Мөнхийн залбиралт хөшөө

Eagle.mn


Урин цаг наашилж, хүн малын зоо тэнийх цагаар Жамсран баавайг зорилоо. Баавайн “ажлын байр” гэж нэрлэсэн хашаагаар ороход дүүрэн төмөр, модны овоолго, чулуу нүдэнд тусна. Эмх цэгцэнд оруулан янзалсан хэдий ч юм мэдэхгүй, учир гадарлахгүй хүн новш гэж халгамаар энэ бүхэн түүний төмөр мужааны багаж хэрэгсэл, материал, хэрэглэгдэхүүнүүд. Тэрээр энэ жил 74 насыг зооглож буй ч бие тэнхлүүн, ухаан саруул аж. Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг багийн малчин, нутаг орондоо ажилсаг чамбайгаараа гайхагдсаар ирсэн Гөлгөөтөн бүлгийн ач хөвүүн Жамсран баавай сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшиж, ЗХУ-ын политехникийн дээд сургуулийг зорьж, хүнсний инженер мэргэжил эзэмшжээ. Ийнхүү 1967 оноос АПУ ХХК-д ажиллаж эхэлсэн гэнэ. “Конторын ажлаа дуусгаад л дархны амбаар руугаа гүйдэг байсан” хэмээн ярих баавайг хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн хүний гар хөдөлмөрийг хөнгөвчилөх 30 гаруй техник, үйлдвэрлэлийн шинэ санаа дэвшүүлж, хэрэгжүүлснийг нь үнэлэн БНМАУ-ын шилдэг зохион бүтээгч, шинийг санаачлагч медалиар шагнажээ. Түүний бүтээлч зан нь одоо ч хэвээрээ. 1994 онд гавьяаны амралтандаа суусан ч ясны ажилсаг чанар, хичээнгүй зан нь хатгаж, зүгээр суусангүй. Тэр тусмаа Онон, Улзын буриад хөвүүнд бодсон зүйл, хэрэгжүүлэх ажил мундахгүйн нэг нь “Залбирал” хэмээх хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөө. 

Энэ насны болоод урьдын олон төрөлд үйлдсэн бусдын амь таслах, хулгай хийх тэргүүтэн биеийн нүгэл хилэнцүүдийг гэрэл гарахад харанхуй үргэдгийн үлгэрээр ариусган нигүүлсэх болтугай хэмээх наминчлал залбирлын мөн чанарыг харуулсан гараа хавсран залбирч, алганы завсраас гэрэлт бадамлянхуа дэлгэрсэн цагаан цэнхэр боржин чулуун хөшөөний өндөр 3 метр, өргөн 1 метр. Хөшөөн дээр Дорнод аймгийн Баян-Уул сумаас улс төрийн хэрэгт хэлмэгдэж, 1939-1991 оны хооронд цагаатгагдсан 229 хүний нэрийг Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2016 оны 44 тоот жагсаалтын дагуу зэвэрдэггүй ган ялтсан дээр бичиж мөнхөлжээ. Хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн хамгийн залуу 22 настай, ахмад нь 77 настай байсан аж. Харамсалтай нь тус сумаас хэлмэгдэж байсан 100 гаруй хүний удам тасарч, хөөцөлдөх хүн үлдээгүйн улмаас цагаатгагдаж чадаагүй гэнэ.

Уй гуниг, харуусал цөхрөл аймшиг дагуулсан тэдгээр өдрүүдийг мартаж болохгүйг, давтагдаж болзошгүйг сануулан “Бүү март, мартвал мөхнө” хэмээх үгийг үл зэврэх, үл гандах ган хавтан дээр сийлж үлдээхийн сацуу боржин хөшөөг тойруулан цаг бусаар одогсдыг хүндэтгэн, хэн ч халдашгүй ариун дагшин газар гэдгийг Алунгоо эхийн таван нум сумтай, загасан нүдээр сонор соргог байхыг харуулсан хашаа, хар сүлд бүхий гэрэлтүүлэг, сандал, хөшөөний орчмын зам талбай гээд бүхий л зүйлсийг бэлдэж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр өөрийн ажлын байр хэмээн нэрлэсэн хашаандаа байрлуулжээ. Одоо харин Дорнод аймгийн Баян-Уул сумандаа аваачиж, хөшөөт цогцолбороо тохижуулах л үлдсэн гэнэ.

