АРДЫН ҮГ: “Ардын эксперт”-үүд асуулт асууж байна

С.Бүжин


Монголын медиа корпорациас зохион байгуулж буй АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих аян яг одоо МҮЭСТО-нд болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ардын эксперт”-үүдийн асуултад хариулж байна.

Дорноговь аймгаас оролцогч  Б.Бат-Очир:

Ерөнхийлөгч эргүүлэн татсан хуулиудаа дахин өргөн мэдүүлэх үү?

Ч.Өнөрбаяр: Шинэ УИХ гарч ирээд таван чухал хуулийг буцаасан. Эрүүгийн, Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд байсан юм. Нэгэнт баталсан хуулийг буцаадаггүй энэ буруу жишиг тогтоосон зүйл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг эхлүүлэхийн өмнө 21 аймагт ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Ярьдаг, шүүмжилдэг хүмүүс их. Яг барьж аваад хийдэг хүн ховор. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд бүтэхэд олон хүний хүч хөдөлмөр орсон. Хийсэн хуулиа 10 хүнд ойлгуулах амар ч гурван сая хүнд ойлгуулахад их хүч хөдөлмөр, олон хүний чармайлт орсон гэдгийг хэлмээр байна.

Баянзүрх дүүргийн иргэн Бат-Амгалан:

Ерөнхийлөгч өнгөрсөн найман жилийн хугацаанд 36 хууль санаачлан батлуулсан байна. Давхар дээлийг тайлах тухай хуулийн төслийг УИХ гурван удаа буцаажээ. Ямар шалтгаанаар буцааж байв. Цаашид батлагдах болов уу?

Ч.Өнөрбаяр: УИХ 76 гишүүнээсээ 2/3 нь чуулганы хуралдаанд ирвэл ирц бүрддэг байсан ч 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 39 гишүүн ирвэл ирц бүрддэг болсон. Ингэснээр 20 гаруйхан хүн хууль баталдаг болчихоод байна. Нөгөөтэйгүүр давхар дээлтэй сайдууд чуулганы хуралдаандаа суудаггүй, яаман дээрээ ажлаа хийгээд явдаг. Энэ тэдний буруу биш. Хуулийн тогтолцоо нь ийм байгаа. Тиймээс гол яамдын сайд давхар дээлтэй байж болно гэж хуулийн төсөлд тусгасан. Гэсэн энэ их гишүүдийн дэмжлэгийг аваагүй. Хуулийн төслийг буцаасан шалтгаан нь дотроо сайд болох мөрөөдөлтэй, сул гишүүн байх нь хэрэггүй гэж зарим хүн бодоод байна. Намтартаа сайд гэж бичүүлэхийн тулд улстөрч болдоггүй байх. Тиймээс 65-ын бүлэг өөрсдөө шаардаад энэ хуулийг батлах ёстой.

Чингэлтэй дүүргийн иргэн Нармандах:

Хэдэн жилийн өмнө Жастин Капло-г Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хамруулж чөлөөлсөн. Энэ хүнийг яагаал өршөөлд хамруулсан юм бэ?

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Монголоо бодсон хэрэг. Өөрөө хэл ам, шүүмжлэлийг бодсон бол өршөөлд хамруулахгүй байж болох байсан. Каплодоо биш үүний цаана 2000 хүн татварын асуудлаар шүүхийн хаалга татах гэж байсан юм. Капло бол хөлсний ажилтан. Үүний цаана “Саус гоби сэнд” компани байсан. Татвараас зайлсхийсэн хэн байсан ч барагдуулах ёстой. Цаашлаад Монгол Улсын нэр хүндийн асуудал байсан. Гадныхны дунд Монгол Улс ажил хийх гээд очсон хүнийг хорьдог, цагддаг гэсэн нэр гарч эхэлсэн.

