М.Батсуурь: Дагнасан шүүх үндсэн шүүхийн ачааллыг хөнгөлдөг

Eagle.mn


Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурьтай “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд шүүхийн шинэтгэл сэдвээр ярилцлаа.

-Өмнө нь шийдэгддэг байсан маргаанууд төрөлжсөн шүүхэд ямар байдлаар хуваагдан орж байгаа вэ?

-Үүнд шүүхийн мөн чанарын асуудлыг хөндөж ярих ёстой. Нийгмийн хөгжил бол улам нарийсч хөгжиж байна. Хуучин тогооч гэхээр л бүх төрлийн хоолыг хийдэг байх ёстой, эмч гэхээр бүх өвчнийг оношлоод эдгээчихдэг, сэтгүүлч гэхээр нийгэм эдийн засаг, спорт, урлаг, улс төр ярьдаг цаг үе бол байсан. Одоо энэ цаг үе ард хоцорч, бүгд мэргэшиж эхэлж байна. Тогооч гэхэд л Ази, Европ хоол хийдэг, эмч гэхэд л эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, дотрынх, нүднийх, шүднийх гээд явж байна. Яг энэ нийгмийн хөгжлийн явж буй зүй тогтлоосоо яагаад ч ангид байх боломж байхгүй. 1990-ээд онд шүүгч өглөө ороод гэмт хэргийн асуудал, өдөр хөдөлмөрийн асуудал буюу ажлаас халсан хүний асуудлыг шийднэ, орой нь гэр бүлийн маргаан шийддэг байлаа. Шүүгч өөрөө универсал маягийн байсан. Ингэж ажиллахаар ямар дутагдалтай тал гардаг вэ гэхээр өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хууль үйлчилж байна. Тэр 500 гаруй хуулийг дагасан хэдэн мянган Засгийн газрын журам, тогтоол, дүрмүүд үйлчилж байна. Тэгэхээр тэр бүгдийг шүүгч шинжлэх ухааны үндэслэлтэй, онолтой нь мэдээд хэргийн нарийн гүн рүү ороод гаргалгаа хийх тэр ур чадвар нь бол яагаад ч хөгжих боломжгүй болж байгаа юм. Бүх зүйлийн талаар ерөнхий мэдлэгтэй байна гэсэн үг. Дагнаснаар тодорхой төрлийн хэрэг маргаан дээр тодорхой төрлийн хууль, эрх зүйн орчны хүрээнд хүн ажиллах боломжтой болж байгаа. Ингэснээрээ мэдлэгийн хувьд илүү их гүнзгийрэх, ур чадвар нь нэмэгдэх юм. Ур чадвар нэмэгдсэнээр хамгийн гол нь иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн баталгаа хангагдах ийм гол нөхцөл байгаад байгаа. Дагнасан шүүх үндсэн шүүхийн ачааллыг хөнгөлдөг.

-Бид зарим шүүгчтэй уулзаж ямар чиглэлээр мэргэшиж байгаа вэ гэдэг байр суурийг нь сонссон. Шүүгчид туршлагаараа өмнө нь иргэний хэргүүдээс олж авсан мэргэшсэн байдлууд байгаад байсан. Мэргэшсэн шүүх рүү шилжихэд шүүгчид ямар байдлаар мэргэшихийг нь хэрхэн тодорхойлдог вэ?

