Сонгуулийн өмнөх Ардчилсан нам

С.Батзаяа


Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Ардчилсан нам дотооддоо бужигнаантай байна. Намаа шинэчлэх ажил нь одоо ч үргэлжилж буй. Ямартай ч тэд энэ сарын 2-нд дотоод сонгуулиа хийж, нийт 17800 сонгуульт албан тушаалтныг 152 мянган гишүүнийхээ саналаар тодруулсан. Үүний өмнө намын даргын сунгаа явуулж, Ардчилсан нам түүхэндээ анх удаа  фракцуудын тохироогоор бус бүх гишүүдээсээ сонгосон нэгдсэн удирдлагатай болоод байгаа. Энэ удирдлага нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдан оролцож ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэх зорилттой ч хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр ацан шалаанд ороод байгаа аж. 

Учир нь, тус намд нэр дэвших сонирхолтой хүмүүс захаас аваад мундахгүй олон байна. Одоогоор нэр дэвших сонирхолтой есөн хүн байгаа аж. Арга ядахдаа бүх гишүүдээсээ асууж, санаа бодлыг нь сонсоно хэмээн С.Эрдэнэ дарга 21 аймагт ажиллахаар замдаа гараад байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед намынхаа 180 орчим мянган гишүүний идэвхийг сэргээж, шинэчлэлийн зорилт бодлогоо танилцуулж байгаа нь нэг талаараа сайн хэрэг ч нөгөөтэйгүүр энэ сарын 2-нд явуулсан нам доторхи дотоод сунгаа нь Ардчилсан намын рейтингийг өсгөж чадаагүй гэх. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид Монголын улс төрийн намуудаас анх удаа гишүүдийнхээ цахим бүртгэлийг хийж чадлаа. Удахгүй гишүүдээ цахим үнэмлэхтэй болгоно. Бид бодлогын нам болно. 2020 онд Засгийн эрх авахын төлөө одооноос засаглалын бүтцээ гаргана. Энэ намраас эхлэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлнэ. 2020 оныг хол гэж битгий хар. Бидэнд хоёр жилийн л хугацаа байна. Тийм учраас бид боловсон хүчний нөөцөө бий болгох ёстой. Мөнгөөр биш бодлогоор бид өрсөлдөх болно” хэмээн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзах бүртээ хэлж яваа.

Гэхдээ түүнийг мөнгөөр уралддаг сонгууль бий болгосон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ч ийм зарчмаар явуулах гэж байна хэмээн намынх нь зарим нөхөд шүүмжилсээр байна. Энэ шүүмжлэлд намынх нь удирдлагууд тоймтой хариу өгөөгүй байгаа. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хуулийн хүрээнд тодруулна. Энэ хүрээнд манай намын Дотоод сонгуулийн хорооноос журам батлах юм. Журам батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болно” гэх бөөрөнхий хариулт өгсөн. Журам хэдийгээр эцэслэгдэх нь одоогоор тодорхогүй байгаа аж. Уг журмыг боловсруулж дуусахаас  өмнө Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүсээ дуудаж уулзахаар болсон ч гуравхан хүн л очсон байна. Уг нь нэр дэвшихийг горилж буй бүх хүн ирсэн бол нам доторх сунгааг хоёр хүний хооронд л явуулах тохироо хийх санаатай байжээ. Энэ уулзалтад ихэнх хүмүүс ирээгүй нь нам доторхи фракцуудын лидерүүд хуучин шигээ бүх зүйл тохироогоор явна хэмээн санаж, С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж хардахад хүргэж буй юм. Гэхдээ тоглоомын дүрэм тэдний хүссэнээр бус С.Эрдэнийн дэглэлтээр явахаар болчихоод байгаа нь хэнд ч ойлгомжтой байх. 

Хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 2-7-ны хооронд намууд тодруулахаар байгаа. Хэрэв Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа есөн хүнээсээ дотоод сунгаанд оролцуулахын тулд мөнгө авбал хуучин зарчмаараа явж байна гэсэн үг. Товчхондоо, АН хуучин явж ирсэн зарчмаараа явбал шинэчлэл гэж нэрлэхгүй. Намын дотоод сунгаанд оролцох хүмүүс бие биенээ хэвлэлээр “намнаад” эхэлбэл намынх нь нэр хүнд одоогийнхоосоо улам бүр унана. Иймд Ардчилсан нам шинэчлэгдсэн гэдгээ харуулахын тулд тохироог хойш тавих ёстой гэх. Тэгж байж үзэл баримтлалаа шинэчилсэн цоо шинэ нам болно гэдгийг зарим гишүүн нь хэвлэлээр дамжуулж намын даргадаа хэлсэн байсан. 

С.Эрдэнэ даргын 21 аймагт ажиллах томилолт тавдугаар сарын эхээр дуусах аж. Үүний дараа Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хүмүүсийг дахин дуудаж уулзахаар болсон гэх мэдээлэл байна. Энэ уулзалтад горилогчдын хэд нь очих нь тодорхойгүй ч ихэнх нь намын VIII Их хуралд оролцох хүмүүсийг багцалж байгаа гэх. Гэхдээ VIII их хуралд ямар хүмүүс орохыг С.Эрдэнэ дарга мэдэх учир энэ дэмий ажил ч байж магад. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АН-ыг шүүмжлэх яах вэ? АН ямар засаг барьж байгаа биш одоохондоо өөрийгөө засаад гэрээ засаад д байж л байг. Засаг барьж байгаа МАН чинь харин намайг болон ард иргэдийг минь түгшээж байна. Засаг авсанаас хойш туждаа АН-ыг муулав. Яасан ч их гоншигнодог юм. Хийсэн ямар ажил байна гээд харахаар ОУВСангийн хөтөлбөрөөс өөр юм харагддаггүй ээ. Араас нь маниусынхаа хармааг ухах ажил руу ханцуй шамлан орлоо. 90 жилийн түүхтэй мундаг нам гээд л сонгосоншдээ уг нь... Уруудаж доройтож яваа АН яах вэ Жаргалаа даахгүй задарч танхайрч байгаа МАН-ыг сургаач ээ 4 дэх засаглал минь

    0 0 Хариу бичих
  2. Санаа зовох хэрэггүй дээ. АН гишүүн бүрийнхээ саналыг харгалзан хуулийн хүрээнд асуудлаа шийднэ. Тэгэж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. АН -ын явуулж буй үйл ажиллагаа анхнаасаа л ил тод байсан. Цаашдаа ч тийм л байх болно. Харин гишүүд маань хуулийн хугацаанд буюу 2017 оны 5 дугаар 2 ноос 6 нй хооронд хэнийг дэмжихээ дотроо бодчихсон байх нь зөв шүү.

    0 0 Хариу бичих