Ш.Энхсайхан: Хүндийг өргөлтийнхний анхны олимпийн медалийг миний шавь авчирсан

Г.Сонинбаяр


Ахмад дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ш.Энхсайхантай ярилцлаа. Тэрээр манай улсын хүндийг өргөгчдөөс анх олимпод оролцсон тамирчдын нэг бөгөөд энэ спортоор паралимпээс анхны медалийг хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Содномпилжээгийн анхны багш, дасгалжуулагч юм. Хүндийг өргөлтийнхний анхны олимп, анхны олимпийн медаль Ш.Энхсайхан багштай холбоотой.  

Халуун усны өрөөнөөс олимпийн дэвжээнд

Тэрээр аравдугаар анги төгсөөд ЗХУ-д цэргийн дээд сургуульд суралцах хуваарь авсан ч тэр жил аав нь бурхан болж, ар гэрээ авч явах ачаа түүний нуруун дээр буусан тул явж чадалгүй үлджээ. Ингээд эвлэлийн илгээлтээр Аж үйлдвэрийн комбинатын савхин гутлын үйлдвэрт нормчин болж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. 1960-аад оны сүүл үе. Чөлөөт бөх манай оронд ид дэлгэрч, залуучууд уг спорт руу ид хошуурч байв. Ш.Энхсайхан хүү ч тэдний нэг. Ажлынхаа чөлөө заваар чөлөөт бөх сонирхож, Спортын төв ордон хавиар эргэлдэнэ. Тэнд болдог тэмцээн уралдаануудыг үзэж нүд, сэтгэлээ баясгана. Ингэж яваад Спортын төв ордны биеийн тамирын арга зүйч Цэвээндорж гэж хүнтэй танилцаж, чөлөөт бөхийн дугуйланд бүртгэж өгөөч гэж гуйжээ. Юм л бол “сайхан, сайхан” хэмээн хэлэх дуртай тэр хүн залуу хүүгийн булчин шөрмөсийг барьж үзээд “Ээ, сайхаан” л гээд байж. Гэхдээ Цэвээндорж гуай хүүг хүсч мөрөөдсөн чөлөөт бөхийн дугуйланд нь биш хүндийг өргөлтийн дугуйланд “уруу татжээ”. Тэрээр тухайн үед бөхчүүд, тамирчид өргөн хэрэглэдэг байсан 15 кг-ын штангийг өргүүлж, басхүү штангийн огцом түлхэлт, шахалтын дасгал бүхий кино үзүүлсэн нь залуу хүүгийн сонирхлыг татаж. Ингээд Ш.Энхсайхан хүндийг өргөлтөөр хичээллэхээр сэтгэл шулуудах нь тэр. Тэдний хүндийг өргөлтийн дугуйлан Аж үйлдварийн комбинатын халуун усны газрын үүдний жижигхэн өрөөнд хичээллэнэ. Спортод сонирхолтой нормчин залуу энэхүү дугуйландаа урам зоригтой хичээллэж, бэлтгэл сургуулилалтаа хийж эхлэв. Удалгүй улсын шигшээ багийн тамирчин болж, улмаар хүн төрөлхтний их наадам олимпийн дэвжээг зорих зам түүнийг хүлээж байжээ.

-Аж үйлдвэрийн комбинатын нормчин залуу улсын шигшээд багтсан гэхээр шаггүй тамирчин байж дээ?

