О.Зандраа: Шүүх бүхэлдээ дагнасан шүүхийн тогтолцоонд шилжсэн

Г.Даша


Ерөнхийлөгчийн ажлыг иргэдээр дүгнүүлэх "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян энэ удаад “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Шүүхийн шинэтгэл” мэдээллийн хүрээнд “Мэргэшсэн шүүх” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраатай  ярилцлаа.

-Шүүхийн шинэтгэлийн чухал нэг үр дүн бол дагнасан шүүх байгаа. Дагнасан шүүх гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Дагнасан шүүх гэдэг нь өөрөө хэрэг маргааныг төрөлжиж шийднэ гэсэн үг. 2004 оноос хойш Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь жигдрээд өнөөдөр 13 жил болсон байна. Яг үүнтэй адилхан эрүүгийн хэрэг, иргэний хэргийн чиглэлээр дагнасан шүүх байгуулсан. 2016 оны тавдугаар сарын 13-нд УИХ-ын хууль гарч шүүх байгуулах тухайд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 115 шүүх ажиллаж байна. Үүнд Улсын дээд шүүх, Давж заалдах шатны 26 шүүх, анхан шатны 88 шүүх ажиллаж байна. Үүнээс одоо дагнаж ажиллаж байгаа шүүгч нарын хувьд бол эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг, иргэний хэргийн чиглэлээр мэргэшиж үйл ажиллагаа явуулж байгаадаа асуудлын гол оршиж байгаа.

Энэ шүүгч нарыг цаашид мэргэшүүлж дагнуулж ажиллуулах нь их ач холбогдолтой. 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд батлагдсан Шүүхийн багц хуулиар Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийн чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д заасан. Энэ заалтын дагуу салбар хуулиудаар нь баталгаажуулаад өгсөн нь эрх зүйн талаасаа ач холбогдолтой болж байгаа.

-Шүүгч дагнаад мэргэшээд ирэхээр шүүхийн шийдвэрийн чанар яаж дээшилсэн бэ?

-Энэ бол мэдээж дээшлэх нь тодорхой. Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийн гурван талаас нь шийдэж байсан нэг шүүгч өөрөө дагнаад эрүүгийн хэрэг шийдээд явна гэдэг бол нэгдүгээрт шүүгч талдаа ч ач холбогдолтой. Хоёрдугаарт эрхээ хамгаалуулахаар хандсан хүн энэ шүүгч миний хэргийг үнэхээр хуульд нийцүүлж зөв шийдэх юм байна, мэргэшсэн дагнасан шүүхэд ажиллаж байгаа хүн юм байна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж байгаагаараа ач холбогдолтой.

-Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн хэдэн хувь нь давж заалдаж байна вэ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэдэн хувь нь давж заалдах шатны шүүх дээр очоод өөрчлөгдөж байна вэ гэдгээр хэмжээд байдаг. Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу?

-Судалгаа бий. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны тайлан гарсан. Энэ тайлангаар шүүхийн статистик мэдээ бүгд цогц байдлаар гарсан. Тайлангаас үзэхэд өнгөрсөн 2016 онд иргэний нийт 46 мянган хэрэг, эрүүгийн 5600 гаруй хэрэг, захиргааны 1900 хэрэг шийдсэн байгаа юм. Эдгээрээс 10-20 хувь нь давж заалдан, түүнээс бага хэмжээгээр хяналтын журмаар гомдол гаргаж байгаа. Энэ нь дагнасан шүүхэд ажиллаж байгаа мэргэшсэн шүүгчдийн гаргаж байгаа шийдвэрт иргэдийн итгэл дээшилсэн гэдгийг харуулж байгаа. Жишээлбэл чанарын үзүүлэлт өндөр байна гэсэн үг. Давах хяналтын журмаар орж шийдэгдэж байгаа хэргийн 10-20 хувь гэж бодоход түүнээс 50-аас доош хувь нь хүчингүй болж өөрчлөгдөж байгаа. Мөн анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хэвээр үлдээд тухайн маргагч талууд дээд шатны шүүхэд гомдол гаргахгүй байна гэдэг чинь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч маргааныг эцэслэн шийдлээ. Дахин би дээд шатны шүүхэд нь давж юм уу хяналтын журмаар гомдол гаргах шаардлагагүй юм байна гэдэг итгэлийг төрүүлж байгаа учраас шүүхийн шийдвэрийн чанар  харьцангуй дээшилж байгаа.

