Д.Дуламсүрэн: Нийтийн албанд томилогдсон хүн олон нийтийн хяналтад байх ёстой

“Ардын үг” аян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар олон нийтэд мэдээлэл өгөн үүний үндсэн дээр дүн тавих ажлыг зохион байгуулж байгаа. Уг аян “Шүүхийн шинэтгэл болон хуулийн засаглал, авлигатай тэмцэх ажилд Ерөнхийлөгч ямар үүрэг оролцоотой ажилласан юм бэ. Түүний хийсэн ажил ямар үр дүнг өгсөн юм бэ” гэдэг сэдвээр үргэлжилж байна.

Энэ удаад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсантай холбогдуулан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх хөтөлбөрийг 2016 онд баталснаар бид зөвхөн тунхгийн шинжтэй биш, ажил болох, үр дүн үзүүлэх бодлоготой болсон гэж ойлгож болох уу. Өнөөдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байна гэж та хэлэх вэ?

-Анх батлагдсан өдрөөс нь эхлээд бид орон нутагт ажилласан. Авлигатай тэмцэх хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхлэх гэж байгаа энэ цаг мөчид буюу гарааны нөхцөл ямар байгаа юм бэ. Орон нутгийн төвшинд үүнийг ялгамжтай авч үзэх үү, нийслэлийн хэмжээнд ямар байна вэ гэдгээс ажлаа эхэлсэн. Ялангуяа орон нутагт иргэдийн төлөөллийг авлигаас урьдчилан сэргийлэх ажилд татан оруулах чиглэлээр зохих ажлуудыг хийсэн. Орон нутагт олон нийтийн дэд зөвлөл буюу иргэдээс бүрдсэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн байдлаар орон нутаг АТГ-тай хамтарч ажиллах гишүүдийг сонгон шалгаруулж хамтарч ажиллах ажлыг хийсэн. Түүнчлэн хувийн хэвшилд авлигын эрсдэлээс хэрхэн яаж урьдчилан сэргийлж болох вэ гэдэг арга замыг тодорхойлох зорилгоор 21 аймагт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний үр дүнг бид дараа дараагийн үйл ажиллагаандаа ашиглахаар ажиллаж байгаа.

Бид үндэсний хэмжээнд хүний эрхийг хангах чиглэлээр Хүний эрхийн дэд хороотой хамтран “Авлига ба хүний эрх” үндэсний бага хурлыг зохион байгуулсан. Үүнийг үндэслэн мөрдөн байцаах шатанд төрийн үйлчилгээг хүртэж байгаа энэ явцад хүний эрхийг хангах чиглэлээр яаж ажиллаж болох вэ, зөрчигдөхөөс бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг дараагийн буюу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан ажлуудыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг тодорхойлохоор ажилласан.

Мөн үндэсний хэмжээнд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан. Чуулган дөрвөн салбар хуралдаантайгаа болж, хувийн хэвшил авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр ирэх зургаан жилд юу хийж болох вэ гэдгийг хэлэлцсэн. Үүнд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тус тусдаа үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж болох вэ гээд гол нь нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр ажилласан.

Одоо бид нийслэлд бүх яам, агентлагуудад ажиллаж байна. Үүнд бас л гарааны нөхцөл байдлаа тодорхойлох зорилгоор болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд яаж хяналт тавих вэ гэдэг механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ-ын даргын хамтарсан тушаал баталсан. Энэ тушаалаар олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ямар үйл ажиллагааг явуулж болох вэ, аймагт, яам агентлагт хэдэн гишүүд яаж ажиллах вэ гэдэг ажиллах журмыг баталсан.

-Үүний дараа ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан УИХ-ын тогтоолд Засгийн газар энэ төлөвлөгөөг батлах ёстой гэсэн учраас энэ ажлуудыг хийж байна. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдахаар илүү их нарийвчилсан ажлуудыг хийнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ямар үүрэг хүлээж байгаа юм бэ гэдэгт үүргээ гүйцэтгэхээр ажиллаж байсан бол одоо хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, төрийн албан хаагчид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэдэг нь бодитой хэмжигдэхүйц болж байна гэсэн үг.

-Иргэд авлигын эсрэг түлхэц, хөшүүрэг болохуйц хэмжээнд ажиллаж чадаагүй-

-Бидэнд авлига гэхээс илүүтэй хээл хахууль гэдэг зүйл өмнөх нийгэмд байлаа. Хээл хахууль гэдэг бол өнөөдрийн авлига юм байна. Авлига улс орны эдийн засагт, төрийн тогтолцоонд ямар нөлөөлөл авчирдаг вэ гэдгийг иргэд мэдчихлээ. Энэ авлигын эсрэг зөвхөн төр засаг тэмцэх бус иргэд өөрсдөөсөө эхлэх ёстой гэдэг мэдээллийг авлаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны зургаадугаар сарын 8-ны өдөр тангараг өргөх үеэрээ хэлж байсан. “Бид өөрөө эхлэх ёстой. Авлигад цэг тавья” гэж хэлж байсан. Үүнд иргэдийн оролцоо ямар хэмжээнд байна?