-Хүндийг өргөлтөөр хичээллээд удаагүй байсан чинь нэг өдөр “Хөдөлмөр” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээн болно, түүнд ор гээд бид хэдийг ажлаас 10 хоног чөлөөлчихдөг юм. Тэгээд “Хөдөлмөр” нийгэмлэгийн аваргад орсон чинь би түрүүлчихлээ. Анх удаа тэмцээнд орж байгаа нь тэр. Уг тэмцээнд түрүүлснээр спортын хоёрдугаар зэрэг хүртэв. Нэрэмжит тэмцээнд нь түрүүлсэн хүн чинь “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Цэрэннямаа гэж Ленинградад төгссөн мэргэжлийн багшийн гар дээр очсон. Тэгж байгаад хотын аваргад орж тавдугаар байрт шалгарсан. Ингээд л штангаар тууштай явчихсан юм. Хойтон жил нь Бүх ард түмний IV спартакиадад оролцож нэгдүгээр зэрэгтэй боллоо. Тэгсэн улсын шигшээ багийн дасгалжуулагч намайг дуудаж уулзаад “За чи хоёрдугаар шигшээгийн тамирчин бол” гэлээ. Би хоёрдугаар шигшээ гэдгийг нь сайн ойлгоогүй ч “За” л гэлээ. Тэгсэн чинь бэлтгэлийн заал танхим нь шал өөр болоод явчихгүй яахав. Халуун усны өрөөнөөс нийгэмлэгийн зааланд шилжиж байгаа юм. Ингээд л бэлтгэл хийж эхэллээ дээ. Удалгүй 1972 онд яг он солигдохын өмнөх өдөр шигшээ багийн тамирчин болсон. 

-Цалин хангамжтай болно гэсэн үг биз?

-Тэгсэн. Үйлдвэрээсээ чөлөөлөгдөөд шигшээ багийн тамирчин болж цалинжаад эхэлсэн. Тэгж байтал Иркутскийн баг манайд ирлээ. Тэдэнтэй тэмцээн зохиоход Оросын мастерыг ялчихдаг юм аа. Тэгсэн Мюнхений олимпийн өмнөх цугларалтад намайг гаргачихлаа. Хандгайтад олимпод оролцох бокс, чөлөөт, жүдо гээд бүх төрлийн баг тамирчид бэлтгэлд гарсан юм. Тэндээс татан буулгаад олимпод явах тамирчдаа батлах хурал боллоо. Манай штангийнхан зургуулхнаа. Багш гарч ирээд л “Чи явна, чи явна” гээд л байна. Би ч тоосонгүй. Явна гэж ч бодсонгүй. Тэгсэн багш намайг “Чи явна” гэлээ. Ингээд анх удаа олимпод оролцох болов. Мюнхений олимпод хүндийг өргөлтөөр манай улсаас анх удаа таван тамирчин ороход бүрэлдэхүүнд нь багтах нь тэр. Гэхдээ би нөөц тамирчнаар явсан. Уг нь үндсэн тамирчнаар орно гэж байсан юм. Техникийн зөвлөлийн хурлаар намайг тэмцээн уралдаанд орж байгаагүй гээд нөөц тамирчин болгосон. 

-Олимпод очсон ч дэвжээн дээр гарахгүй байна гэхээр харамсалтай. Хэрвээ хүч үзсэн бол... гэж бодогддог уу?

-Олимпод орсон бол... Би тэр үед шахалттай эргэлтээр сайн байсан. Бэлтгэл дээр 54 кг жинтэй байхдаа 110 кг шахаж байсан. Тэгэхэд 112 кг-аар олимпийн алт авч байгаа юм. Ойрхон л байсан даа. 

-Дахиж олимпод оролцох боломж гараагүй юу?

-Мюнхенээс хойш олимпод ороогүй. Болгарт сурч байхад Москвагийн олимп болсон. Тэгэхэд болгарууд “Чамайг энд бид олимпод бэлдчихье. Чи эндээсээ яваад орчих” гэсэн. Овоо бэлтгэлд гарч байтал хөлний шөрмөс татаад болохоо байсан. Багшдаа хэлсэн чинь үзээд хоёр жилээс нааш тэмцээн уралдаанд орно гэж санах хэрэггүй гэсэн. Нээрээ л яг хоёр жил болоод эдгэрсэн. Хичээлийн хажуугаар бэлтгэл сургуулилалт гэж гүйгээд ачаалал хэтрүүлснээс болсон юм шиг билээ.

-Мюнхений олимпийн дараа шигшээ багийн олон тамирчин бөөнөөрөө УБИС-д элссэн гэдэг. Та тэдний нэг байх аа?