-Мэдээж шүүгчид өөрсдийнхөө өмнө нь шийдэж сонирхож орсон тэр салбараараа л одоо мэргэшиж байгаа гэж хэлж болно. Би түрүүн иргэдийн шударгаар шүүлгэх эрх хангагдана гэж дурдсан. Манай иргэдийн дунд шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байхаараа шударга бус шийдлээ гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр шүүгч нь ямар нэгэн байдлаар нөлөөнд автахгүй, чадлынхаа хэрээр хэргээ шийдсэн мөртлөө “бай”-гаа онохгүй тохиолдол зөндөө байдаг. Өөрөөр хэлбэл мэргэн шийдвэр гаргаж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр “бай”-гаа оносон мэргэн шийдвэр гаргахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд тэр шүүгчийн ур чадварыг их хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Хөгжүүлэх гэхээр хуучин тогтолцоо шиг бүх хэргийг шийддэг үед ерөөсөө боломжгүй байсан. Одоо захиргаа, эрүү, иргэн гэсэн гурван том шүүхийн тогтолцоо Монгол Улсад бий боллоо. Энэ бол дөнгөж шүүхийн дагнасан тогтолцооны хөрс суурь нь. Бид цаашдаа захиргааны шүүгч нь дотроо татварын, нийгмийн даатгалын, төрийн албаны гээд тодорхой анхан шатандаа танхим байгуулах ёстой болж байгаа. Тухайлбал, бусад өндөр хөгжсөн улс орнуудыг харж байхад татварын санхүүгийн шүүхүүд нь дандаа тусдаа явдаг. Яагаад гэвэл тэнд зөвхөн хуульч мэргэжилтэй байхаас гадна санхүүгийн сургуулийг давхар төгссөн байхыг шаарддаг. Тэгж байж энэ нарийн төвөгтэй нягтлан бодох бүртгэлийн стандарт гээд тийм маргаануудыг шийддэг болохоос ердийн хуульч тэр хэргийг шийдэхэд маш төвөгтэй. Захиргааны шүүх дотроо ингэж мэргэших хэрэгтэй болно. Иргэний шүүх дотроо худалдааны шүүх гээд төрөлжих хэрэгтэй. Учир нь барууны өндөр хөгжилтэй, чөлөөт зах зээл хөгжсөн улсуудад худалдааны шүүхийг заавал гаргадаг. Үүнд зөвхөн хуульчаас гадна эдийн засгийн нарийн мэдлэгтэй байж тэрхүү гэрээ, хэлэлцээрүүдийн маргааныг шийднэ. Гэр бүлийн шүүх гэхэд л хуульчаас гадна давхар сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшсэн байхыг шаарддаг. Яагаад гэвэл хүмүүсийн хоорондын сэтгэл зүйн асуудлууд, хүүхдийг хэнд хаана өгвөл зөв хүмүүжих үү, хэнд нь ямар асрамж тогтоох вэ гээд нарийн асуудлуудыг хөнддөг учраас сэтгэл зүйч давхар байхыг шаардана. Иргэний шүүх дээр хөдөлмөрийн шүүх тусдаа байж байна. Нийт явж байгаа маргааны 2/1 нь гэр бүл, 2/1 нь хөдөлмөрийн маргаан болох гээд байна шүү дээ. Гурав дахь нь бусад маргаанууд гэх мэт. Мөн насанд хүрээгүйчүүдийн гэмт хэргийн шүүхийг бусад улсад заавал байгуулдаг. Энэ нь өөрөө төлөвшөөгүй, шүүх хурлын танхимд орох сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байдаг учраас тэр хүнийг танхимын зохион байгуулалтаас аваад тэр хүүхдэд ял өгөхөөсөө илүү зөв хүмүүжүүлэхэд чиглэдэг учраас харьцахаас эхлээд өөр технологи, өөр шүүн таслах ажиллагаа байдаг. Энэ бүхэн цаашаа хөгжихөд дагнасан шүүх гэж толгой нь гурван  салж байж дараа нь нарийн мөчрүүд нь хөгжихөөс өөр аргагүй болно.

-Дагнасан шүүхийг тусгай шүүхтэй андуурах тохиолдол гараад байх шиг. Энэ хоёрын ялгааг та тайлбарлаж хэлэхгүй юу?

-Яг мөн чанараараа л ялгагдана. Тусгай шүүх бол социализмын үед байсан. Цэргийн шүүх гэдэг юм уу, хөдөлмөрийн шүүх гээд зарим шүүхүүд байсан. Тэр шүүхийн гол мөн чанар нь хэрэг маргааны төрлөөр нь л чиглүүлж байгаа. Энэ цэргийн асуудалтай холбоотой учраас цэргийн шүүх гэнэ гээд. Дагнасан шүүх гэдэг чинь цаанаа иргэний эрхийг хамгаалах гээд байгаа юм. Захиргааны шүүх гээд хэрэг, маргааныг онцлоод байгаа биш үүний цаана иргэний шударгаар шүүлгэх эрх хангагдахын тулд шүүх яаж иргэндээ хүртээмжтэй байх уу гэдэг тэр үзэл санаа, түүн дээр суурилсан шүүн таслах ажиллагааны онцлогоор ялгагдаж эхэлдэг. Жишээлбэл, хуучин шүүхүүд социализмын үед хүнд суртлын захиргааны байгууллага байлаа. Иргэд нь шүүхийн хаалга татна гэж эмээдэг. Тэгвэл өнөөдөр иргэд захиргааны хэргийн шүүхийг иргэдэд үйлчилдэг байгууллага, хоорондоо ойлголцохгүй байгаа маргааныг тасалдаг шүүх гэж ойлгодог. Эрүүгийн шүүх бол гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оноогдуулах зорилготой арай өөр бодлоготой шүүх. Захиргаа, иргэний шүүх бол иргэдийн хооронд үл ойлголцоод байгаа зүйлийг нь хэлж эцсийн үгийг нь таслах зорилготой шүүх. Тэр шүүхүүдийн үзэл санаа өөр болж байгаа. Дагнасан шүүхүүдийн хамгийн цаад гол үзэл санаа бол хүний эрх, хүний эрхийн баталгаа юм.

-Мэргэшсэн шүүхийг цаашид хөгжүүлэх тал дээр та ямар  зүйл хэлмээр санагддаг вэ?

-Дагнасан шүүхийнхээ энэ тогтолцоог бид зөв үү, буруу юу гэхээсээ илүү нийгмийн хөгжлөөс ургаж гарч ирсэн зайлшгүй зүйл юм байна гээд тогтчихлоо. Нэгдүгээрт үүнийгээ баталгаажуулах, соёл болгож төлөвшүүлэх юм. Үүний дараагийн том алхам бол захиргааны шүүх дээр санхүү, татварын танхим байгуулах, иргэний шүүх дээр хамгийн түрүүнд гэр бүлийн, худалдааны танхимуудыг байгуулах юм. Сая анх удаа Сүхбаатар дүүргийн шүүх дээр Гэр бүлийн шүүхийн танхим байгуулагдаж байна. Гэр бүлийн шүүхийн танхим зөвхөн Сүхбаатар дүүрэгт байх нь хангалттай биш. Улс орон даяар Гэр бүлийн шүүхийн тусгай танхимтай байх ёстой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)