Малала НҮБ-ын Энх тайвны элч болжээ

Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай охидод боловсрол эзэмшүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг хүлээсэн НҮБ-ын Энх тайвны элчээр томилогдсон байна. Энэ талаар ВВС мэдээлсэн юм.
Өнгөрсөн даваа гаригт НҮБ-ын төв байранд болсон арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 19 настай Малалаг хүлээн авч уулзан үг хэлэхдээ “Би физикийн багш байсан хүн... Би энэ дэлхийн хамгийн алдартай оюутантай уулзаж байна. Малала бол баатар төдийгүй өмнөх ажилдаа сэтгэлээ зориулсан өгөөмөр сэтгэлтэй хүн” гэж хэлжээ.
Мөн тэрээр “Малала бүх хүн, тэдний дотор охид эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлж, тэдэнд тэгш эрх олгохын төлөө тууштай тэмцсэн. Асар их заналхийлэлтэй нүүр тулгарсан ч дэлхий ертөнцийг илүү сайхан болгох хүслийнхээ төлөө тэмцсээр ирсэн чамайг хүндэтгэж байна” хэмээн хэлсэн байна.
Малала Юсафзай нь Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүн юм. Тэрээр 2014 онд 17 настай байхдаа энэ шагналыг хүртсэн билээ. Одоо тэрбээр НҮБ-ын Энх тайвны элчээр сонгогдсон хамгийн залуу хүн болж байна.