-Тийм тийм. Шигшээ багийн албаны дарга байсан Алтангэрэл гэж хүн “Та нар эрдэм ном сур” гэж ятгаад УБИС-д шигшээ багийнхныг бөөнд нь оруулсан. З.Ойдов аварга, Ш.Чанарав гавьяат бид нэг анги. Гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөр, гавьяат тамирчин Ж.Даваажав гээд л шигшээ баг бараг тэр чигээрээ УБИС-д элссэн. Тиймээс Багшийн дээд нэг хэсэг Бүх ард түмний спартакиадаар эхний гуравт тогтмол ордог байлаа. 

-Та бас Болгарт биеийн тамирын академид суралцсан юм билээ. Тэр үед ах дүү социалист оронд суралцах боломж хэрхэн олдсон бэ?

-УБИС-д гуравдугаар дамжаагаа төгсөөд бид Болгарт очиж сарын турш хамтарсан бэлтгэл хийсэн юм. Болгарын тамирчид мундаг юм аа. Тэдний шигшээ багийнх нь ерөнхий дасгалжуулагч, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар хүн байсан. Тэр биднийг бэлтгэл хийхийг харж байгаад манай багшид “Монгол хүн их хүчтэй юм байна. Та нар амархан дэлхийд гарна. Би биеийн тамирын академид суралцах нэг хуваарь өгье” гэж амалсан. Тэр хуваарь нь хүрээд ирсэн. Тэрэнд манай хоёр гурван хүн шалгуулсан чинь тэнцээгүй юм билээ. Тэгээд би явсан. Хүү, охин хоёр маань гарчихсан байсан үе. Эхнэртэйгээ зөвлөлдсөн чинь манай хүн “Юм суръя гэж байгаа бол яв” гэсэн. Ингээд Болгарын биеийн тамирын академид таван жил сурсан даа. Штанг гэдэг юмыг тэнд л гайгүй сайн сурч авсан. 

-Болгарын биеийн тамирын академид өмнө нь манайхаас тамирчид сурч байсан уу?

-Болгарт өмнө нь хүндийг өргөлтөөс бол явж байгаагүй. Сэлэнгийн Батсүх, Жигдэн гэж хоёр бөх чөлөөтийн төрлөөр анх сурсан. Дараа нь сагсан бөмбөгөөр Нанзаддорж, чөлөөтийнхнөөс Пэрэнлэй, Баатаржав, хүндийг өргөлтөөс би гээд бид дөрөв цуг очсон. 

-Төгсч ирээд хаана ажиллав. Шигшээ багтаа очсон уу?

-Сургуулиа төгсч ирээд Сүхбаатар районы биеийн тамирын хороонд ахлах дасгалжуулагч, спорт эрхэлсэн орлогчоор найман жил ажилласан. Тэнд байхдаа би секц удирдана, дандаа залуучуудтай ажилладаг байсан. Тэднийгээ бэлтгэж хот, улсын аваргад хоёр гурван удаа түрүүлүүлсэн. Тэгж байтал 1990 он гараад 1991 онд холбооны удирдлагууд мэргэжлийн хүнийг нааш нь татъя гээд улсын шигшээ багт намайг авсан. Зах зээлд шилжсэний дараа нэг хэсэг бужигнаад, тамирчид ч байхгүй тийм нэг задгай үе байсан. 1993 онд нэг хэсэг наймаанд яваад, 1994 онд Х.Баянмөнх аварга хүндийг өргөлтийн холбооны дарга болохдоо намайг шигшээ багийн ахлах дасгалжуулагч болгосон. Тэндээ 1994-2001 он хүртэл ажилласан даа. 

“Бид хоёр Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ гэж амалсан”

-Тантай уулзсаных таны шавь Э.Содномпилжээгийн тухай ярилгүй өнгөрч болохгүй байх. Та бол гавьяатын анхны багш, дасгалжуулагч нь. Одоо ч дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа. Анх хэдэн настайдаа тан дээр ирж байв?

