Төсвийн тодотгол: Зээлүүдийг юунд зарцуулах вэ

С.Батзаяа


УИХ өчигдөр шөнө дөл хүртэл хуралдаж Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогджээ. Манай улс тус сангаас тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсвөө тодотгосон учир хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн гэж хэлж болно. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эхний ээлжинд 440 сая ам.доллар орж ирнэ. Үүнийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглахаар төлөвлөөд байгаа аж.

Цаашлаад 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах шугам нээгдэх юм. Эдгээр зээлийг ОУВС-гийн донор орнууд болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс авахаар тохиролцоод буй.

Зээлүүдийг юунд зарцуулах талаар төлөвлөгөө гарчээ

-Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларын зээл гурван жилийн хугацаатай. Үүний 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэнээр нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

-Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг нөхөж, 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.

-Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

-БНСУ-аас 200 сая ам.доллар, мөн нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй, үүнийг 2018, 2019 онд авч ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж.

522 орчим мянган хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө

Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд өгөхөөр баталжээ. Энэ нь 300 мянган айл өрхийн 521907 хүүхэд 20 мянган төгрөг авна гэсэн үг аж.

Ингэхдээ зорилтот бүлгийн буюу зайлшгүй 20 мянган төгрөг авахаас аргагүй орлого багатай өрхүүдийн хүүхдийг хамруулах юм байна.

Тавдугаар сард нэмэгдэх татварууд

Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм. 

Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины таван хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

Товчхондоо, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа. Энэ нь нийт орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр тус, тус бууруулсан үзүүлэлт юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хадгаламжийн орлогын их багаас хамаарахгүй татвар авна гээд байхын. Жилийн 16,6 хувийн хүүтэй хадгаламжинд хүүхдэдээ мөнгө хадгалуулаад 10%-ийг улсад төлөөд 6,6 хувийн хүүтэй мөнгө хадгалуулна гэсэн үг үү. тэгээд ч 0-18 насны хүүхдийн нэр дээр байгаа хадгаламжаас татвар авна гэхээр чинь хүүхдүүд хүртэл татвар төлөх болж байна уу. ямар дүүрчихсэн тархи нь хамуурсан 76 тэнэг вэ. хүүхдүүдийг хүртэл дарамталж татвар авч байгаа мөртлөө оффшорчдоо өршөөе ч гэх шиг тэр тэнэг учрал гэдэг залуугийн ярьж байгааг чааваас даа. үнэхээр арчаагүй адгийн шаарнууд төрийн толгойд байна даа. яасан тэнэг сонголт хийснээ манайхан одоо ойлгож байгаа байх даа

    0 0 Хариу бичих
  2. энэ гомо мөнхөө гэж ямар баагий байдгийн энд тэндгүй нэрээ мандуулсан л хүн байхийммм

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