“Амьд” нам болоход юу хэрэгтэй вэ

С.Батзаяа


Монголын улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам шинэчлэгдэх гэж хэрэндээ л зүтгэж байна. Энэ хичээл зүтгэлийнх нь үр дүн сайн, муугийн аль нь болох нь одоохондоо мэдэгдэхгүй. Учир нь, улс төрийн намуудын гол дүнгээ тавиулдаг цаг нь сонгууль. Тиймээс 2020 оны сонгуулийн өмнө тэд өөрсдийнх нь яриад байгаа шиг үнэхээр шинэчлэгдэж чадвал ялалтын буухиа ойрхон байх биз ээ. Тиймээс шинэчлэгдэх процессыг нь хойш тавин өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд Ардчилсан намд юу болж өнгөрөв гэдгийг багцлахыг зорив. Яагаад дөрвөн сар гэхээр, Ардчилсан нам даргаа сунгаагаар тодруулна гэх үйл явц эхэлсэн цаг үеэс тоолуурын заалтыг тооцож байгаа юм. Үүнээс өмнө тэд УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн “шок”-ноосоо гарч чадаагүй байсан учир ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй дотооддоо хагаралтай байв. 

Оны өмнөх энэ хагарал одоо Ардчилсан намд байгаа юу гэвэл бий. Гэхдээ дотоодын энэ хэрүүл нь бүх гишүүдээ сонсоё, шийдвэрийг намын удирдлагад байгаа хэдхэн хүн биш бүх гишүүдээсээ асуусны дараа гаргадаг болъё гэх ганц маргааныг тойрон фракцууд нэгнийгээ мэрж сууна. Энэ маргаанд “багачуул” нь хүчин мөхөсдөж, том фракцууддаа уусч буй дүр зураг ч харагдаж байгаа юм. Ямартай ч С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын үед тулаан “Шонхор”, “Алтангадас”, МоАХ гурвын дунд өрнөх нь. Харин МоАН фракц цагийн урсгалд “Алтангадас”, “Шонхор”, МоАХ гээд өөрсдийн харьяалагддаг байсан “бүлгэм”-дээ гишүүд нь уусах болов уу гэх таамаг Ардчилсан намын гишүүдийн дунд байна. 

Гомдогсдын арми  хүрээгээ тэлнэ

Ардчилсан нам “Амьд нам” болж байна. Гишүүдийнхээ оролцоотойгоор, гишүүдийнхээ сонголтоор, тэдний шийдвэрээр явж эхэллээ. Гишүүдийн оролцоотой нам байна гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол энэ удаа явуулсан дотоод сонгуулиар нийт гишүүдээсээ асуулаа” хэмээн тус намын дарга С.Эрдэнэ хэлсэн. 

Гишүүдийн оролцоотой нам байна гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь.

Түүний үг ортой бас оргүй. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт явуулж байгаа нь үнэн ч өөрийн харьяалагддаг “Шонхор” фракцынхныг ҮБХ, нийслэл, дүүргийн намын хороонд тултал оруулахаар зүтгэсэн. Хичээл зүтгэл нь ч талаар болоогүйг Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах үеэр харагдсан. Аймаг, дүүргүүдийн намын хорооны даргаар хэн сонгогдов гээд үзэхэд ихэнх нь “Шонхор”-ын угшилтай хүмүүс байв.  Товчхондоо, Ардчилсан намын 152800 саналын эрхтэй гишүүний саналаар 17800 орчим анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонголоо. Гэхдээ сонгуулийн дүнгээр хэд нь “Шонхор” фракц байв, үнэхээр С.Эрдэнийн төлөвлөсөн ёсоор өөрсдийнх нь хүмүүс гарч ирж чадсан уу гэх асуулт хариултаа хүлээж байна. Ийн хэлсний учир нь, өнөөдөр ҮБХ, нийслэлийн намын хорооны гишүүнээр хэн хэн сонгогдов гэдгийг зарлах юм. Үүнээс өмнө Баянзүрх дүүрэг гэхэд 30 хүн сонгогдохоос 20 суудлыг нь “Шонхор” фракц авна гэх яриа гарч байлаа. 