-“Алдар” спорт клуб дээр чийрэгжүүлэлтийн төв гэж бий. Манай төв Төмөр замын төв эмнэлгийн урд байрладаг юм. Тэнд би ажиллаж байлаа. Нэг өдөр таягтай хүүхэд дагуулсан эмэгтэй ороод ирдэг юм. Хүү нь туранхай, жижигхэн хүү байна. 14 настай гэнэ. Ингэж бид танилцсан. 

-Хүндийг өргөлтөөр хичээллэе гэж шийдсэн байх нь уу?

-Э.Содномпилжээ 12 настай байхдаа хорт хавдрын улмаас нэг хөлөө тайруулсан юм билээ. Ээж нь БХЯ-нд ажилладаг байж л дээ. Тэгээд яамны гадаа ээжийгээ хүлээгээд сууж байсан чинь нэг хөлгүй хүүхэн ирж. Тэрээр “Чи спортоор хичээллэ” гэж зөвлөсөн юм билээ. Тэгээд одоо БТСХ-нд мэргэжилтнээр ажиллаж байгаа, паралимпийн хорооны ерөнхийлөгч Ням дээр очсон чинь мань эр “Энхсайхан гэж хүн бий. Тэрэн дээр л оч. Цаадахь чинь штангаар сайн” гэж л дээ. Тэгээд намайг сураглаж ирсэн юм билээ. Би анх уулзаад хүүгийн жинг үзсэн чинь 47 кг л байна. Туранхай чөрийсөн нөхөр. “За энэ хүүхэдтэй яажшуухан хичээллэдэг билээ” гэж бодлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хичээллэх арга барилыг нь сайн мэдэхгүй ч штангийг бол ойлгоно. Тиймээс эргэлзэх юм байсангүй, хичээллээд эхэлсэн. Тэр үед бас нэг залуу шавь болж ирсэн. Тэр маань 100 кг-тай. Ийм хоёр шавьтай л үзээд байсан. Манай Э.Содномпилжээ 2001 оны УАШТ-д ороод 52 кгт түрүүлчихдэг юм. 2002 онд 56 кг-ын жинд бас түрүүлсэн. Дандаа хэвтээ шахалтаар. Жин нь жаахан жаахан өгсөөд л, бие нь ч сайхан хөгжөөд ирсэн. Тэр үед улсын аваргад түрүүлэхэд нь Ч.Сайханбилэг, Х.Баттулга хоёр шагналыг нь гардуулж байсан. Тэд манай хүнийг их дэмжиж байсан. Пауэрлифтингийн холбоо ч бас дэмжсэн. 

-Хилийн чанадад хэзээнээс хүч үзэж эхэлсэн бэ?

-2002 онд Азийн наадам Солонгост боллоо. Манай хүүхэд овоо нэр төртэй болоод ирсэн. Тиймээс уг наадамд оролцоод үзье гэж бодсон юм. Олимпийн хороонд энэ тухайгаа хэлсэн чинь оролцуулах эрх нь бол байна. Харин та хоёр мөнгөө өөрсдөө ол гэлээ. Бид хоёрт хэн мөнгө өгөх вэ. Яг тэр үед тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Ганди Э.Содномпилжээгээр маань Японд болох хүүхдийн наадамд үг хэлүүлэхээр авч явахаар болов. Би Т.Ганди сайдаас гуйлаа. “Японоос буцахдаа Солонгост Содномпилжээг орхичихооч. Би наанаас нь очно. Тэгээд Азийн хүүхдийн наадамд оролцуулъя” гэлээ. Тэгсэн замдаа хүүхэд үлдээнэ гэж байхгүй гээд халгаасангүй. Ингээд Э.Содномпилжээ маань Япон явж би зөрөөд Австралийн Мельбурнд болсон ахмадын олимпод оролцохоор явсан юм. Би тэндээ үлдэж гурван жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. 

