АНУ яг үнэн хэрэг дээрээ Пхеньяны эсрэг цэрэг зэвсгийн хүч ашиглах бодлоосоо татгалзсан гэж “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээллээ. Пентагоны өндөр албан тушаалын эх сурвалж “БНАСАУ-ын пуужин БНСУ, Японы нутаг дэвсгэрт унаж, аюул учруулахаас бусад тохиолдолд Вашингтон цэргийн хүч ашиглахгүй” гэж хэлсэн талаар уг мэдээлэлд дурдсан байгаа юм.
Хэрэв Пхеньян Вашингтоны анхааруулгыг эс хайхран цөмийн туршилтаа явуулбал, тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ үлэмж чангатгах нь ойлгомжтой гэнэ. БНАСАУ-ын энэ удаагийн туршилт маш аюултай тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Пхеньяныг байнга хамгаалсаар ирсэн ОХУ, БНХАУ ч хоригийг дэмжинэ гэж Вашингтон найдаж байгаа аж.
Ингэхдээ БНАСАУ-ын зэвсэглэлийг хянаж байх, цөмийн хөтөлбөрөөс нь бүрмөсөн татгалзуулах зорилго тавьсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Вашингтоны Судалгааны төвөөс өчигдөр хийсэн мэдээлэлдээ БНАСАУ-ын цөмийн цэнэгт хошуу бүхий 30 пуужинтай гэсэн бол Шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын институт гэх өөр нэг байгууллага БНАСАУ-ын зэвсэглэлд 13 цөмийн пуужин байдаг гэжээ.
БНАСАУ өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсгээ үлэмж сайжруулсан бөгөөд энэ удаагийн туршилт амжилттай болбол АНУ-ын эх газрын хэсэгт цохилт өгөх чадвартай тив хоорондын пуужин бүтээх боломж бүрдэнэ гэж үзэх шинжээч олон байна.