-Өндөр хөгжилтэй улс орнуудыг харахад хүүхдийн шүүх, гэр бүлийн шүүх гээд дагнаад явчихсан байдаг. Манайх бас энэ төрлийн шүүхийг байгуулахаар эрмэлзэж байгаа гэсэн төлөвлөгөө байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үүнийг ажил болгоод явж байгаа. Нэгэнт дагнасан шүүх байхаас гадна хөдөлмөрийн шүүх, гэр бүлийн шүүх, патентын шүүх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн шүүх гээд тусдаа бие даасан төрөлжсөн шүүхүүд байдаг юм байна. Мэдээж эрх зүй өндөр хөгжсөн орнуудад төрөлжөөд явсан. Манайх эдийн засаг, нөхцөл байдал, хөрөнгө мөнгөнөөсөө шалтгаалаад үүнийг хийж чадахгүй явж байгаа. Цаашдаа нэгэнт эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийн чиглэлээр дагнасан шүүх байгуулаад эхний шүүх нь 13 жил, дараагийн шүүх нь 2013 оноос хойш явж байна. Тиймээс ийм үйл ажиллагаа улам боловсронгуй болж жигдэрнэ. Дээр нь хөдөлмөрийн шүүх, гэр бүлийн шүүх гээд төрөлжиж ажиллах боломжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нээж өгч байгаа. Тухайлбал, гэр бүлийн шүүх гэхээр гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүх тусдаа төрөлжөөд гарчих юм бол энэ нь нийгэмдээ ч ач холбогдолтой. Гэр бүл хэдий чинээ төлөвшилттэй, бат бөх байна тэр хэмжээгээр нийгэм оршин тогтнох боломж нь баталгаатай болно. Тиймээс бидний зайлшгүй барьж байгаа бодлого бол гэр бүлийн шүүхийг төрөлжүүлж байгуулах нь зүйтэй юм. Ингэснээрээ аль аль талдаа ач холбогдолтой гээд Сүхбаатар дүүргийн шүүхийн хажууд 900 ам метр талбайтай байр түрээсэлсэн. Энд гэр бүлийн шүүх байгуулах урьдчилсан нөхцөлүүдийг бий болгосон. Эрх зүйн талаасаа гэр бүлийн төрөлжсөн шүүх байгуулах УИХ-ын хууль гараагүй. Төрөлжиж ажиллахыг хуулиараа зөвшөөрсөн. Энэ эрх зүйн хүрээнд бид гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр туршилтаар ажиллуулаад эхэлчихсэн. Гэр бүлийн шүүх зөвхөн хоёр хүний гэрлэлтийг цуцалдаг асуудал биш. Үүнд, хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ. Гэр бүлийн хоёр хүний хураамж хуримтлуулсан дундын болон хуваарьт өмчийн асуудал шийдэгдэнэ. Олон талын зүйлийг гэр бүлийн шүүх шийдэх учраас гэр бүлийн төрөлжсөн шүүхээ байгуулаад ажиллах шүүгчдээ хүртэл сонголт хийе гэж байгаа. Мэдээж 25 настай гэр бүл зохиогоогүй хүн тэнд очоод гэр бүлийн маргаан шийднэ гэхэд хэцүү. Тэр шийдүүлж байгаа хүмүүстээ ч итгэл үнэмшил төрөх нь бага. Тиймээс тэнд олон жил ажилласан, дадлага, туршлагатай мэргэшсэн шүүгчдээс бүрдсэн гэр бүлийн шүүхийг байгуулья гээд санал нэгдээд одоо туршилтын шатандаа явж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дагнасан шүүхээс гадна шүүгчдийг мэргэшүүлэх сургалтад ач холбогдол өгдөг. Сургалтын үр дүн практик дээр яаж харагдаж байна?