-Тэр хооронд Э.Содномпилжээ маань хаана, ямар багш дээр бэлтгэлээ хийж байсан бэ?

-Манай хүнийг харж ханддаг хүн байхгүй, тэгээд л хаячихсан юм билээ. Би Австралиас ирчихээд автобусанд явж байсан чинь араас нэг хүн мөр хүү тогшихоор нь харсан Э.Содномпилжээ байна. “Та Энхсайхан багш мөн үү” гэнэ. “Мөн, чи одоо юу хийж байна” гэсэн чинь “Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа” гэнэ. “Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье” гэсэн тэгье гэнэ. Манай хүн Санхүүгийн дээд сургуульд нягтлан бодогчоор сурч төгссөн юм шүү дээ. Тэгээд бид бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Яг бэлтгэл жигдэрч байтал 2010 онд “Голден жем” фитнесст намайг ажилд авсан юм. Би “Голден жем”-ийн Баянмөнх захиралд хэллээ. Ийм нэг залуу байгаа юм гэсэн “Тэг тэг. Хичээллүүл” гэнэ. Бид хоёрт төлбөрийн мөнгө байхгүй шүү дээ. Манай хүн группийн мөнгөтэй. Би бас групптэй. Хоёулаа Баянхошуу, Ханын материалд л амьдарч байсан. Ингээд “Голден жем”-ийнхэн дэмжээд бид хоёр ч зүтгээд байсан. УАШТ-д ороод, жин нь өгсөөд л явчихсан. 64-өөс эхлээд л дээшээ бүх жинд аварга болоод л.  Тэр үед мөнгө төгрөг байхгүй, үнэхээр хэцүү байсан даа.  

Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүс их тус болсон. “Ард нэгдэл” даатгалын захирал Ганхуяг “Голден жем”-д хичээллэж байсан юм. Тэрээр Э.Содномпилжээтэй танилцаад компанидаа нягтлангаар ажилд авсан. Шадар сайд У.Хүрэлсүх бас “Голден жем”-д хичээллэдэг байсан. Бид хоёртой сайхан мэндтэй устай явдаг байлаа. У.Хүрэлсүх сайд Э.Содномпилжээд маань мэргэжлийн өмсгөл авч өгч байсан. Тэр их тус болсон шүү. Бид хоёр өмсгөлгүй л яваад байсан юм.

-2002 онд Азийн хүүхдийн наадамд оролцох гээд чадаагүй гэж дээр хэлсэн. Олон улсын тэмцээнд хэзээ анх оролцов?

-2013 оны арваннэгдүгээр сард Малайзын Каула Лумпурт анх удаа гадаад тэмцээнд оролцсон. “Ард нэгтгэл” даатгалын Ганхуяг захирал манай хүнд онгоцны зардал, хувцас хунар, хоолны мөнгийг нь өгсөн. Би тэгж, тэгж орно шүү гээд л захиад явуулсан. Тэгсэн чинь тавдугаар байрт ороод ирсэн. Тэр тэмцээнд орж байж дэлхийн аваргад орох эрх авах байсан юм. Анхны гадаад тэмцээнээсээ шагналт тавдугаар байрт шалгарч 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ аваад ирсэн. Ингээд бид хоёр хамтдаа Дубайд очсон. Тэндээс эхний найман байрт багтаж чадвал олимпийн эрх авах байсан юм. Бид хоёр үзсээр байгаад долоод орсон. Ингэж Монголын тамирчдаас анхны олимпийн эрхээ авч байгаа юм. Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль авсан. 2015 оны гуравдугаар сард Дубайд дахиад “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээн болж тэндээс мөнгөн медальтай ирсэн. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Э.Содномпилжээ маань хүрэл медаль авсан. 2015 онд ер нь бид хоёр ганзага сайн байсан. 

-Олимпийн жилийн гараа сайн байж дээ?