Энэ дагуу сценари явагдсан бол С.Эрдэнэ фракцуудад цөөн тооны суудал өгье гэсэн тохироо хийгээд явсан гэсэн үг.

Энэ дагуу сценари явагдсан бол С.Эрдэнэ фракцуудад цөөн тооны суудал өгье гэсэн тохироо хийгээд явсан гэсэн үг. Түүний сценарийг задлах “зоригтон” одоогоор Ардчилсан намд байхгүй ч жижиг фракцууд амь тавихгүйн тулд янз бүрийн арга саам хэрэглэсэн гэх. Энэ нь зарим аймаг, дүүрэгт маргаан дагуулжээ. Товчхондоо, сонгуулийг дахин явуулна, онооны систем буруу байна, эсвэл дахин тоолно гэх маргаан гарсаар байгаа юм. Үүнийг С.Эрдэнэ дарга хэрхэн шийдэх бол, магад гомдогсдын арми хүрээгээ тэлж, ардчиллын төлөө гэх “Мэдэгдэл”-ийг удаа дараа гаргаж, намаа эв нэгдэлгүй мэт харагдуулах алхмыг хийсээр 2020 онтой золгож мэдэхээр байна.    

С.Баярцогт, Н.Алтанхуяггүй шинэчлэл  

Хууль бус дүрмээр дотоод сонгууль явуулж байна хэмээн Ардчилсан намын олон гишүүн хэлж, нэр дэвшихгүй гэх байр суурь илэрхийлсэн. “Алтангадас”, МоАН фракцын нэлээд төлөөлөл одоо явуулсан сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ. Тэгэхээр С.Эрдэнийн намдаа явуулж буй шинэчлэлийг дагаад маргаан, мэтгэлцээн ойрын гурван жилд тасрахгүй гэсэн үг. “Алтангадас” фракцаас Н.Алтанхуяг, Р.Гончигдорж МоАН-аас Ц.Оюунгэрэл гээд энэ нэрс цааш хөвөрнө. 

Ямартай ч Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр 511 хүн бүртгүүлснээс дөрвөн хүнийг хассаны нэг нь УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт. Тэрээр оффшор данстай байсан нь илэрч, хариуцлага хүлээж байсан. Ардчилсан намд оффшор данстай хүн байж болохгүй гэх утгатай хүсэлт нэгэн иргэн гаргасныг Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо хэлэлцэж нэр дэвшигчийг бүртгэлээс түдгэлзүүлэх “хачин” тогтоол гаргасан байна. 

Хачин гэдгээ тодотгоё. С.Баярцогт Ардчилсан нам 2012 онд олонхи болоход УИХ-ын дэд дарга болсон. Удалгүй оффшор данстай нь илэрч, тэрээр хариуцлагаа хүлээн УИХ-ын дэд даргын ажлаа өгч, сул гишүүн болоод байв. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гал тогоог хариуцуулахаар нам нь итгэл хүлээлгэсэн учир тэр ЗГХЭГ-ын даргын албыг жил гаруй хугацаанд хашсан билээ. Үүнээс нэг зүйл ойлгомжгүй байна. Хэрэв С.Баярцогтыг оффшор данстай гээд хүлээлгэсэн хариуцлага нь багадсан гэж Ардчилсан нам үзэж байсан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдын суудлаар “шагнах” байсан уу гэх асуулт гарч ирж байна. Дээрээс нь УИХ-д нэр дэвшүүлж байв. Энэ нь түүнийг оффшор данстай гэх асуудал дууссан учраас албан тушаалд зүтгүүлсэн гэж ойлгоход хүргэж байна. Гэтэл байдал өөрөөр эргэсэнд гайхах хүн олон. Учир шалтгаан нь Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт С.Эрдэнэ даргын туслахаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа дэвшсэнд байсан бололтой. 

