- Г.Цагаандарийн амьдрал 10 хоногт ингэж өөрчлөгдлөө-

10 хоногийн өмнө... /2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр/

Г.Цагаандарь гурван сартай Ц.Эгшиглэнгээ энгэртээ тэвэрч, хоёр ойтой Ц.Анудариа гартаа хөтөлсөөр Толгойт өртөөний хүлээлгийн танхимд өдрийг өнгөрөөнө. Шөнө болоход мөн л өнөөх өртөөнийхөө сандал дээр хоёр охиноо хэвтүүлэх аядаж шөнийг авна. Тэр гуравт тортой хувцаснаас өөр юу ч байхгүйн дээр тэднийг наашаа гэх аав, ээж, ах эгч, хамаатан садан үгүй. Тиймээс Г.Цагаандарь хоёр охинтойгоо гурав хоногийг Толгойт өртөөнд яг ийн өнгөрүүлжээ.

6 сарын өмнө.../2016 оны есдүгээр сар/

Тэд тийм хангалуун биш ч элэг бүтэн, халуу дүүгсэн гэр оронтой байжээ. Өөрөөр хэлбэл, Г.Цагаандарь бүсгүйн нөхөр н.Мөнх-Эрдэнэ гэр бүлээсээ урваагүй, эхнэрээ, хүүхдүүдээ халамжлан өрхийн тэргүүнийхээ үүргийг гүйцэтгэж байсан аж. Гэтэл нэг л өдөр хайрт аав, нөхөр нь Г.Цагаандарийг өвчтэй гэдгийг мэдмэгцээ буурин дээрээ гялгар уутанд түүний хэдэн хувцсыг нь хийж үлдээгээд, гэрээ ачаад зугтжээ. Ийн, Г.Цагаандарийг хоёр охинтойгоо Толгойтын өртөөнд хоног төөрүүлэн байхад “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ийнхан очиж, уулзсан байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр

Толгойт өртөөний сандал дээр хоёр охинтойгоо хоног өдрийг өнгөрөөж байсан Г.Цагаандарийн амьдрал өнөөдөр тэс өөр болжээ. Энэ хугацаанд “Итгэл сэтгэлийн гүүр” ТТБ-ийнхан Г.Цагаадарь болон түүний бяцхан охидод туслах хандивын аяныг эхлүүлсэн билээ. Сайхан сэтгэлт ард түмэн минь Г.Цагаандарьд тусламжийн гараа харамгүй дэлгэж, өдгөө 15 сая орчим төгрөгийг цуглараад байгаа аж. Түүгээр ч зогсохгүй “Хужирт Эко гэр” ХХК-ийн хамт олон тэдэнд шив шинэхэн таван ханатай гэр бэлэглэсэн бол “Улаанбаатар мед” эмнэлэгийн хамт олон Г.Цагаандарийн өвчнийг оношилж, шаарлагатай эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ.

-Г.Ганхуяг: Г.Цагаандарь маань найман сарын дараа бүрэн эмчлэгдэж, эрүүл болно-

Тэгвэл өнөөдөр уншигчдадаа дуулгах хэд хэдэн сайхан мэдээ байна. Үүний нэг бол Г.Цагаандарь маань бөөрөө эмчлүүлж, бүрэн эрүүл болох боломж бүрджээ. Бид энэ талаар Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгийн Ерөнхий эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Г.Ганхуягаас тодрууллаа.

-Г.Цагаадарийн өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой гэж сонслоо. Зарим хүмүүс түүний өвчнийг хүнд шатандаа орсон, эмчлэгдэх боломжгүй гэж ойлгож байсан шүү дээ?

-Г.Цагаандарь маань эмчилгээгээ хийлгээд өчигдөр эмнэлэгээс гарлаа. Жирэмсний явцад бөөр нь урагтаа дарагдаж, тэвшинцэр нь доошилж, унжсан байсан. Үүнийг зарим хүмүүс  бөөр нь устсан, бөөрний хүнд өвчин туссан гэж ойлгосон юм билээ. Г.Цагаандарийн бөөрний үйл ажиллагаа нь алдагдаагүй, зөвхөн бөөрний дэвшинцэрийн архаг үрэвсэлтэй. Энэ үрэвсэл нь сэдрэлийн нэгдүгээр үедээ орсон буюу шээсэнд нь бактер орж, цус гарсан. Ийм өвчин эмийн эмчилгээгээр бүрэн дарагддаг, эмчлэгдэх боломжтой.

-Г.Цагаандарь маань хэд хоног эмчилгээ хийлгэсэн бэ. Цаашид танай эмнэлгийн хяналтад үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэх үү?

-Г.Цагаандарийг эмнэлэгтээ хэвтүүлэн найман хоногийн эмчилгээ хийсэн. Шинжилгээнээс харахад эмчилгээ үр дүнгээ өгч, биеийн байдал нь сайжирсан байна лээ. Цаашид миний байнгын хяналтан дор, эмчилгээ хийлгэнэ. Ер нь найман сарын дараа бүрэн эмчлэгдэж, эрүүл болох боломжтой.

-Цаашид Г.Цагаандарь өөрийн зүгээс юун дээр анхаарах ёстой вэ?

-Г.Цагаандарь маань одоо өөрийн зүгээс гам сайн барьж, хэсэг хугацаанд хүнд ажил хийхгүй байх ёстой.

-Та бүхэн Г.Цагаандарийг эмнэлэгтээ үнэ төлбөргүй хэвтүүлж, эмчилж өгсөн байгаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ийм сайхан үйл хийж буй танай хамт олонд талархал илэрхийлье.

-Баярлалаа. Г.Цагаандарийн талаарх мэдээллиийг фэйсбүүкээс манай эмнэлэгийн Гүйцэтгэх захирал н.Эрхэмтөгс харж, түүнд “Манайд ирж шинжилгээнд орж, эмчлүүллээрэй” гэдэг саналыг тавьсан. Харин миний удирдлаган дор Их эмч н.Мөнхтуяа эмчилгээг гардан хийлээ.

-Г.Цагаандарь Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллахаар боллоо-

Харин дараагийн сайхан мэдээ бол Г.Цагаандарийг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллахаар болжээ. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийн талаар олон нийтийн сүлжээнээс олж мэдмэгцээ түүнийг ажилд авах санал тавьжээ. Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Алтантуул “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Г.Цагаандарьд дэмжлэг үзүүлэхээр шийдлээ. Ингэхдээ бид нэг удаадаа эд бараа, эдийн засгаар туслахыг хүссэнгүй. Харин түүнийг байнгын ажлын байртай болгож, орлоготой болгоё гэж шийдсэн.

Энэхүү саналыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тавьсан. Одоохондоо Г.Цагаандарийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж өөрт нь таарах, хөнгөн ажил хийлгэнэ. Харин цаашид хоёр хүүхдийг нь  цэцэрлэгт хамруулах, өвлийн улиралд нүүрс түлээгээр хангах зэрэг нийгмийн асуудлыг байгууллагын дотоод журманд тусгагдсаны дагуу шийдэх боломжтой” гэлээ.

-Хандиваар цугларсан мөнгөөр Г.Цагаандарьд байшин барьж өгнө-

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ийн сангийн эхлүүлсэн хандивын аяны хүрээнд 15 сая орчим төгрөг цуглаад байгаа билээ. Тэгвэл хандиваар цугласан мөнгөөр “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ийн залуус Г.Цагаандарьд байшин барьж өгөхөөр болжээ. Барилгын ажил тун удахгүй эхлэх бөгөөд "Итгэл сэтгэлийн гүүр" сангаас дараах уриалгыг гаргаад байгаа юм.