EFF буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах уу...

Ц.Сонор


Монгол Улсын Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэх билээ. Харин өчигдөр болсон УИХ-ын чуулганаар уг асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж, нэлээд шүүмжилсэн.

Зарим гишүүдийн хэлж буйгаар Олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн зохих үүргийг биелүүлж,  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг сонгох хэмээж буй.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “ОУВС- аас 440 орчим сая ам.долларыг жилийн 2 хувиас ихгүй хүүгээр 10 жилийн хугацаатай авна. Валютын нөөц нэмэгдүүлэхэд ашиглана. Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай олгоно. 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна. Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.  Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна.Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Үүнийг 2018, 2019 онд авч ашиглана. 2016 онд 2.3 их наяд төгрөгийн зардал гаргасан  байсан, үүнийг төсөвт суулгаж албажуулах шаардлага гарсан учраас алдагдал өсөж байна” мэдэгдсэн билээ.

Мөн УИХ-ынгишүүнЛ.Оюун-Эрдэнэ "ОУВС-д хамрагдахаас өөр арга байхгүй. Бусад улс оронд өндөр орлоготой нь өндөр татвар төлдөг. Энэ байдлаа бид зөв ойлгуулах хэрэгтэй. Дэлхийн бүх улс энэ жишгээр явдаг. Тэгэж байж бид сургууль цэцэрлэг нэмж барина. Архи, тамхи гээд тансаг хэрэглээндээ татвар тавих нь зөв. Яг энэ гараандаа гарах гэж байхад Их хурал нь унагаах асуудал үүсгэж болохгүй" гэсэн юм.

EFF буюу Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр гэж юу вэ?

Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан хоёр төрлийн хөтөлбөрийг нийт таван удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Stend-By” хөтөлбөрийг 1991, 2009 онд хоёр удаа, “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд гурван удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилж байв. Ингэхдээ нийт авсан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Stend-By” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт болж байжээ.

“Extended fund facility” хөтөлбөр нь “Stend-By” хөтөлбөрөөс илүү урт хугацаатай байдгаараа онцлогтой юм. Дээд хугацаа нь дөрвөн жил хүртэл байдаг ч хөтөлбөрийн тэнцлийн хүндрэл гурван жилээс дээш хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгаа тохиолдолд эргэн төлөлтийг санхүүжит олгосон өдрөөс 4.5-10 жилийн хугацаатай сунгах боломжтой байдаг.

Ерөнхийдөө “Extended fund facility” бага орлогтой, хөгжлийн доод төвшинд яваа улсуудад зориулагдсан зээлийн хөтөлбөр. Улс орноос эдийн засгийн суурь шинэчлэлийг шаарддаг. Төлбөрийн дунд болон урт хугацааны тэнцвэрт байдлыг шийдвэрлэхэд тусална. Нөхцөлд нь нийгмийн халамжийг танах, уурхайн түүхий эдийн гаралтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг чөлөөлөх, ямар нэгэн татвар болоод, татварын бус худалдааны хориг, хязгаарлалтуудыг арилгах, үнэ чөлөөлөх санхүүгийн зах зээлийг чөлөөлөх, өмч хувьчлалыг бүрэн хийх зэрэг багтдаг. Хөтөлбөрт хамрагдсан улс сан болгон тайлангаа тавих бөгөөд ОУВС-аас гурван сард нэг удаа хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтын талаар тайлан гаргана. Үүн дээр үндэслэн дараагийн зээлийг олгох уу гэдэг нь шийдэгддэг.

EFF буюу Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсан олон улсын жишээ

Сүүлд Боснигийн эдийн засгийн шинэчлэлийг дэмжих зорилгоор эхний ээлжинд 612 сая ам.долларын зээл олгосон. Тус улс тавдугаар сард гурван жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдахаар тохиролцоод есдүгээр сард анхны санхүүжилтээ авсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОУВС эхний тайлангаа гаргахдаа шаардсан нөхцлийг биелүүлээгүй учир хоёрдахь зээл олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ хөтөлбөрт сүүлд Египет хамрагдаж, 12 тэрбум ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай авахаар болоод байна. Мөн Украйн улс анх Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч үр дүнд хүрээгүй болохоор өнгөрсөн жил Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр сольсон байдаг.

ОУВС-гаас манайд ямар нөхцөл тавьсан бэ?

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгоно гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Түүнчлэн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана. Төлбөрийн тэнцлийг сайруулан макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэж 8.1 хувь, инфляцийн түвшин 6.1-7.0 хувь болох юм.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. “Stend-By” хөтөлбөр анх 1991 онд МАХН засаглаж байхдаа авчээ. Нэг намын тогтолцооноос бүрэн салаагүй иргэд 1992 оны сонгуульд МАХН-д санлаа өгсөн, магадгүй дээрх хөтөлбөрийн мөнгийг ашигласан байж магадгүй. Энэ хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн сэргэлт ажиглагдаагүй байх. Тийм ч учраас “Extended fund facility” 1993 онд МАХН дахин авсан боловч үр дүн гараагүй тул 1996 онд ялагдсан. АХ эвсэл засаглах хугацаандаа 1997 онд “Extended fund facility” авсан болов 2000 онд ялагдсан. МАН толгойлуулсан стандарт бус ЗГ 2009 онд “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдсан боловч 2012 онд олонхи болж чадаагүй. Одоо 2017 онд МАН “Extended fund facility” авч буй боловч үр дүн гарахгүй Учир нь урьд 4 удаа авсан боловч нийгмийн халамжийн чиглэлээр мөнгө цацаж, иргэдийг бэлэнчлэх, албан тушаалтанг мөнгөний боол болгожээ. Хөтөлбөрийн хүрээнд хэдэн төгрөг авсан, хэдэн жилийн хугацаанд ямар хүү төлж дуусгасан, ямар зүйлийг санхүүжүүлсэн мэдээлэл ил болбол дүр зураг илүү тод харагдана.

    0 0 Хариу бичих