-Өнгөрсөн жил иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл иргэд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр би ямар үүрэгтэй вэ гэдгийг таниулах чиглэлээр ажилласан. Гэхдээ иргэд хүнд сурталтай төрийн үйлчилгээг энэ байгууллагад байна, авлигатай төрийн үйлчилгээ хүртэх болчихоод байна, энэ үйлчилгээг авахын тулд надаас ямар нэгэн байдлаар хээл, хахууль нэхлээ гээд мэдээлэл өгөх тал дээр хойрго хандаж байсан. Болохгүй байгаа зүйлийг засаж залруулахын тулд тэнд авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд бодитой ажлуудыг буюу тэнд түлхэц, хөшүүрэг болохуйц хэмжээнд ажиллаж чадаагүй.

-Өөрөөсөө эхэлж чадахгүй байсан гэж үү?

-Өөрөөр хэлбэл миний ажил бүтэж л байвал ямар нэг байдлаар бусдынх нь ажил дараагийн чирэгдэл үүснэ гэдгийг тоож үзэхгүй, ухамсарлахгүй байгаа юм. Тиймээс л нөгөө үйлчилгээнд байгаа хүнд суртал, чирэгдэл нь арилахгүй хэвээр байгаад байгаа. Нэг ёсондоо иргэн өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй хэмжээнд байсан. Тиймээс бид олон нийтийн дэд зөвлөл буюу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага бүрт гурван хүн сууж байдаг. Энэ гурван хүн нь төрийн үйлчилгээний болж байгаа зүйлийг  сайшаадаг, болохгүй байгаа зүйлийг засаж залруулахын төлөө хамтарч ажиллах байдлаар иргэн төрийн байгууллагын хоёрын хооронд гүүр болж ажиллах ёстой.

-Нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ бараг 100 хувь гаргаж өгдөг болсон-

-Авлигатай тэмцэх хамгийн том ажлын нэг бол Хөрөнгө орлогоо мэдүүлэх юм болов уу гэж бодож байгаа. Томилогдсон болон сонгогдсон албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхэд жилд хоёр удаа ХОМ-ээ өгч байгаа. ХОМ бидэнд хамгийн түрүүнд ямар мэдээллийг өгөх ёстйо байсан бэ. 2007 онд бид анх удаа ХОМ авч эхэлсэн бөгөөд өнөөдөр 10 жилийн турш үүнийгээ авснаараа бид  юунаас урьдчилан сэргийлж чадаж байгаа гэж та хэлэх вэ?

-Нийтийн албанд томилогдож байгаа этгээд олон нийтийн хяналтад байх ёстой. Нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа учраас тэр хүнийг бид хянаж байх ёстой гэдэг байдлаар анх энэ мэдүүлгийг авч эхэлсэн. Тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулж үзэх юм бол нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ бараг 100 хувь гаргаж өгдөг болсон. Үүнийг ухамсарладаг болжээ. Гэхдээ өөрийг нь энэ ямар эрсдэлээс хамгаалж байгаа юм бэ гэдэг тал дээр ойлголт муутай байсан. Тиймдээ ч анх энэ мэдүүлгийг авч байхад цааргалан сөрөг уур амьсгал үүсгэж байсан тал бий. Одоо бол би нийтийн албанд ажиллаж байгаа юм чинь төр маань хянах ёстой гэдэг үүднээс бүгд ХОМ-ээ гаргаж байгаа. Гэхдээ энэ мэдүүлгийг гаргаснаараа өөрийнхөө цалингаараа амьдарч байгаа төрийн албан хаагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал байна уу , үгүй юу, олох ёстой орлого нь зохистой хөрөнгөө зарцуулагдаад худалдаж авсан байна уу гэдгийг бид хянаж чадаж байгаа. Нөгөө талдаа тэр хүн ч гэсэн би өмнө нь ийм орлоготой байсан, миний хөрөнгө ийм байсан, энэ жил ийм болжээ гээд цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад мэдүүлж байгаа мэдүүлэг нь яг л тэр түвшиндээ байдаг болсон нь үнэхээр сайшаалтай тал юм. Хүн бүр 100 хувь төгс байхгүй учраас хяналт шалгалтын ажил зайлшгүй явуулах шаардлага харагдаж байдаг.

-Хяналт шалгалтыг хэн хийх ёстой вэ?

-Хяналт шалгалтыг нэгдүгээрт АТГ хийж байгаа. АТГ болон шүүх ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хяналтаа тавиад явж байгаа. Дээр нь АТГ-ын Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх гүйцэтгэх ажлын чиг үүргээс бусад үйл ажиллагаанд нь манай байгууллагын дэргэд байдаг Олон нийтийн зөвлөл хяналт тавьдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