Баянгол дүүрргийн иргэн Гэрэлцогт:

2006 онд АТГ байгуулагдсан. Үүний анхны даргаар ажиллаж байсан хүн амь насаа алдсан. Энэ байгууллагыг байгуулж байсан нөхдүүд авлигатай тэмцэхгүй байна вэ. АТГ улсын мөнгийг луйварчдад алдахгүй байхын төлөө ажиллах ёстой. Ерөнхийлөгч энэ чиглэлд багагүй ажил хийснийг би мэднэ. Авлигатай тэмцэх ажилд цаашид юу хийх вэ?

Ч.Өнөрбаяр: Би АТГ-т нэг жил ажиллаж байсан. Одоо би тэгнэ, ингэнэ гэж ярих эрх надад байхгүй. Яагаад гэвэл би одоо тэнд алба хашихгүй байгаа. Дандаа алга ташуулж олон түмэнд таалагдахын тулд ажиллаж болохгүй. Хуулийн байгууллагын нэг зовлон бол бүх хүнд таалагдаж ажилладаггүй. Хуулиа л дагаж, мөрдөж ажилладаг. Тиймээс шүүмжилдэг, хараалгуулдаг хүмүүс. Аливаа ажил хүнээс хамаардаг. Шударга, дайчин хүн даргаар очвол ажил урагшлаад байх жишээтэй. Шинэ удирдлага нь чухам яаж ажиллах юм сайн мэдэхгүй байна.

Хан-Уул дүүргийн иргэн Цэнгэлсайхан:

Улс төрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Энэ хуульд улс төрийн намуудын гишүүнчлэл бүртгэлийг УБЕГ хариуцна гэж байгаа. Төрийн албаны тухай хуулиар нам, төрийн алба хоёр заагтай байх ёстой гэж заасан. Үүнийг нэгтгэх нь хэр зүйтэй юм бэ. Хоёрдугаарт, цагдаа цагдаагаа шалгадаг болчихлоо. Үүн дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ. Оффшор дансны тухай хууль эргэж үйлчлэхгүй болсон байгаа. Энэ хууль дээр хориг тавих уу. Нийтийн сонсголын  тухай хууль ерөөсөө хэрэгжихгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?

Ч.Өнөрбаяр: Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Энэ хуулийг шинэчлэхгүйгээр аль нэг намын дарга нь солигдоод шинэчлэл болохгүй. Гишүүдийнхээ татварыг нэг хүн бөөндөө төлчихөөд өмнөөс нь удирддаг жишиг байсаар байна. Улс төрийн намууд жил бүр гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж УБЕГ-т хүргүүлдэг болно. Энэ нь намын давхар гишүүнчлэлийг болиулах санаа юм. Орон нутаг т улстөржилт их. Болж өгвөл суманд намын салбар байдгийг болиулмаар байна. Намууд дэргэдээ байгууллагатай байдгийг болих ёстой. Намаас гадна данс нээсэн байдаг. Тэр квотоор нэр дэвшдэг. Оффшорын хууль ёсчлогдож манайд ирээгүй байна. Монголын хөрөнгө Монголдоо л үлддэг байх ёстой. Манай хуулийн байгууллагуудад нэг зовлон бий. Хилийн дээс алхахаараа нүдгүй, гаргүй, хөлгүй болчихдог. Гадна талд гарсан мөнгө, төгрөг байгаа бол авчир. Зарим улс оронд төдний дотор хөрөнгөө оруулж ир. Гэхдээ чи төрд ажиллах ёсгүй шүү гэдэг. Харин манайд их зовлонтой. Уг нь гаргасан мөнгөө авчирмаар байна. Энэ чиглэлд Монголын төр хараагаа алдаж, бодлогоо алдаж болохгүй. Төгс хууль гэж байдаггүй. Гэхдээ тэр хуулийг зөв хэрэгжүүлэхээс их зүйл хамаарна. Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-ыг ажилтай болгох гэж санаачилж, батлуулсан хууль юм. Үүнийг УИХ-ын гишүүдээс асуух ёстой. УИХ өөрсдөө ажилла л даа. Нэг сайдыг унагачихаад өөрөө сайд болох гэдэг биш дуудаж авчраад мэдээллийг нь ав л даа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 234 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)