъя гэх санал ч гарч байв. Харин ОУВС-гийнхан шаталсан татвар тавьж болохгүй гэсэн юм билээ. Тиймээс олонхиороо шийдвэр гаргаад явж байгаа. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийн дунд санал асуулга явуулж байна. Энэ цаг үед ийм санал асуулга явуулах нь хэр оновчтой алхам юм бол?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэх дүгнэлт гаргасан. Энэ хүрээнд санал асуулга явуулж эхэлж байгаа. Одоогийн байдлаар иргэдээс зургаан төрлийн асуулт асууж байна. Би хувь хүнийхээ хувьд хотын статусын асуудлыг зайлшгүй шийдэх ёстой гэж бодож байгаа. Дархан, Эрдэнэт хоёрыг хот болгох шаардлага бий. Олон асуудал оруулж ирж хэлэлцүүлэх нь оновчтой биш. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих гэж байгаа бол гурав, дөрвөн асуудлын хүрээнд л яримаар байгаа юм. Тэгэхгүйгээр олон асуудлын хүрээнд яривал хүмүүс залхаад сүүлдээ Үндсэн хуульд “гар хүрэх” нь асуудал дагуулж мэднэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гэх заалт байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, сонгодог парламенттай болъё, Ерөнхий сайдад эрх мэдлийг түлхүү олгоё гэдэг дээр санал нэг байгаа. Үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй. Мөн Дархан, Эрдэнэт, Чойрын асуудал байна. Сум болгож, давхардсан бүтэцтэй болгосон олон газрууд бий. Үүнийг сүүлийн 27 жил ярилаа. Одоо цэглэх цаг нь болсон. Түүнчлэн баг, сум, дүүрэг, хорооны дарга нарыг дээд шатны байгууллагынх нь дарга шууд томилдог болох ёстой. Ард түмэн сум, баг дээр улстөрждөг, хоорондоо тэмцэлддэг зүйлийг болиулъя гэж байгаа юм. Энэ асуудлуудыг юун түрүүнд шийдэх ёстой. 

-Парламентын хоёр танхимтай болох асуудал ч багтсан байсан. Энэ тухайд?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Энэ бол нэлээд маргаан дагуулах төвөгтэй асуудал. Юун УИХ, 76 гишүүн, данхайсан төрийн бүтцээ яаж цэгцлэе дээ гэж ярьж байгаа энэ үед Ардын их хурал, Ардын бага хурал гэх бүтэц бий болгоно гэж байгааг хүмүүс дэмжихгүй байх. Маргаан дагуулах сэдэв учраас би үүний эсрэг байгаа. 

-Гурван сая хүнийг 76 хүн төлөөлж байгаа нь маш бага тоо гэдэг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал байсхийгээд хөндөгддөг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

-Чанартай шийдвэр гаргая, олон хүний оролцоотой асуудлаа шийдэж байя гэвэл их хурлын гишүүдийн тоог нэмэх нь зөв байх. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд ард иргэд үүнийг хүлээж авахгүй болов уу. Тиймээс 76 гэдэг тоогоороо явах нь зөв байх. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг цаг хугацааны хувьд УИХ хэдийгээр хэлэлцэх вэ?

-Энэ хавар, зунжингаа хэлэлцэнэ. Зөвлөлдөх хэлэлцүүлгүүд үе шаттай явах байх. УИХ-ын гишүүдийн мэдээллийн төвшинтэй ижил хэмжээнд иргэд маань ойлголттой болох ёстой. Зөв ойлголттой болсон хүн зөв шийдвэр гаргана. Иргэд хэлэлцээд саналуудаа өгсний дараа УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ярих хэрэгтэй болов уу. Үүнээс өмнө ард иргэдийн санаа бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. 

-УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан. Ойрын хугацаанд бүлэг энэ асуудлыг хэлэлцэх чиглэл бий юү?

-Одоогоор Тавантолгойн ордын хөрөнгө оруулалт, төслийн талаар ярьсан зүйл алга. Гэхдээ УИХ-аар ойрын үед энэ асуудал яригдах байлгүй дээ. Бүлгийн уржигдрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг ярьсан. Баруун, Зүүн Цанхийн нүүрс олборлолт, хэдий хэр нүүрс зарагдаж байгаа эсэх, төрийн өмчит компанийн мэдээллийг сонсч, гишүүд асуулт асуусан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. бондоо өөрсдөө төлөөч ээ. дахиад л зээл аваад. бондын төлөгдөгдөлтийг шилэн болго.