-Олимпийн жил гараад 2016 оны гуравдугаар сард Малайзийн Каула Лумпурт Дэлхийн цомын тэмцээн болоход Э.Содномпилжээ маань мөнгөн медаль авсан. Тэрнээс хойш тэмцээнд орохгүй явсаар олимпод очсон. Олимпод очиход их хариуцлагатай байсан. Манай парагийнхан бол наймуулхнаа явсан. Гэвч бид хоёр хүрэл, хоёр шагналт байртай ирсэн. Хүндийг өргөлтийнхний анхны олимпийн медалийг миний шавь авчирсан даа.

-Э.Содномпилжээ тамирчны хувьд ямар онцлогтой вэ.

-Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсч байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог. 

-Сая гавьяат маань олон улсын тэмцээнээс алтан медальтай ирсэн. Ямар тэмцээнд оролцсон бэ?

-Гуравдугаар сард Дубайд болсон дэлхийн цомд ганцаараа явсан. Зардал, мөнгөний боломжгүй тул би явж чадаагүй. Ингээрэй тэгээрэй гээд бүгдийг нь бичиж өгөөд л явуулсан. Пауэрлифтингийн нэгдсэн холбооныхон маань Э.Содномпилжээгийн зардлыг гаргасан. Ингээд манай хүн сая алт аваад ирлээ. 

-Дубайн дэвжээ ер нь та хоёрт их ээлтэй юм аа?

-Тийм шүү. 

-Дараагийн тэмцээн хэзээ болох вэ?

-Одоо тавдугаар сард Унгарын Игер гэж хотод Дэлхийн цом болно. Томыг нь л түүж оролцож байгаа хэрэг шүү дээ, бид хоёр. /инээв/ Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Өнгөрсөн шинэ жилээр бид хоёр хамаг шагналыг нь авсан. Тэгээд 2020 онд Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ гэж амалсан. Юу байхав дараагийн олимп дорхноо л болно. Одоо тавдугаар сарын тэмцээний бэлтгэлд гарна. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа. 

-Өрсөлдөгчдөө хэр судалж байгаа вэ?

-ДАШТ-д мундаг амьтад ирдэг. Азид бол хамгийн мундаг нь арабууд, хятадууд. Европынхон бол сайнгүй. Азербайжанууд л арай гайгүй. Америкууд ч сайн биш. Саяын олимпоос бид хоёр их туршлага суусан. Одоо хашир үзэж байгаа. Олон том тэмцээнд орж байж л  туршлага сууна шүү дээ.

-Анх ирж байсан 47 кг жинтэй жаахан хүүг олимпийн медальтан болтол дасгалжуулна гэдэг их хөдөлмөр биз?

-Их хөдөлмөр шүү дээ. Намайг дахиад хүүхэд ав гэж байгаа. Би үгүй гэдэг юм. Хэчнээн олон жилийн хөдөлмөр шүү дээ. Зүгээр л тамирчныхаа жинг таван кг-аар нэмэхэд баталгаажуулна гэж жил болдог. Сая Содномпилжээ 88 кг жинтэй ч 97 кг-д ороод алт авч байгаа юм. Одоо бид хоёр олимпод 107 кг жинд үзнэ гэж бодож байгаа. Жин нэмээд байх тусмаа сайн. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Yamar goyo niitlel be? Bolson boloogui davsgui yum bichij baihaar iimerhuu niitleluud bichildee setguulchdee.

    0 0 Хариу бичих
  2. unen shuu bagsh hunii hudulmur aguu shuu odoo gavyat uguh tsag ni bolson

    0 0 Хариу бичих
  3. Үгүй ээ. Нэг сонин юм нь. Шавь нь гавьяат авчихаад байхад багш нь гавьяат дасгалжуулагч аваагүй байх юм. Уул нь саяхан олимпоос медаль авчирсан тамирчдын дасгалжуулагч нарт нь бүгдээрэнд нь л өгсөн байх юм. Зөвхөн энэ хөгшин л ганцаараа гавьяатгүй. Ээддээ энэ олимпийн хороо ч хүртэл хүмүүсийг элэг барих юмдаа.

    0 0 Хариу бичих