Хятадын эдийн засгийн гурван асуудал

Eagle.mn


2017 он бол Хятадын төр засгийн хувьд эдийн засгийн байдлаа сайжруулах 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хоёрдохь үе буюу ач холбогдолын хувьд маш чухал нэгэн жил юм. Өнгөрсөн хоёр сарын тухайд Статистикийн төв газраас гаргасан тайлангаар аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүн 6.3 хувиариар өссөн нь өнгөрсөн жилийн 12 сарын үзүүлэлтээс даруй 0.9 хувиар илүү байна. 

Сүүлийн гурван жилийн турш үнийн уналттай, тогтворгүй байсан төмөр, төмөрлөг эд, нүүрс зэрэг гол бүтээгдхүүний үнэ тогтмол өсөж буй нь эдийн засагт сайн үр дүн авчрах төлөвтэй байгаа. Хятадын Засгийн газар ч дарамт үзүүлэхээс зайлсхийж энэ оны эдийн засгийн зорилтот түвшинг 6.5 хувь болгосон нь ойрын жилүүдийн хамгийн доод үзүүлэлт болсон билээ. Гэвч өнгөрсөн онд хямралын хэмжээнд хүрсэн эдийн засгийн зарим ярвигтай асуудлууд тийм ч амар шийдэгдэхгүй төлөвтэй байна. Үүнээс цаашид эдийн засагт голлох үр дүн үзүүлэх гурван асуудал буй. 

2016 онд албан бус судалгааны дүнгээр нэгдүгээр зэрэглэлийн хотуудын орон сууцны дундаж үнэ 2015 оны үзүүлэлтээс даруй 22.95 хувиар өссөн байна. 

Үл хөдлөх хөрөнгийн үнэ

Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл Хятадын ард түмний хүзүүн дээр нь мордчихоод буй. Хятадын эдийн засгийн төв хорооны зааварчилснаар “Орон сууц бол ард иргэдийн амьдран суух гол үүргийг гүйцэтгэх учиртайгаас бус эдийн засгийн хөөрөгдлийг үүсгэх хөшүүрэг байх учиргүй” бөгөөд нэгэнт үүсчихээд буй орон сууцны үнийн хөөрөгдлийг хатуу бодлогоор хяналтад оруулах шаардлага гарч ирж байна. 
Хэрвээ Хятад улс орон сууцны үнийн хөөрөгдлөө зохицуулж, зөв гольдролд нь оруулж чадах аваас эдийн засгийн тогтвортой хөгжилд маш том хувь нэмэр болох нь дамжиггүй. Гэвч энэ асуудал нь өнөөдрийн ийм байдалд хүрэн хүртлээ мөн л хэдэн арван жилийн хямралыг дамнаж үүссэн гэдгийг хэлэх нь зүйтэй. 2016 онд Хятадын эдийн засгийн төв хорооноос нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудад (Хятад улс хотуудаа зэрэглэлээр хуваасан) орон сууц, барилгын үнийг хатуугаар тогтоох шийдвэр гаргасан боловч амьдрал дээр хэрэгжих нь үр дүн муутай байна. Учир нь хотуудын захиргаа өөрсдийн санхүүгээ авч явахад орон сууцны бизнес ашгаа өгдөг учир үнэ бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа. Нэг үгээр хэлбэл өнөөгийн Хятад оронд аль хотод ямар байрлалд байр эзэмшиж буйгаар нь иргэдийн амьдралын түвшинг тов тодорхой ангилж болохоор байгаа юм. 

2016 онд албан бус судалгааны дүнгээр нэгдүгээр зэрэглэлийн хотуудын орон сууцны дундаж үнэ 2015 оны үзүүлэлтээс даруй 22.95 хувиар өссөн байна. Судлаачдын үзэж буйгаар нэгдүгээр болоод хоёрдугаар зэрэглэлийн хотуудын байрны үнэ хэдийнэ дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварыг давжээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч буйг дагаад 2017 оноос гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудад олноор байр худалдан авах хандлага бий болох бөгөөд төр засгаас тодорхой бодлого баримтлахгүй бол үнийн хувьд маш том зөрөөтэй (гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудын байрны дундаж үнэ хоёрдугаар зэрэглэлийн хотуудтай харьцуулахад 3%< дахин хямд байгаа юм) байгаа нь эргээд энэ хотуудад ч үнийн хөөсрөл дагуулж мэдэхээр аж.

