Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ

Eagle.mn


Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Цаг хугацаанд шахагдсан, эдийн засгийн хүндрэлд хүлэгдсэн парламент хамгийн түрүүнд 2017 оны төсөвт тодотгол хийв. Долоон төрлийн татвар нэмж, үүнийхээ гурвыг нь ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Бас зарим халамжийг хасахаар шийдвэрлэсэн нь эрх баригчдад хасах оноо болмоор юм. Гэвч МАН энэ удаад эрх ашгийн эрэмбийг зөв дараалуулж чадах шиг боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиа бодсон бол юун татвар нэмэх, юун эдийн засаг баймаар юм. Яг л АН-ынхан болохгүйг нь мэдсээр байж 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зээл тавьж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авдаг шиг хандах ёстойсон. Гэвч тэд тэгсэнгүй. Эдийн засагт үүссэн одоогийн хүндрэлийг улам газар авахуулахгүйн тулд халгалгүйгээр шууд л халамжийн бодлогоос татгалзаж чадлаа. Сайн хэрэг. Эхлээд ард түмний, дараа нь Ардын намын гэсэн эрэмбэ үйлчиллээ. Мэдээж эдийн засаг эмнэлгийн сэхээнд орсон болохоор эмчилгээ хийхэд өвдөлт мэдрэгдэх нь зайлшгүй. Зарим татварын хувь хэмжээ өссөн нь хүсээгүй ч гарцаагүй сонголт байсныг УИХ-ын гишүүд хэлж байгаа. 

Төсөв тойрсон энэ яриагаа орхиод одоо үндсэн сэдэвтээ оръё. 2017 он бол Ерөнхийлөгчийн сонгуультай жил. Шинэ хуулиар Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч наадмын өмнө, тодруулбал Төрийн далбааны өдөр тангаргаа өргөх учиртай. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн тухайд тавдугаар сарын 7 гэхэд тодорсон байх болно. УИХ-д суудал бүхий гурван намаас Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших бол. Тавдугаар сар хаяанд ирчихсэн энэ үед ч хариу нь тодорхой болоогүй байгаа, бас хамгийн их анхаарал татаж буй асуулт бол энэ. 

Эрх баригчаас сөрөг хүчинд шилжсэн АН-ын хувьд хамгийн олон горилогчтой нам. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн түрүүнд шахуу Ерөнхийлөгчид нэр дэвших зорилготой байгаагаа ил мэдэгдсэнээс хойш бараг хагас жил өнгөрчээ. Харин түүний араас Э.Бат-Үүл, Л.Болд, Баабар, хамгийн сүүлд Д.Дорлигжав нар нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга гээд одоогоор байр сууриа илэрхийлээгүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнд эчнээ орсон хүмүүс ч бий. Харин МАН-ын хувьд байдал арай өөр зарчмаар явж байна. Хэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа албан ёсоор зарласангүй. Хэвлэлээр таамаглаж буй хамгийн бодитой, нэр дэвших магадлалтай хүн нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд. Гэтэл тэр хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдсан ч тоймтой байр суурь илэрхийлсэнгүй. Үг бүрчлэн сануулбал “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд сонгогчид, улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн оролцдог уламжлалтай. Энэ уламжлал хадгалагдаж, Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулна гэдэгт итгэж байна” гэсэн байх юм. Ерөнхийдөө л дипломат үг. Маш ерөнхийдөө бол ирэх зургадугаар сард сонгуультай шүү гэдгийг л сануулж. Хамгийн боломжтой нэр дэвшигч гэж хэвлэлийнхний таамаглаж байгаа хүн ингэж хэлсэн нь сонин. “Би” гэж ярих тун дургүй М.Энхболд “Хариуцлагыг бид л үүрнэ. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй” гэж УИХ-ын чуулганы нээлтийн үгэндээ бас цохон тэмдэглэсэн байна лээ. Үгэн дотор үг гэж хэлц бий. Түүгээр ухвал МАН одоо УИХ-д 65 суудалтай байгаа үнэмлэхүй олонхи. Дээр нь нийслэлийн ИТХ болон ганц, хоёр аймгийг эс тооцвол МАН орон нутагт засаглаж байгаа. Бүр нөгөө талаас нь харвал УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр МАН-ынх. Иймээс л бүрэн итгэл хүлээлгэж байж бүтээн хариуцлага тооцох боломжтой. Тулгын гурван чулууны нэг нь сондгойрвол тогоо холбирдог гэх үг ч бий. 

Нэг нь парламентад есөн суудалтай сөрөг хүчин, нөгөө нь 65-уулаа байгаа эрх баригч хоёр намын тухайд байдал иймэрхүү л байна. Харин ганц суудалтай МАХН-ын хувьд одоог хүртэл тоймтой, тодорхой байр суурь гарсангүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа намын дээд байгууллага буюу Их хурлаас шийдвэрлэх хуультай. Түүнээс УИХ-д сонгогдсон гишүүд нь ярилцаад шийдчихдэг зарчимгүй. МАХН-д угаасаа хоорондоо ярилцах УИХ-ын гишүүд ч байхгүй. Энэ нь л МАХН-ын хувьд асуудал болчихоод байна. Парламентад байгаа ганц “дайчин” О.Баасанхүү, бас намын эрх барих Гүйцэтгэх товчоо нь байр суурийн зөрүүтэй байгаа гэх мэдээлэл бий. Нөгөө талаас нэгэнт нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас МАХН-аас өөр хүн сойх магадлалтай. Хамгийн сонирхолтой нь нэр дэвших магадлалтай хүний нэрс нь нам дотроосоо бус гаднаас сонсогдож эхэлсэн байна. Тухайлбал, ХҮН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар л гэхэд МАХН-аас нэр дэвших сонирхолтой яваагаа ил шахуу илэрхийлчихсэн билээ. 
Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ гэвэл нэг иймэрхүү л байна. Хагас сарын дараа гэхэд нэр дэвшигчид тодорчихсон байх учраас харж л байя даа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. За ингээд жинхэнээсээ хятадын эрлийз хүн монголын төрийн тэргүүнд зхларч Өвөр монголын араас орохнээ

    0 0 Хариу бичих
  2. МОНГОЛОО САМРАЯ ГЭВЭЛ ЭНХБОЛДЫГ СОНГОЦГОО. ЭД ШИЙДЖЭЭ

    0 0 Хариу бичих
  3. amitnii ferm gd zohiol shuud l sanaand orj bnshd. t1 llr ve eagle. enend n unemshij bga hichneen llruud bga veee odoooo bolichhooch sonin setguul tv-d itgeed yvdv tsag uy ungurtsiishuude zaluuuuuus mn. bosoh l hetegte. nom unsh. zarim heregte kino uz

    0 0 Хариу бичих
  4. Lu pizda l yamar ch bsn bish shuu

    0 0 Хариу бичих