Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт эцэслэхээр төлөвлөжээ

С.Шийлэгтөмөр


“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал ганцхан өнөөдөр яригдаагүй. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталсан цагаас хойш л яригдаж байгаа” гэж өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлж байлаа. Энэ нь ч үнэн. Үе үеийн УИХ энэ сэдвийг байнга хөнддөг ч бодитой ажил хийсэн нь цөөхөн. Харин энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аян орон даяар өрнөж байна. Учир нь, намрын чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар болсон юм. Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны судалгааг орон даяар явуулж санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг сонгоод байгаа аж. Мөн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл анхны хуралдаанаа хийж нэгдүгээр үе шатны санал асуулгад оролцох иргэдээс асуух асуултыг баталсан байна. Улмаар санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 12-ноос аймаг, дүүргийн Статистикийн хэлтэс орон даяар эхлүүлсэн бөгөөд 22-нд дуусах юм байна. УИХ-ын сонгуулийн үеэр Улаанбаатар хот, орон нутгийн мандатын тоон дээр багагүй маргаан гарч байлаа. Харин энэ удаад нийт хүн амын тал хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотоос төчнөөн хүн зөвлөлдөх санал асуулгад оролцох ёстой гэсэн маргаан гарсангүй. 1570 иргэний 347-г нь Улаанбаатар хотоос үлдсэнийг нь хөдөө орон нутгаас сонгожээ. Санамсаргүй түүврийн аргаар сонгож байгаа учраас нийгмийн бүхий л давхарга, төлөөллийн хүмүүс сонгогдсон байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос сонгогдсон иргэдийн дунд хог түүж амьдралаа залгуулдаг нэг иргэн сонгогджээ. Нэгдүгээр шатны санал асуулгад оролцсон 1570 хүний 50 хувийг нь мөн санамсаргүй түүврийн аргаар сонгож хоёр дахь шатны санал асуулгад оролцуулах юм. Тодруулбал, хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-ны амралтын өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнд 785 хүн оролцоно гэсэн үг. Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой ямар зүйлийг асууж саналыг нь авах вэ гэдэг хамгийн чухал. УИХ, Засгийн газрын төвшинд байгуулсан хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хоёр ажлын хэсэг нь Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ гэдэг асуудлаар бүх аймгаар явж судалгаа хийжээ. Улмаар энэхүү судалгаан дээрээ үндэслэн зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэх сэдвийн хүрээгээ тодорхойлсон юм байна. Зөвлөлдөх зөвлөл дараахь сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

1.УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах.

1.1.Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох
1.2.Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах
1.3.Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож,  бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.

2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох.

2.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх, улируулан сонгохгүйгээр УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох. (УИХ-ын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын нийт гишүүдээс бүрдэнэ)
2.2. Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.

3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх

3.1.Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох
3.2.Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх
3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Үндсэн хуульд нэмж оруулах.

4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Үндсэн хуульд бэхжүүлэх
4.2.Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох.

5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах

5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох
5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;
5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох.

6.Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага УБХ гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг  хангах гэсэн зургаан сэдвийн 13 асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах юм. Зөвлөлдөх санал асуулгад орон нутгаас оролцох иргэд хоёр хоногийн өмнө ирэх бөгөөд нийт оролцогчдыг дээрх сэдвийн хүрээнд мэдээллээр хангах юм байна. Хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгын дүнгийн тайланг Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах аж. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг үндэслэн тавдугаар сарын 5-ны дотор зөвлөмж гаргаж УИХ-д танилцуулна гэж төлөвлөжээ. Үүний дараа УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах комисс байгуулна. Тус комиссыг УИХ-ын гишүүд, эрдэмтэд, депутатууд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах юм байна. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан комиссын боловсруулсан төслийг  нь УИХ хэлэлцэн батална. Тухайн төслийн заалт бүр нь УИХ-ын өндөр босгыг давж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процесс цааш үргэлжилнэ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар бүх заалт нь гуравны хоёроос дээш хувийн санал авч байж батлагдах ёстой. Гэхдээ бүх заалт нь УИХ-ын гуравны хоёрын босгыг давлаа гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдана гэсэн үг биш юм. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд эцэслэн батлагдана. Түүний дараа өөрчлөх эрх УИХ-д байхгүй гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн ахлагч, Үндсэн  хууль судлаач, УБХ-ын гишүүн асан Д.Ламжав онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал санаачилга ийм олон шат дамжлага дамжиж байж бодит ажил хэрэг болох ажээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстойг хэлэх нь зүйтэй гэж бодож байна” гэсэн нь ийм учиртай байжээ.

“Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хажуугаар УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж амжих уу” гэсэн байр суурьтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ амжуулах боломжтой хоёр үндэслэл бий. Эрх баригчид ч үүнийг тооцсон л байж таарна. Нэгдүгээрт, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ өөр ямар нэгэн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр цаг хугацааны хувьд боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт, төслийн заалт бүрийг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж байж баталгаажих ёстой. 76 гишүүний гуравны хоёр гэдэг 52 гишүүн. МАН-ын бүлэг 65-уулаа учраас кнопоор дутахын зовлонгүй. Тиймээс бодит шаардлага, судалгаанд үндэслэн улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж ажиллах нь л чухал юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хоёрхон сарын хугацаанд амжуулахаар төлөвлөсөн ч үнэхээр долоо хэмжиж нэг огтлох байдлаар нягт нямбай хэлэлцэх нь дээрх процессоос харагдаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдөр буюу зургадугаар сарын 28-наас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө урьдчилсан байдлаар баталсан байх шаардлагатай юм.  “Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хажуугаар УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж амжих уу” гэсэн байр суурьтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ амжуулах боломжтой хоёр үндэслэл бий. Эрх баригчид ч үүнийг тооцсон л байж таарна. Нэгдүгээрт, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ өөр ямар нэгэн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр цаг хугацааны хувьд боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт, төслийн заалт бүрийг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж байж баталгаажих ёстой. 76 гишүүний гуравны хоёр гэдэг 52 гишүүн. МАН-ын бүлэг 65-уулаа учраас кнопоор дутахын зовлонгүй. Тиймээс бодит шаардлага, судалгаанд үндэслэн улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж ажиллах нь л чухал юм.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн
1. Ахлагч, Үндсэн  хууль судлаач, УБХ-ын гишүүн асан Д.Ламжав
2. Ахлагч, Соёл урлаг хөгжүүлэх төрийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
3. Гадаад хэргийн сайд асан дипломатч Ц.Гомбосүрэн
4. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав
5. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ц.Сарантуяа
6. “Монфемнет” үндэсний сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа
7. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, АИХ-ын депутат асан Д.Чойжамц
8. ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх УИХ-ын ажлын хэсэг
1. Ахлагч Д.Лүндээжанцан
2. Ж.Батзандан
3. Г.Занданшатар
4. Ж.Мөнхбат
5. Я.Содбаатар
6. Н.Энхболд
7. Д.Эрдэнэбат

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Элэг бүтэн Монгол, хелонкобактерийн 80%ийн хөнгөлөлтэй шинжилгээ, Чингисийн талбай дээр тийм ч юмны өдөрлөг, тийм ч юмны чуулга уулзалт нэрээр мандат олгох нэрээр мянга мянгаар нь цуглуулж байгаад овог нэр, регистрын дугаа, хаяг сонгуулийн тойрог гэх мэт хүмүүсийн мэдээлэлийг цуглуулж байгаад луйварын сонгуулийн бэлтгэлээ маш шуурхай хийж байна даа. Зочин

    0 0 Хариу бичих
  2. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ ҮТЭР ТҮРГЭН ШИЛЖИЖ МОНГОЛ УЛСАА АВАРЬЯА

    0 0 Хариу бичих
  3. Одоогийн УИХ-ын гишvvдийн дийлэнх нь улс терийн бодлого тодорхойлох чадваргvй кноп дарахаас еер vvрэггvй маагуунууд vндсэн хууль еерчлехед аятайхан нэг зев санаа ч хэлж чадахгvй юмнууд.

    0 0 Хариу бичих
  4. Гайгүй бүрэлдэхүүнтэй л юм байна. Гэхдээ л дахин дахин сайн зөвлөлдөж байж эцсийн хувилбараа тогтоох нь зөв биз. Улс төрийн намуудын тухай заалт баймаар ч юм шиг. Тэгэхгүй бол одоогийн байдал хэвээр үргэлжлэх аваас намуудын талцал хуйвалдаан албан тушаалын наймаа авилгал хүнд суртал оршсоор л үлдэх байх даа. Намуудын тухай хуулиар зохицуулах боломжтой гэж үзсэн юм болов уу.

    0 0 Хариу бичих