Хоёр хүүхэдтэйгээ орох оронгүй гадуур хоног төөрүүлж зовж зүдэрч явсан Г.Цагаандарь сайхан сэтгэлт олны дэм тусыг хүртсээр байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Г.Цагаандарийг үндсэн ажилтнаар ажилд оруулахаар урьж өнөөдөр хөдөлмөрийн гэрээ байгууллаа. Одоогоор бие нь жаахан сул байгаа болохоор өөрт нь тохирсон хөнгөн ажил хийлгэж ахуй амьдралд нь туслах бөгөөд цаашдаа мэргэжил боловсролыг нь дээшлүүлж шат ахиулан ажиллуулах боломжтой гэж ИНЕГ-ын удирдлагууд хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр онцлон хэлжээ.
Г.Цагаандарь энэ сарын 24-нд ажилдаа орох бөгөөд 650000 төгрөгийн үндсэн цалин авч идэвхи санаачлагатай ажиллавал 20 хувийн нэмэгдэл цалин авах гэнэ. Тэрээр “Эко хужирт” компаниас бэлэглэсэн шинэ 5 ханатай гэртэйгээ ИНЕГ-ийн орчимд амьдрахаар болжээ.
“Итгэл сэтгэлийн гүүр” сангаас энэ хугацаанд хандивийн ажиллагаа явуулан хашаа байшин худалдан авсан бөгөөд үүнийг түрээслэн байртай болгох мөнгө хуримтлуулах болон цаашид цалингаас бусад хуримтлал үүсгэхэд нь зориулахаар шийдвэрлэжээ. “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн хамт олон Г.Цагаандарь болон түүний хоёр хүүхдийн гэр болон хашаа байшинг энэ сарын 20-нд албан ёсоор хүлээлгэн өгнө.