Хөшөөний доод буланд
...Тэртээ он жилүүдэд...
Шүүдрийн өнгө улаан байлаа
Шүүхийн шийдвэр буун дуутай байсан юм
Хүний амь бууны гохон дор байсаан
Хүмүүний амьдрал айдас хүйдэс,
Хагацал гунигийн нулимсаар дүүрэн байлаа хэмээх тухайн цаг үеийн нөхцөл байдлыг тод томруунаар дүрсэлсэн баавайн шүлгийн мөртүүд зурайна. 
1922 онд эхэлж, 1939 он хүртэл үргэлжилсэн Монголын их хэлмэгдүүлэлт ихэвчлэн нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан боловч бүхий л шат давхаргын 45,000-50,000 хүн хөнөөгдсөн гэдэг тооцоо байдаг бөгөөд энэ нь манай улсын тухайн үеийн нийт хүн амын 8-13 хувь юм. Эдгээрээс 18,000 нь лам нар байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

Жамсран баавайн нагац өвөө, Онон голын маарамба М.Агваан анагаах ухаан, шашны мэдлэг бүхий хүн байснаас хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алджээ. Иймээс л нагац аав болон угсаа гарал нэгт нутаг усныхан, төрөлх Баян-Уул сумаас улстөржилт, баривчилгаанд өртсөн хэлмэгдэгсдийн алдар нэрийг гэгээн хорвоо гэрэлт нарны дор мөнхлөн үлдээх хүслээр өөрийн хөрөнгө санхүүгээр гурван сарын хугацаанд уг хөшөөг босгосон нь энэ. 

Гэрэлт хөшөө бүхий цогцолборыг байгуулахад нийт 28,779,570 орчим төгрөг шаардлагатай гэж тооцсон аж. Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хамаатан садан болох 10 орчим хүн хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн ч Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс болон сум, орон нутгаас улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болохоо мэдэгдсэн байна. Ийнхүү 10 сая гаруй төгрөгийг өөрөөсөө гаргаж, өнөө болон өнө хойчийн үрс санан дурсаж, залбиран мөргөж байх болтугай хэмээх гэгээн хүслээр бүтээсэн хөшөөгөө босгож, дагалдах зүйлсийг бэлдсэн ч зөөвөрлөх тээврийн хэрэгсэл, зарим бараа материалын түүвэр, ажлын хөлс дутаад байгааг санаа алдан өгүүлж байлаа. 

“Халуун итгэл цөхөрсөн 
Хатан зүрх шархирсан
Хар дарсан он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун” хэмээх үгс бүхий 1921-1990 оны хооронд хэлмэгдсэн 30 мянга гаруй хүний дурсгалд зориулан бүтээсэн хөшөө Үндэсний түүхийн музейн урд бий. Хэлмэгдэгсдийн нэрийг мөнхөлсөн хүндэтгэлийн багана аймаг, сумдад ч нэлээд бий авч хүндэтгэл үзүүлэх бодит цогцолбор болж чадахгүй байна. Тиймээс ч Монгол Улсын өнцөг булан бүрээс улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, бие сэтгэл, амь насаараа хохирсон олон түмний дурсгалыг хүндэтгэн үр хойч, өнөө цагийнхан залбиран мөргөж, хүндэтгэн дээдэлж байх зорилгоор бүтээсэн “Залбирал” хөшөөний томруулсан хувилбарыг хийж, Хамбын овоонд байрлуулах бодол тээж яваагаа ч тэрээр ярилаа. Хөшөө 30-40 метр өндөр, цагаатгагдсан хүмүүсийн нэрийг нэгбүрчлэн бичиж мөнхөлсөн байх гэнэ. 

Эхний ээлжинд “Залбирал” хөшөөгөө нутагтаа залахсан гээд ажил бүтэхийн төлөө залбирч, хөөцөлдөж байгаа аж. Хийснээ хүндэлдэг, хийж байгаагаа дэмждэг зангаар хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөртөө гар татаагүй баавайн чин хүсэл, өвгөдөө дээдэлсэн их ухааныг хүндэтгэж санхүүгийн туслалцаа үзүүлэх олон мундахгүй биз. Өвөг дээдсээ гэсэн халуун сэтгэлээр буриад хөвүүний сэтгэл гарган бүтээсэн өвөрмөц хэв маяг, өргөн агуулга бүхий дурсгалын хөшөө Монгол Улсын зүүн хойд хязгаарт сүндэрлэн босох цаг ойртжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)