Эзэмшигчийн нэрээр хяналт тогтоон нэгээс илүү байр эзэмшдэг нь тогтоогдвол байрны хэмжээ, байрлал, тооноос хамааран өндөр татвар оногдуулах хууль Хятадад мөн энэ оноос хэрэгжиж эхлэх юм.

Юанийн ханш

Юанийн ханш үргэлжлэн буурсаар байх төлөвтэй байна. Хятадын санхүүгийн салбар өндөр эрсдэлд хэвээр байгааг энэ жилийн Хятадын Эдийн засгийн хорооны хуралдаанд хэлэлцсэн асуудлаас илхэн харж болохоор байна. Орон сууцны үнийн хөөсрөлтийг тогтоон барих, аж үйлдвэрүүдийн өр шир ихэсч, юанийн ханш үргэлжлэн суларсаар байгаа зэрэг асуудлуудаас үүдэн эдийн засгийг бага хурдаар аажим өсгөх нь (дээр дурдсан энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилт 6.5 хувь) дотоод асуудлуудаа шийдэхэд тус болно хэмээн үзжээ.

Гэвч эдгээрээс илүү анхаарал татаж буй асуудал нь эдгээр асуудлыг дэвэргэхэд төрийн ямар бодлого, шийдвэр нөлөөлөв гэдгийг гаргаж ирэх шаардлага тулгарч байна. Хятадын төрийн банкны үнэт цаасны талаар баримталсан бодлого хэтэрхий уужуу сул, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зах зээлд татан оруулах үүднээс гаргасан итгэмжит зээлийн хэмжээ хэтэрсэн явдал нь 2015 оны үнэт цаасны хямрал, он дамнасан орон сууцны үнийн хөөргөдөл, бараа таваарын зах зээлийн илүүдэл, үйлдвэрүүд өрөнд орсон явдал зэргийг үүсгэхэд гол нөлөө үүсгэсэн гэж үзэж болох талтай.

Тэгвэл яагаад юанийн ханш үргэлжлэн буурсаар байна вэ? Сүүлийн жилүүдэд эдийн засаг хийгээд улс төрийн таагүй байдлаас үүдсэн маш их хэмжээний юань гадаад хөрөнгийн зах зээл рүү урсан гарах болсон. Гэвч үүнээс илүү ач холбогдол өгөх ёстой газар нь дотоод гадаадын зах зээл дээр Хятадын мөнгөн дэвсгэрт итгэх итгэлцлийг хурдацтай нэмэгдүүлэх явдал болоод байна.

Хятадын төв банкаас энэ талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч аажмаар энэ чигээр юанийг автоматаар хамгаалах үйлдэл хийх нь зах зээлд ашиггүй валютаар таниулж байдлыг бүр ч муутгах аюул дагуулж байгаа юм. Улсын мөнгөн дэвсгэрт үнэгүйдэх явдал нь зөвхөн гадаад валютын зөрөөний асуудал төдий биш, зах зээлийн үндсэн хөрөнгөний үнэ цэнийг асар хурдан бууруулж улсын баялгийг аажмаар тонож оддог. Зөвхөн Хятад ч бус манай Монгол Улсад үүний жишээг харж болно.

Эдийн засгийн бодит өсөлт

Дараагийн асуудал бол Хятадын эдийн засгийн өсөлтийг цаасан дээр бус бодит амьдрал дээр буулгах. Олон улсын судлаачид Хятадын эдийн засгийн энэ их тоо баримт, өсөлт хэврэг шинж чанартай, цаасан дээрх өсөлт гэдгийг байнга сануулдаг.

Хятадын бодит эдийн засаг өнөөдөр маш хүнд үеийг туулж байна гэж хэлж болохоор байна. Улсын томоохон аж үйлдвэрүүд жил дараалан өртэй гарахаас гадна, сүүлийн жилүүдэд эдийн засгийн дийлэнх хөрөнгө орон сууц, барилгажилт болон үнэт цаасны салбарт эргэлдсэн ажээ.

2016 онд Хятадын хэдэн зуун мянган компани зөвхөн орон сууц зарах, худалдан авах, түрээслэх үйл ажиллагаагаар эдийн засгийн гол нурууг бүрдүүлснээс үүнийг харж болно. Үйлдвэрлэхэд бус зөвхөн орон сууцны наймаан дээр хөрөнгө төвлөрч байхад орон сууцны үнэ өссөн явдлыг ч гайхалтгүй юм. Ойрын үед Хятадын эдийн засаг, зах зээлийн хүрээнд тулгараад буй хамгийн хурцадмал асуудлуудын талаар товчхон авч үзэхэд иймэрхүү дүр зураг гарч байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)