АРДЫН ҮГ: Хараат бус шүүхийн эрин эхлэв

Ч.Хүрлээ


Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгоно гэдэг нь товчхондоо шүүх засаглалыг олон нийтийн буюу иргэдийн хяналтад оруулж байгаа хэрэг юм. Нээлттэй боллоо гэдэг нь өөрөө иргэн таны хяналтын дор шүүх ажиллагаа шударгаар, ил тод явагдаж байна гэсэн үг. Шүүх танхимын гаднахь дэлгэцээр шүүх хуралдааныг олон нийтийн хэсгээс ажиглах, судлах, бичлэгээр нөхөн үзэх архив, өөрийн оролцох шүүх хуралдааныг товыг харах, шүүгчид нөлөөлөх аргагүйгээр программын аргаар сонгох болсон нь гээд шударга ёсыг бий болгохоор хичээж, хөдөлмөрлөж байгаа гэдгээ иргэдэд хүргэх, таниулах ганц л зорилготой юм. Шүүх засаглал хэдий хүчтэй ч иргэний хяналтгүйгээр шударга ёсноос гажих гээд байдаг сул талтай байдаг.

Шударга ёсыг сахиулагчдад үл итгэх байдал ганц зүйлээс болж утга учраа алддаг. Аливаа шийдвэрийг өөрт ашигтай байдлаар гаргуулах, өөрийн гэсэн хүмүүст бүхнийг тааруулахыг ямар ч улсын улс төрийн нам, холбоод, хөрөнгө бийлэгжүү нэгэн хүсч байдаг. Дам болон шууд нөлөөллийн энэ байдлаас бүрэн ангижирч чадсан цор ганц шүүхийг Германы шүүх гэдэг. Тиймээс германчууд дэлхийн бусад улсын иргэдээс илт илүүгээр шүүх засаглалдаа, шүүгчдийн шийдвэртээ итгэл төгс байдаг гэдгийг төрөл бүрийн судалгааны байгууллагуудаас гаргасан дүн нотолдог.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн хамгийн чухал, оновчтой болсон нэг зүйл нь “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг шүүгч бөглөдөг болсон явдал. Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн явдлыг санаачлан эхлүүлэгчдийн өөрсдийн хүсэл сонирхолд тааруулан хийж буй шударга бус зүйл хэмээн хардаж шүүмжлэгчид ч цөөнгүй байсан, одоо ч байгаа. Үнэхээр шинэтгэл хийх нэрээр өөрсдийн талд бүхнийг ашигтайгаар өөрчлөхийг оролдсон бол “Нөлөөллийн мэдүүлэг” гэгчийг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх үү гэдэг нь сонирхолтой. Энгийнээр тайлбарлавал ямарваа нэгэн хэрэг заргыг шийдвэрлэх шүүх ажиллагаа, шүүгчийн шийдвэрт хэрэгт хамааралтай хоёр талын аль нэгээс нөлөөлөх гэж оролдох тохиолдлыг тухайн хэргийн шүүгч нотлох баримтаар баталгаажуулан нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсныг хэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шинэтгэлд багтсан шүүгчийг тусгай программын аргаар сонгодог болсон явдлыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Мэдээж тухайн программд хөндлөнгөөс нөлөөлж танил шүүгчээ томилуулах боломжгүй гэсэн үг. Шүүгчид нөлөөлөх хөндлөнгийн боломжгүй байна гэдэг шүүхийн ажиллагаа, шүүгчийн шийдвэр шударга болох үндэс болдог. Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн итгэл найман жилийн дотор илт нэмэгдсэн гэсэн дүн мэдээ бий. Дотоодын судалгааны компанийн дүнг Германы хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ-ийн судалгаа ч давхар баталсан. ХБНГУ-ын Засгийн газрын байгууллага болох GIZ нь Монгол Улстай холбоотой хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн чиглэлээр 1995 оноос хойш хамтын ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Салбар бүртээ мэргэшсэн судлаачидтай, судалгааны дүн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг тус байгууллагын шүүх эрх мэдэл бөгөөд хууль тогтоомжийн чиглэлээр мэргэшсэн бие даасан баг гурван жилийн өмнө дэлхийн улс орны шүүхүүд Банглорын зарчмыг хэрхэн мөрдөж байгаа тухай бүх талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг боловсруулсан байдаг. Шүүх нээлттэй, хүртээмжтэй, шударга ажиллаж чадаж байна. Тухайн улсын хууль тогтоомж нь энэ чиглэлээр хэр боловсронгуй вэ, шүүгчийн ёс зүйн дүрэм нь олон улсын төвшинд хэр нийцдэг, шүүхийн дэд бүтэц, ажиллах орчин, бие даасан байдал нь хангагдаж чадсан эсэх зэрэг олон хүчин зүйлсийг хамруулаад 300 орчим асуултыг бүхий судалгааг хийсэн байдаг. 

Судалгаа хийгдэн нэгдсэн тайлан гарахад хамгийн түрүүнд "Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын ихэнхийг хуулийн хэмжээнд тусгасан, энэ нь шүүхийн практикт хэрэгждэг, шүүхийн нээлттэй, хүртээмжтэй байдал бүрэн хэмжээнд хангагдсан” гэсэн дүгнэлт гарчээ. Дэлхийн улс орнуудын шүүхээс ийм төрлийн судалгаанд сайн дураараа ордог, үр дүнг нь хүлээн зөвшөөрдөг улс маш цөөн байдаг аж. Энэ чиглэлийн судалгааг хийлгэе гэж зөвшөөрсөн таван улсын нэг нь манай улс болж, судалгааны үр дүн ч сайн гарсан. Судалгаанд оролцсон бусад орнуудтай харьцуулахад хамгийн эерэг дүн гарсан нь Монгол Улсын шүүх, шүүхийн болон шүүхийн захиргааны бие даасан байдал, эдийн засгийн баталгаа, шүүгчийн хараат бус байдал маш сайн хангагдаж байна. Үүнийг дагаад шүүхийг иргэдээс үнэлж байгаа итгэл, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлагад ахиц гарсан, авлига хээл хахуулийн асуудал үндсэндээ байхгүй болжээ. Шүүгчид нөлөөлөх явдал байхгүй болсон нь шүүгчийн цалинтай нь холбоотойг мөн судалгааны дүнд харуулжээ. Улс орны хөгжил гэдэг нийгэмд нь тогтсон шударга ёсны хэмжээтэй шууд хамааралтай. Энэ утгаараа батлагдсан хууль иргэний эрх ашгийг хамгаалж, тухайн хуулийг алагчлалгүй хэрэгжүүлэхээр шударга ёс болж, шударга ёс хэрэгжиж чадвал иргэдийн амьдрал, нийгмийн хандлага эерэг болдог хоорондоо уялдаатай, гинжин холбоотой юм. Нийгмийн ийм гинжний дундаас нэг гархи салгаж авбал бүхэлдээ доголдож эхлэх нь тодорхой. Ийм л учраас шүүхийн шинэтгэл чухал, ийм учраас шүүхийн шинэтгэл иргэнтэй, улс орны байдалтай шууд холбоотой учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүмжлэл дундуур туучин байж энэ шинэтгэлийг зоригтойгоор эхлүүлж, эерэг үр дүнд хүрч чадсан нь амжилт билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)