-Шүүгчдийн мэргэшүүлэх сургалт бол зайлшгүй амин чухал асуудлуудын нэг болоод байгаа. Нэгэнт дагнасан шүүхэд мэргэшсэн шүүгчид ажиллахаар хуульчлагдсаныг бид хуульд захирагдаж хэрэгжүүлэх учраас шүүгчдийн оюуны хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдэг асуудал зарчмын хувьд зайлшгүй тавигдаж байгаа. Эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн чиглэлээр төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 онд явагдах сургалтын хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн үндсэн тойм агуулга бол практикийн чиглэлээр нэг хэсэг явъя, онолын чиглэлээр нэг хэсэг явъя. Гэхдээ эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн чиглэлээр салж явъя гэдэг дээр тохирсон. Энэ чиглэлийн сургалтууд явагдаж байна. Сургалтын ач холбогдлыг бид их үнэлж байгаа. Сургалтын үр дүнд тухайн шүүгч нар шүүн таслах үйл ажиллагаан дээр чанарын өндөр үзүүлэлттэй гарах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжийг олгоно гэж ойлгож байгаа.

-Шүүгчдийн сонгон шалгаруулалтын босго оноог өндөрсгөсөн гэсэн. Үүнд мэргэшсэн шүүгчдийн хувьд гарч байгаа үр дүн гэвэл юу байгаа вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулах тухай асуудал, хуульчдаа шүүгч болгох тухай асуудал бол Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх үүрэгт хамаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд бид 144 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж, 380 хүн сонгон шалгаруулалтад орсон. Энэ нь мэргэшсэн чиглэлээрээ дагнасан шүүхэд ажиллах энэ шүүгчдийг бэлдэх үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл гүйцэтгэж байна гэсэн үг. Мэргэшсэн шүүгчдээр ажиллах гаднах хуульчдыг сонгох тухай асуудал бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын шинжтэй асуудал болоод байгаа. Гадаад улс орнуудад бэлтгэгдсэн, дотооддоо бэлтгэгдсэн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүргийг бид хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Шүүхийн мэргэжлийн хороо гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцийн байгууллага дээр дээрх тоогоор олон тооны гаднын хуульчид шүүгч болъё гэж өрсөлдөж орж ирж байгаа. Энэ зарчмын ач холбогдолтой зүйлүүд. Хуульчлаад өгсөн учраас энэ асуудлууд бий болоод байна. Нэгдүгээрт шүүгчдийн цалин нэмэгдсэн, хоёрдугаарт бүх насаараа томилогдож байна. Тэр хүнд ажлын байрны баталгаа байна. Гуравдугаарт дагнасан шүүхэд мэргэшсэн шүүгч ажиллах боломжийг нээж өгч байгаа. Тиймээс энэ чиглэлд бид тодорхой хэмжээний сургалтуудыг зохион байгуулж байгаа. Үүний үр дүн шүүхийн шийдвэрийн чанараар гарч ирнэ.  Шүүхийн шийдвэрт хэн дүгнэлт өгөх юм бэ гэдэг асуудал байгаа. Хэрэг маргааныг гагцхүү хуульд захирагдаж шүүх шударга байдлыг үндэслэл болгож шийднэ гэсэн үндсэн гол агуулгынхаа хүрээнд эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг шийдэгдэж байгаа. Энэ шийдэгдсэн хэрэг, анхан, давах, хяналтын шатаараа дуусаж байна. Гэхдээ энэ хяналтын журмаар ороод шийдсэн эцсийн болоод хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт хэн дүгнэлт хийх юм бэ гэдэг асуудал байгаа. Европын холбооны улсуудад Европын шүүгчдийн зөвлөлд шүүгч нарын эцсийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт дүгнэлт хийдэг юм байна. Тэгээд дүгнэлтээ шүүгч нартаа танилцуулдаг, боломжтой бол онлайнаар ард иргэддээ танилцуулдаг ийм боломжийг Шүүхийн ерөнхий зөвлөл судлаад сая хуульчдын дунд үүнийг зарласан. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арвин туршлагатай хуульчид, шүүгчид, хуулийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын дунд зарлаад 51 хүн саналаа ирүүлсэн. Үүнээс бид эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийн чиглэлээр гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт  дүн шинжилгээ хийх тав таван хүнийг манайд ажилладаг 522 шүүгчээс 450 нь саналаа өгсөн. 450 шүүгчийн саналаар эхний таван хүнийг сонгож авсан. Цаашдаа бид шүүхийн шийдвэрээр дүн шинжилгээ хийдэг болъё. Энэ нь шүүгч нартаа арга зүйн зөвлөгөө өгдөг байя, ард иргэддээ энэ талаар мэдээлэл өгье гэдэг дээр ажлаа эхлүүлээд явж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)