Хилээр хар тамхи нэвтрүүлдэг дөрвөн бүлэглэлийг баривчилжээ

П.Мөнхжаргал


Манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн гурван жилийн дотор огцом нэмэгдсэн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэж, ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тиймээс хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөсөн билээ.

Энэ хүрээнд тус хэлтсийн алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-26-ны хооронд илрүүлж, баривчилсан байна.

Тодруулбал,

  • Монгол Улсын иргэн, 50 настай эмэгтэй Б гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйн хамт саатуулан шалгаж байна.
  • Монгол Улсын иргэн, 35 настай эмэгтэй Х гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалын албатай хамтран илрүүлжээ.
  • Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай, эрэгтэй А нар 2017 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис улсын хил хууль бусаар нэвтрүүлж байгаад баригджээ.
  • Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь 2017 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн байна.
  • Мөн Монгол Улсын иргэн 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь 2017.04.02-ны өдөр 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нар зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-СЭРЭМЖҮҮЛЭГ: Хар тамхи ТАНЫГ цаг бусын ҮХЭЛ рүү түлхдэг-

Хар тамхи мансууруулах бодис нь өөрөө хүний биед болон нийгэмд хор хөнөөлтэй, дэлхий нийтээрээ тэмцэж байгаа үхлийн цагаан тахал. Хар, тамхи, мансууруулах бодистой холбогдсон хүн биеийн өвчин зовлон, шаналалд баригдахаас гадна дийлэнх тохиолдолд цаг бусаар хорвоог орхидог эмгэнэлтэй түүхийн төгсгөл болох нь бий.

Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэг.  Өчүүхэн орлого харж, амар хялбар аргаар олох буруу хүсэлдээ хөтлөгдөн, нар харахгүй шоронд олон жилийг өнгөрөөнө гэдэг тун харамсалтай.

ОХУ-д Эрүүгийн хуулийн дагуу 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаагүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг 

Манай хөрш хоёр оронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын чанга хатуу бодлого баримталдаг. Тухайлбал, бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-д Эрүүгийн хуулийн дагуу 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаагүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг билээ.

Харин манай улсад хууль хэрхэн үйлчилж байна вэ...

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

-Хилийн чанадад 7 иргэн ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ сонсчээ-

Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаантай хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7, хэрэг нь хэрэгсэхгүй болсон 7 тохиолдол бүртгэгджээ.

 2016 оны байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан аж. Тиймээс иргэддээ анхааруулахад энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг зөвлөж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)