    0 0 Хариу бичих
  2. харах царайны тэнэг юм чинь дахиад гараад ирэх юмаа,энэ мууг яая даа байз 39-оны япон цэргээр буудуулах юмсан

    0 0 Хариу бичих
  3. та нарын толгойд Улс орноо өрөнд бариулж өөрснөө дундаас идэх л бодлоос өөр сэтгэх ухаан байх ч үгүй чадах ч үгүй хувалзнууд

    0 0 Хариу бичих
  4. БИТГИЙ ХУДЛАА ШААААА... ТЭНГҮҮДЭД Л ТИЙМ БАЙСАН БИЗ... УХААНТАЙ ЭДИЙН ЗАСАГЧИЙН ХУВЬД БОЛ ӨӨР... ЭНЭ ТЭНГҮҮД МОНГОЛЧУУДЫГ ДАНДАА ТЭНЭГ ГЭЖ ДОРОМЖИЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХУШИГАН ТАРХИНЫ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ СЭТГЭЖ БАЙХ ЮМ.... ЧАДВАРГҮЙ, МЭРГЭЖИЛДЭЭ ГОЛОГДСОН САНГИЙН САЙД, МОНГОЛ БАНКНЫ ДАРГА, ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА НАРАА ХАРЧИХ... ИЧИЖ ҮХЭЭСЭЙ... ЭНЭ ТЭНГҮҮД БҮХЭЛ БҮТЭН АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

    1 0 Хариу бичих
  5. Хүчирхэг ерөнхийлөгчийн засаглал монголд хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  6. Их хурлын хажуугаар Ардын бага хурал байх нь ёстой ямарч хэрэггүй. Аягүй бол ард түмэнтэйгээ ойр, амьдралын зовлон жаргал ойлгодог нөхдүүд олон сонгогдоод ядаргаа болно. Намд маань ашиггүй учраас энэ тухай мөрөөдсөний хэрэггүй, Цагийн гарз гэж хэлмээр байна

    0 0 Хариу бичих
  7. Шударга ёсны төлөө яваад байгаа С.Жавхлан, С.Ганбаатар мэтийн нөхдүүд Ерөнхийлөгчид нэр дэвшчих вий гэж бодохоор зүрх амаар гарчих гээд байдаг юм. Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болчихоор сачий чинь хүрэх эсэхийг харна аа муу гуйлгачид!

    0 1 Хариу бичих
  8. olon jil ulsaas idsen nohduud odoo buuhgui ym bh daaa ye udmaaraa ih hural tom tom baiguulagudad suulaa.tatvaraaaa buur bagasaga tehgui bol uls ediin zasag nurlaaa

    1 0 Хариу бичих
  9. ОУВС манай засгаас төсвийн алдагдлаа бууруул гэж шаардсан байна, үүнийг хийх хоёр арга байгаа, нэг бол урсгал зардлаа танах, нөгөө нь орлогоо, түүний дотор тавараа нэмэх гэж, МАН-ы засаг хоёрдахыг сонгосон гэхдээ, татварын орлогыг нэмэгдүүлнэ гэдэг нь татварын бааз суурийг өргөтгөх буюу татвар цуглуулах тогтолцоог боловсронгуй болгох, эсвэл татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн мөн хоёр замтай, тэрнээс МАН бас л хоёрдахыг буюу баялаг бүтээгчдийг, дагаад иргэдийг дарамтлах буруу зам сонгосон

    0 0 Хариу бичих
  10. Tatvar yah ve nemj bolno. Harin zasgiin tansaglaliig batalj tuuniig ni tatvar tuldug shudarga irged ni tulsun heveer baih ni taalagdahgui bna. Tatvariin baaziig urgusguh tuhai yamar ch zuil yarigdaaguig bodohoor zasgiig change-uud udirdaad uursduusuu holduulj chadsan gej oilgoj bna. Erhem Tam-Ochir ch gesen tednii halaasand bdag um bna gedgee notolloo

    0 0 Хариу бичих
  11. dambaochir gej luivarchin odoo jaahan hymyyjsen yum baihdaa. ulsiin tosoboos ovoo heden terbum togrog hussandaa. chi ooriigoo hulgaich gedegee medne bizdee

    2 0 Хариу бичих