Энэ талаар С.Эрдэнэ дарга “Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид Ардчилсан намын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа учраас хатуу хяналт тавьж ажиллана” гэх байр суурь илэрхийлсэн. Гэхдээ С.Баярцогт Сэлэнгэ аймгийн намын хорооны даргад бус Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд л нэрээ дэвшүүлсэн байна. 

Д.Үүрийнтуяа гэж хэн бэ  

Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргад Ц.Отгонбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Бадрах нар өрсөлдөж, Ц.Отгонбаатар ялалт байгуулжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4369 хүн Ардчилсан намын дотоод сонгуульд оролцож, саналаа өгснөөс Ц.Отгонбаатар 1759, Д.Үүрийнтуяа 1348, Д.Бадрах 1092 хүний санал авсан байна.

Д.Үүрийнтуяа нь С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үеэс хамтран ажиллаж ирсэн нэгэн аж. Түүнчлэн 2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах, 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж 2012 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж  өвдөг шороодож байжээ. Гэсэн 2012 онд нам нь олонхи болсон учир Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын дэд даргын албанд томилж, улмаар даргаар нь томилсон байна.  

Тэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын албаны даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан удаатай. Түүнчлэн 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан хэрэгт холбогдож байсан билээ. Энэ нь мөн л одоогийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн сонгуулийн маргаантай холбоотой. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Ардчилсан намын даргын сунгаа зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ үедээ мөн л тооллого дээр будлиантуулсан гэх маргаан гарч байсан ч тэгсхийгээд намжсан юм. Түүнийг С.Эрдэнийн, “Шонхор” фракцын хүн гэдэг яриа дээрх дурдсан зүйлүүдээс харахад оргүй биш бололтой. 

Ардчилсан нам улс төрийн шинэ соёл нутагшуулсан нам болох уу эсвэл задрах уу гэдэг ирмэгт тулж ирээд байна. Даарин дээр давс гэгчээр шинээр сонгогдсон дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдвал хариуцлага хүлээхгүй гээд зарлачихсан. Тэр Үндэсний бодлогын хороогоо багцалж чадсан бол 2020 он хүртэл намын даргын суудлаас буухгүй гэсэн үг. Иймийн учир Ардчилсан намын фракцуудын лидерүүд битүүхэн айдастай байна. Гэхдээ С.Эрдэнийн удирдсан баг зангидсан гар шиг байж, мөн тэр бусад фракцуудтайгаа учир зүйгээ олж чадвал Ардчилсан нам шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэнэ. Товчхондоо, тус намын зургийг хэрхэн зурах нь С.Эрдэнийн гарт байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Урьд нь 20жилийн өмнө Биднийг хуураад үхчихсэн нам байгуулчихсан байнсиймуу тэгээд

    0 0 Хариу бичих
  2. АН-ыг муухай харагдуулж буй олигархуудаас салж байгаа нь зөв. Авилгалын загалмайлсан эцгээ зайлуулж чадсан МАН сөнөчихөөгүй, харин ч 65- уулаа болоод болж л байна. АН зоригтой хөдлөхгүй бол угаасаа хэрэггүй шүү

    0 0 Хариу бичих
  3. Хуучин хүмүүс сонгуулиар орж ирсэнгүй гэх шүүмж цөөнгүй байна. Таихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг зарчим л цухалзаад байгаа нь тэр. Зарим нэг булхай хуйвалдаан гарсныг үгүйсгэж чадахгүй. Гэхдээ л гишүүд маань" таньдаг чөтгөр" -өөсөө уйдсан дүр зураг харагдаад байна. Зарим нэг чөтгөр нь бүр даварсаар шулам болсонтой л холбоотой байх. Мэдээж "хуучин танил" -ууд маань ротцоциар нөхөөд ороод ирэх боломж нээлттэй байгаа шүү дээ. Юу ч гэсэн шинэчлэгдэн орж ирсэн залуус хэрхэн ажиллахыг харзнах нь зөв гэж бодох юм. Миний л бодол шүү. Хэн нэгэн даргад тал засах шаардлага сонирхол байхгүй учир бодлоо хэллээ.

    1 0 Хариу бичих